Сумитра Махажан: Монголыг дэмжих нь манай гадаад бодлогын нэг гол чиглэл

2016.04.20 Лхагва №045 /2076/

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад айлчилж буй Энэтхэг улсын парламентын доод танхим (Лок Сабха)-ын дарга Сумитра Махажаны айлчлал өчигдөр эхэллээ. Айлчлалын эхэнд УИХ, Энэтхэгийн парламентын доод танхим хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл бүрдэж байгаа ажээ. Үүний дараа айлчлал хоёр орны парламентын дарга нарын албан ёсны хэлэлцээгээр үргэлжилсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд “Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байна. Өнгөрсөн онд болсон Монгол Улс, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр Энэтхэг улсын Засгийн газрын тэргүүн анх удаагаа Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны найрсаг харилцааг олон салбарыг хамарсан шинэ төвшинд гаргасан онцлог үйл явдал болсон. Мөн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын чухал үр дүнгийн нэг болох БНЭУ-аас Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэг улсад энэ сарын сүүлчээр айлчлал хийхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн УИХ уг зээлийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцэж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоно” гэв.
Лок Сабхын дарга Сумитра Махажан Энэтхэг, Монгол хоёр улс олон арван жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн, түүхэн нийтлэг зүйл олонтой, өргөн уудам газар нутагтай орнууд. Тиймээс Энэтхэг Улс нь далайд гарцгүй Бутан, Балба, Монгол зэрэг орнуудыг дэмжихийг чухалчилдаг. Түүнчлэн Азид ардчиллын үлгэр дууриал болж байгаа Монгол Улсыг бүх талаар дэмжих нь манай гадаад бодлогын нэг гол чиглэл гэж үздэг юм. Монгол орон байгалийн асар их нөөц баялагтай. Харин Энэтхэг улс өндөр технологи бүхий хөгжилтэй орон. Иймээс хоёр орны энэ давуу талуудыг холбож чадвал хамтын ажиллагааны ихээхэн боломж, ирээдүй байна гэдгийг онцлов. 
Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын парламентын дарга нар Энэтхэг улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтэд оролцлоо. 
Мөн Энэтхэг улсын парламентын доод танхимын дарга  Сумитра Махажан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсанаас гадна Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнд бараалхлаа. Тэрээр манай улсад ийнхүү албан ёсны айлчлал хийж байгаагаас гадна энэ сарын 21, 22-нд болох АСЕМ-ын гишүүн орнуудын парламентын түншлэлийн уулзалтад оролцох юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.