Бие даагчид сонгогдсон тойрогтоо нэр дэвших болзолтойгоор МАН-д элсчээ

2016.04.20 Лхагва №045 /2076/

МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд МАН-д буцаж элсэх болсон шалтгаанаа тайлбарласан юм. Бие даагч гишүүд дахин бие дааж нэр дэвших эсэхээ тодорхой болгох зорилгоор судалгаа хийсэн юм байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн 70 гаруй хувь нь бие даагчид шийдвэр гаргах төвшинд цөөдөж байна. Тиймээс дахин бие даан нэр дэвших шаардлагагүй. 20 гаруй хувь нь дахин бие даах хэрэгтэй гэсэн санал өгчээ. Мөн МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт тэднийг намдаа урьсан албан бичиг илгээжээ. Тиймээс МАН-д элсэхээр шийдсэн байна. Энэ бүх шалтгаанаа тайлбарласан Ц.Даваасүрэн гишүүн “Бид бялуу хуваалцах гэж МАН-д элсээгүй. Тодорхой саналтайгаар нэгдэж байгаа. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, намын жагсаалтыг байхгүй болгоход нэгдмэл байр суурьтай байя. Ард иргэдийн хамгийн дургүй байгаа зүйл бол намын жагсаалт. Цэц дээр шийдвэр гарчих юм бол бид дэмжинэ гэж тохиролцсон. Бас хэн нь өр их тавьсан бэ гэж цэц булаалдахын оронд энэ өрийг яаж төлөх вэ гэдэг гарцыг хайх санал гаргасан. Өөрөөр хэлбэл, өр төлөх схемээ тодорхой болгоё, сан байгуулъя гэдэгт санал нэгдсэн. Гуравдугаарт, ямар загвараар хөгжиж, эдийн засгийн хямралын ард гарах вэ гэдэг дээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн орон байх загварыг санал болгосон. Улмаар “Монгол мал” хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлье гэдэг дээр санал нэгдсэн. Энэ хүрээнд Халх голыг хөдөө аж ахуйн органик бүс болгож хөгжүүлнэ. Чөлөөт бүсийн статусыг нь байхгүй болгох дээр нэгдмэл байр суурь илэрхийлнэ гэсэн үг. Мөн орон сууцжуулах хөтөлбөрийг орон нутагт түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэх юм бол төвлөрөл саарна. Бидний энэ саналуудыг мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа. Түүнчлэн биднийг удирдлагын төвшинд оруулж ажиллахаар болсон. Ингэснээр бидний ярьж хэлдэг зүйлс бодлогын төвшинд хэрэгжинэ. Бидний үзэл бодол, байр суурьт ямар ч өөрчлөлт гарахгүй гэсэн үг” гэлээ. 
-Та хоёр удахгүй  болох сонгуулиар өмнө нь сонгогдсон тойрогтоо нэр дэвших үү?
Ц.ДАВААСҮРЭН:
-Тийм. Хуучин тойрогтоо нэр дэвшинэ. 
-Ирэх долоо хоногоос бүлгийнхээ хуралд суух уу?
Ц.ДАВААСҮРЭН:
-Тэгнэ. Одооноос бүлэгтээ нэгдээд ажиллана.
-МАН-ын удирдлагын төвшинд орж ажиллана гэдэг нь Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаа хэлж байгаа юм уу?
Ц.ДАВААСҮРЭН:
-Тийм. Биднийг дэмжиж байгаа хүмүүсийн эрх ашгийг бодолцох ёстой гэдэг агуулгаар Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмж оруулсан. 
-Г.Уянга гишүүн даргаар нь сонгогдсон Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас та хоёрт санал тавьсан уу?
Ц.ДАВААСҮРЭН:
-Тавьсан. Хэрэгжүүлэх арга зам нь л өөр болохоос бид төрөө засах гэсэн нэг л зорилготой ш дээ. Хамгийн гол нь УИХ-ын сонгууль аймаг,  ИТХ-ын сонгуультай хамт болно. Ийм тохиолдолд шинээр байгуулагдсан нам сонгуулиар орон нутагт ажиллах боломжгүй. Хугацаа тулчихсан учраас бүр ч боломжгүй байсан. Г.Уянга бид нар бүр өмнө нь Нэгдмэл Монгол, Бие даагчдын нам зэрэг нам байгуулахаар ажилласан боловч Дээд шүүх бүртгэхээс татгалзсан.
Х.БОЛОРЧУЛУУН: -Г.Уянга гишүүн бид хоёртой хэд хэдэн удаа уулзаж “Манай намд элсээч” гэж санал тавьсан. Гэвч намыг нь ямар хүмүүс бүрдүүлж байгаа, сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцох зэрэг нь тодорхой бус байсан. Харин МАН “Бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх гэж байна. Манай мөрийн хөтөлбөрт санал бодлоо тусгаж нэгдээч. Хамтарч ажиллахыг урьж байна” гэж албан ёсоор хүсэлт ирүүлсэн юм.
-Та хоёр өмнө нь МАН-д байсан. МАН тухайн үеийнхээсээ хэр зэрэг өөрчлөгдсөн гэж үзэж байгаа юм бэ?
Ц.ДАВААСҮРЭН:
-Их залуужсан байна лээ. Шинэчлэл явагдсан юм байна гэж харсан. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь шинэчлэлийн нэг алхам. Оюутолгойг хамгаалдаг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн шүү дээ. Биднийг удирдлагын төвшиндөө оруулаад хамтарч ажиллая гэж байгаагаас нь харахад их өөрчлөгдсөн байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.