“Анхны алхам”-ын буриад Базар буюу гавьяат жүжигчин С.Цэрэндаш

2016.04.20 Лхагва №045 /2076/

Г.Сонинбаяр 

Хадлангийн салаанд дадлагаар ирсэн оюутан охиныг хараад “Уухай, практик гэдэгмнэй бидэндээ заах юм болж байна гүү. Аль биднээр заалгах юм болж байна гүү” хэмээн мушилзаж суудаг буриад өвгөний дүр үе үеийн үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлджээ. Бидонтой нэрмэлийн дээжийг ил галд өргөн дүрсхийлгээд “”Шанга л гараа байна даа, бурхан үз” гэж ирээд таатай нь аргагүй уруулаа шилэмдэн инээж байдаг тэр л  дүр. Мядагийн барьсан өвсийг хараад “Саргас гээшив” гээд аанай л өнөө ёжтой инээдээ нүүрэндээ тодруулсаар цааш алхдаг тэр кадр. Базар хэмээх буриад өвгөний энэ дүр  “Анхны алхам” киноны гол шигтгээ юм. Тэрхүү шигтгээг урлагч нь Монгол Улсын гавьяат жүжигчин Сандагийн Цэрэндаш билээ. 
-“Анхны алхам” кинон дээр аав минь байгаагаараа тоглосон. “Мядааг, жолоогоо  тавь, жолоогоо тавь” гээд гүйдэг хэсэг бий дээ. Яг л аавын минь дүр тэнд харагддаг. Ерөөсөө л тэр кинон дээрх шигээ л хүн байсан даа, хөөрхий хэмээн С.Цэрэндаш гуайн охин Лхамсүрэн хуучлав. Базар өвгөн бол дуу цөөтэй, хааяахан дуугарахдаа ёжтойхон үг унагах хээгүйхэн сайхан буриад өвгөн. Ажил хөдөлмөрийн төлөө төрсөн гэмээр махруу, бас цайлган сайхан сэтгэлтэй тийм л нэгэн цөлх хүний дүр. “Анхны алхам” кино дэлгэцнээ гарсан даруйд “Үнэн” сонинд нийтлэгдсэн шүүмжид “БНМАУ-ын гавьяат жүжигчин С.Цэрэндашийн бүтээсэн Базар өвгөний дүр бол цагаан сэтгэлтэй, ажилд гүжирмэг, хүнийг нүүрэн дээр нь магтаж өөгшүүлдэггүй, “магтаал хэзээ ч оройтдоггүй” гэсэн үзлээ барьсан жирийн малчин өвгөний тод дүр болжээ” хэмээн үнэлсэн байдаг. Гавьяат жүжигчин С.Цэрэндаш агсан дэлгэцнээ цөөхөн дүр бүтээсэн ч бүгд хүний сэтгэлд амьдарсаар байдагт түүний ур чадварын нууц оршино. “Төөрсөөр төрөлдөө” кинонд түүний бүтээсэн Ло ван бол гол дүр Балтыг тодотгож өгсөн сайн дүр. Мөн тэрээр “Бидэнд юу саад болж байна” киноны Суурь дарга, “Үер” киноны ламын дүрийг бүтээсэн. Дэлгэцнээ мөнхөрсөн эдгээр дүрүүдийг бүтээхээсээ өмнө буюу 1953 онд тэрээр БНМАУ-ын гавьяат жүжигчин цолыг хүртсэн ажээ. Тэгэхээр гавьяатын зангаргаар дэлгэцийн дүрүүдээ “урласан”  гэсэн үг. С.Цэрэндаш агсан 1946-1948 онд Улаанбаатар хотноо уран сайхны сургуульд суралцан, улмаар курсийнхээ орлогч даргаар ажиллаж байв. Ингээд төрөлх нутаг Дорнод аймагтаа эргэн очиж аймгийнхаа театрт жүжигчин, найруулагчаар ажиллажээ. Энэ үедээ тэрээр үндэсний болон дэлхийн сонгодог 80 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг чадварлаг бүтээснээр тавхан жилийн дараа гавьяат жүжигчин хэмээх алдрыг хүртэж алтан таван хошуу энгэртээ гялалзуулсан байна. Театрын тайзнаа ийнхүү гялалзсан идэрхэн гавьяат хожим нь дэлгэцнээ эгэл сайхан баавайн дүрээр мөнхөрсөн билээ.
      
Ихэр заяа, салгуу тавилан
С.Цэрэндаш агсан тухайн үеийн ЗХУ-ын Буриадын АССР-ийн Ага нутагт Дульдаргын районы Тарвагатай гэдэг газар 1913 онд төржээ. Тэрээр ихрийн өрөөсөн. Ээж нь нялхад нь нас барснаар ихэр хүү, охин хоёрыг салгуу тавилан угтсан байна. Цэрэндаш хүүг ээжийнх нь дүү, харин эгчийг нь ээжийнх нь эгч өргөн авч өсгөжээ. Тэгж байтал цаг төрж үймж, Цэрэндашийг өргөж авсан нагац эгч нь гэр бүлийнхээ хамтаар 1922 онд Монголд нүүн ирсэн байна. Харин эгч нь ЗХУ-д Ага нутагтаа үлджээ. Ийнхүү ихэр эгч дүүс хоёр өөр айл, хоёр улсад тусгаарлагдсан байна.  Гэвч хожим нь тэрээр зулай зулайгаа гишгэн төрсөн ихэр эгчтэйгээ уулзаж учран сэтгэлээ дэвтээжээ. Эдүгээ түүний охин Лхамсүрэн гуай ОХУ-ын Буриад улсад очиж өвөг дээдсийнхээ уугуул нутаг Агад суугаа үеэл дүүстэйгээ жил бүр уулздаг ажээ.   
Монголд ирж Дорнод аймгийн Баяндун суманд суурьшсан нагац эгчийнхээ гар дээр өсч торнин эрийн цээнд хүрсэн С.Цэрэндаш 1934 онд цэргийн албанд мордов. Цэргийн ерөнхий сургуульд цэрэг, сурагч, салаа, суман, дивизийн даргаар яг 11 жил ажиллаад халагдсан байна. Ингээд аймгийнхаа клубын даргаар нэг жил ажиллан урлагийн амьдралаа эхэлжээ. С.Цэрэндаш гуайг цэрэгт дивиз командалж байхдаа тун  хатуу дарга байсан  хэмээн түүний цэрэг байсан буурлууд хожим  дурсдаг байсан гэдэг. Цэргийн албанд зүтгэж хатуужил, зориг тэвчээр бүхнийг биедээ шингээсэн идэрхэн эр аймгийнхаа наадамд барилдан начин цол хүртэж ч явж. Мөн тун сайхан дуулдаг байсан гэдэг. Нэг удаа төрөлх Баяндун сумандаа очоод айлын найран дээр дуулахад нь нутгийнхан “Ямар гоё дуулдаг хүн гээшив” хэмээн гайхан биширч байсан ажээ.

Аавын эрх охин арван хүүхдийн ижий болжээ 
Цэрэндашийн Лхамсүрэн гуай эдүгээ 80 насны босго давжээ. Айлын ганц охин учир эрх танхи өссөн гэнэ. Аавыгаа хаана л явна дагаж явдаг тийм л эрх охин байж. Бүр айлын гэргий, хүүхдүүдийн ээж болсон хойноо ч гэсэн аавыгаа дагаад л явдаг байсан даа хэмээн Лхамсүрэн гуай хуучлах. Ийн хэлсний учир нь С.Цэрэндаш  гавьяат Улаанбаатарт найруулагчийн курст суралцахаар болж хэсэг хугацаанд нийслэлд төвхнөхөд хүрчээ. Аавын эрх охины хувиар Лхамсүрэн гуай нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Дорнодоос мөн л нүүн ирсэн гэнэ. Ингээд хэсэг хугацаанд хотын айл болж, нэгдүгээр эмнэлгийн дэргэд байсан нүдний эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан тухайгаа Лхамсүрэн гуай хуучлав. С.Цэрэндаш гуай курсээ  дүүргээд нутаг буцахад охин нь нөхөр, хүүхдээ аваад Дорноддоо эргэн очжээ. “Тэрнээс хойш аавыгаа дагахаа больсон доо, олон хүүхэдтэй болоод...” хэмээн өгүүлээд Лхамсүрэн гуай хангай шиг сайхан аавынхаа дэргэд аз жаргалтай байсан хагас зууны тэртээх өдрүүдээ санах мэт нүдээ анин хэсэг бодлогоширов. Нүдээ нээх л юм бол тэр сайхан дурсамжууд нь хоромхон зуур алга болчих гээд байгаа байх даа гэмээр. 
С.Цэрэндаш  гуай насны  наран  хэвийсэн хойноо л кинонд тоглож, дэлгэцнээ дүрээ мөнхөлсөн билээ. Тэрээр хот руу кино зурганд яваад нутаг буцахдаа их л баяр хөөртэй, хөгжилтэй, сэтгэл дүүрэн очдог байж. Мөн кинонд хамт тоглосон жүжигчид, найз нөхөд нь Дорнодод олонтаа  очно. Тэр бүрт С.Цэрэндаш гуай хөл газар хүрэхгүй баярлана. Киноныхон маань ирнэ гээд л идээ, ундаа зэхээд хөл хөөр болно. Лхамсүрэн гуай Дорнод аймгийн түргэн тусламжийн төвд насаараа ажиллаж, түргэний тэрэг барьсан ажээ. Нэг удаа аавынх нь найзууд, жүжигчид хотоос ирлээ гэсэн сургаар тэрээр дуудлаганд явах завсраа амжаад зочид буудалд очжээ. Ингээд нөгөө зочдыг танихгүй тул өөрсдөөс нь “Манай аавын найзууд байна уу” хэмээн асууж инээд наргиан болж байсан гэнэ. Айлын ганц, аавын эрх охин насаараа түргэний тэрэгний жолоо мушгиад 1980 онд өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Цэрэндашийнх хэмээх айлын голомтыг бадрааж 10 сайхан зээгээр удмыг нь залгасандаа Лхамсүрэн гуай сэтгэл өндөр байдаг ажээ. Эднийх гурван охин, долоон хүүтэй. Зээ нараас нь өвөөгийнхөө мэргэжлийг өвлөсөн хүн одоогоор гараагүй байгаа гэнэ. Гэхдээ Лхамсүрэн гуайн хоёр охин нь урлагийн сургууль төгссөн мэргэжлийн хөгжимчид. Том хүргэн нь рок, попынхон дундаа том Жагаа хэмээгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Гончигийн Жаргалсайхан юм байна. “Манайхан дотор ийм л гурван урлагийн хүн бий  дээ. Бусад нь өөр мэргэжил хөөсөн” хэмээн Лхамсүрэн гуай өгүүлсэн юм.

“Нямын Цэгмид гуай аавд минь их тус болсон”
С.Цэрэндаш гуайн багш нь Монгол Улсын ардын жүжигчин Н.Цэгмид, Д.Ичинхорлоо нар. Тайз, дэлгэцийн энэ хоёр агуу зүтгэлтэн, ардын жүжигчдийн эрдэм, ухаанаас өвлөж, өөрийн авьяас билгийг хурцалсан хүн бол яах аргагүй С.Цэрэндаш гавьяат. Үүнийгээ ч тэрээр “Анхны алхам” киногоороо харуулсан. Нямын Цэгмид багштайгаа хамт уг кинонд тоглож Базар, Балдан хэмээх хоёр сайхан өвгөний дүрийг бүтээцгээсэн билээ. Нэрмэлд жаахан халамцаад хүд хүд инээж суудаг, улаан хоормог эргэсэн үертэй голын цаана байгаа морьдоо барьж чадахгүй өдрийн ажил алдах болсондоо бухимдах зөрүүдхэн буриад өвгөн Базар, ангийн хорхойтой, басхүү тарагны нэрмэл тамшаалан суух дуртай хашир өвгөн Балдан хоёр цаанаа л нэг “амттай” дүрүүд. Ер нь “Анхны алхам” киноны дүр сонголт тун оновчтой, найруулагч нь жүжигчидтэйгээ сайн ажилласан гэж үнэлэгддэг. Энэ бол тухайн үеийн залуу найруулагч, эдүгээгийн ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн  диплом хамгаалах бүтээл, анх найруулсан кино нь байсан бол  гол дүрд тоглосон жүжигчин Б.Цэцэгбалжид, Ч.Хүрэл нарын хувьд оюутан байхдаа уг кинонд тоглож мөн анхны дүрээ бүтээж байсан гэдэг. Хадлангийн бригадын дарга Доржийн дүрийг бүтээсэн Дорнод аймгийн драмын театрын авьяаслаг жүжигчин Д.Дондог ч кинонд анх тоглосон нь тэр байв. 
“Анхны алхам” киноныхны нэлээд нь ийнхүү уран бүтээлдээ ч анхны алхмаа амжилттай хийжээ. Тус кино багийнхан амьдрал дээр ч бие биедээ түшиг тулгуур болж явсан гэдэг. 
Ардын жүжигчин Н.Цэгмид багш нь С.Цэрэндаш гавьяатын амьдралд олон удаа  тус хүргэж, үргэлж түшиг тулгуур болж явсныг Лхамсүрэн гуай эдүгээ дурсаж сууна. С.Цэрэндаш гуайн бие чилээрхэн Дорнодоос ирж Н.Цэгмид гуайнд нэг хэсэг байсан гэнэ. Н.Цэгмид гуайн гэргий Банзрагч мөн л киноны хүн. Тиймээс киноны уран бүтээлчдэдээ их элэгтэй. С.Цэрэндаш гуайг өөрийн ах дүү шиг асарч тойлж байсан хоёр бууралд Лхамсүрэн гуай баярлаж явдаг ажээ. Аавыгаа бурханы оронд одсоноос хойш ч тэрээр Н.Цэгмид гуайтай байнга уулздаг, Санзай дахь гэртээ аваачиж цайлж хүндэтгэл үзүүлдэг байсан гэнэ. “Анхны алхам”-ынхан амьдрал, уран бүтээл аль алинд амь нэг явсны өөр нэг жишээ нь Мядаг буюу Б.Цэцэгбалжидтай холбоотой. С.Цэрэндаш гуай амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд бие тун чилээрхүү эмнэлэгт байхдаа Б.Цэцэгбалжидтай уулзах гэж их хүлээсэн гэдэг. Тухайн үед хөдөө бригадаар яваад эзгүй байсан Б.Цэцэгбалжид  хотод ирмэгцээ л буриад Базар өвөө  дээрээ гүйж очжээ. Харамсалтай нь С.Цэрэндаш гуай үг хэлж чадахаа больсон байв. Гэвч харцаараа “Анхны алхам”-ын Мядаг охиндоо нэг л дулаахан сайхан үг хэлэх шиг болж, бас сэтгэл нь амарсан байдалтай байжээ. Аавыгаа сахиж байсан Лхамсүрэн гуай тулгамдаж сандарсан Б.Цэцэгбалжид жүжигчнийг тайвшруулан “Аав минь чамайг сайн жүжигчин болоорой гэж байна” хэмээн хэлсэн гэдэг. Мядагтайгаа уулзсанаас хойш хэдхэн цагийн дараа дэлгэцнээ гэгээн сайхан дүрээ үлдээсэн буриад Базар өвгөн бурхан болжээ.
С.Цэрэндаш гуай олон биш ч гэлээ хэдэн сайхан шавьтай байжээ. Тухайлбал, Дорнодын театрт ажиллаж байгаад хожим ДБЭТ-т дуучин болж ирсэн Балдорж гэж дуучин, жүжигчин түүний шавь нь байв. Мөн Дорнодын театрт тавигдсан Ж.Лодойн “Хурим” жүжигт чадварлаг тоглосон Баян-Уул сумын уугуул Цэндмаа гэж бүсгүйг тэрээр шавиа гэдэг байв. “Анхны алхам”-д хамт тоглосон Д.Дондогоос эхлээд Дорнодын театрын Б.Доржготов, Ц.Доржготов зэрэг жүжигчидтэйгээ аав минь их дотно сайхан үерхдэг байсан даа хэмээн Лхамсүрэн гуай өгүүлсэн. “Аав минь их л  томоотой, төв хүн байсан даа. Барагтай юманд хөдлөөд байхгүй. Уурлаж уцаарлахгүй. Дорнодын театрынхан бүгд мэднэ. Аавд минь бүгд л их сайн. Урлагийн хүмүүс юм болохоор хааяа жаахан дарс хүртэцгээнэ. Манайд л голцуу ирнэ. Ээж минь тэднийг сайхан хүлээж авч чадлаараа л дайлдаг байсан даа” хэмээн тэрээр хуучиллаа. 
Арванзургаахан настай байхад нь авч суусан ханиа насны даваан дээр алдчихаад харуусч суусан гунигтай өдөр С.Цэрэндаш гуайд байж. “Сайхан ханиа алдчихаад би амьд явах хэрэг байгаа юм уу даа” ч гэж нэгэнтээ  хэлж байж. Гэвч тэрээр “Ерөөсөө больё. Муу охиноо зовоох нь” гэж хэлээд л дахин ийм үг амнаасаа унагаагүй гэдэг. Харин дотроо бол эмтэрч, сэмэрч, бор дарс жаахан балгадаг болжээ. Нэг л мэдэхэд зээ нар нь өсч өндийн “Анхны алхам”-ын Базар баавай ёстой л нэг үртэй хүн жаргаж, үндэстэй мод цэцэглэнэ гэдэг болж. Тэрээр зээ нараа эрхлүүлнэ, хөдөө гадаа хаана л бол дагуулж явдаг байв. Одоо өвөөгийнх нь тоглосон кинонууд гарах бүрт зээ нар нь бөөн баяр болно. Лхамсүрэн гуай руу утастаж “Өвөөгийн тоглосон кино гарч байна” хэмээн заавал хэл дуулгадаг байна. 
Дэлгэцнээ мөнх амьдрах Базар өвгөнийг эргэн дурсахад ийм. “Магтаал хэзээ ч оройтдоггүй” гэдгийг Базар өвгөн “Анхны алхам” кинонд үгээр биш үйлдлээрээ харуулдаг. Харин эдүгээ энэ үгийг түүнд өөрт нь хүндэтгэн зориулахыг хүснэм. Монгол Улсын гавьяат жүжигчин Сандагийн Цэрэндаш хэмээх эгэлгүй авьяастныг хагас зууны хойно эргэн дурсахад магтаал хэзээ ч оройтдоггүйг, сайхан хүний орон зай дурсахуй, хайрлахуйн шалтаг дүүрэн байдгийг ухаарнам.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.