Хятадуудын сэдсэн “Шинэ Торгоны зам”-ын нэр хүнд украинчуудын амбийцаас болж унав

2016.04.20 Лхагва №045 /2076/

Х.БАТСАЙХАН

БНХАУ-ын удирдагч Си Зиньпиний санаачилсан хамгийн чухал төслийн нэг нь “Шинэ Торгоны зам” билээ. БНХАУ хөрөнгө оруулалтыг нь шийдэж, дайрч өнгөрсөн улс болгон нь ашиг хонжоо хүртэх энэ төсөл анх гарсан цагаас хойш Дундад, болон төв Азийн орнууд газар нутгаа ашиглуулахад бэлэн байгаагаа ил тод зарлаж, нэг ёсондоо төсөл амжилттай хэрэгжих “ногоон гэрэл”-ийг асааж өгсөн гэж хэлж болно. Гэтэл хийж бүтээх сэтгэлтэй олны дунд “баг алаач” гарч иржээ. Си даргын “Шинэ Торгоны зам”-ын нэгэн салаа украинчуудын амбийцаас болоод тасалдаж, гацаанд орж байгаа талаар хойд хөршийн “Версия” сонин мэдээлсэн байна. 
Орчин цагийн "Торгоны зам" олон салаатай. Тэдний нэг нь БНХАУ-аас Казахстан орж, тэндээсээ Каспийн тэнгис, Хар тэнгисийг гатлан Азербайжан, Гүржээр дамжиж Украинд хүрдэг. Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Европ руу цутгах хамгийн “гол судас” ч байж мэдэх энэ маршрут цаашид ашиглагдах эсэх нь одоо болтол тодорхойгүй байна.   
Торгоны замын салаа дайрч өнгөрч буй, дээр нэр дурдагдсан улсууд бичиг цаас, яриа хэлэлцээрийнхээ ажлыг бараг хоёр жил сунжруулсны эцэст өнгөрсөн оны сүүлээр тохиролцоонд хүрч, нэгдүгээр сарын дундуур Ильичёвск-БНХАУ чиглэлд туршилтын галт тэргийг аялуулсан юм байна. 20 чингэлэг ачсан 10 галт тэрэгнээс бүрдсэн цувааг Одесс хотын захирагч М.Саакашвили, Украины Ерөнхий сайдын орлогч Геннадий Зубко тэргүүтэй томчууд цэцэг, үлээвэр хөгжимтэй гаргаж өгсөн гэнэ. Сэтгэл нь хөөрсөн М.Саакашвили “Төслийг анх эхлүүлж байхад биднийг хийж чадна гэдэгт эргэлзэх хүн олон байсан. Гэсэн ч бид чадна гэдгээ харууллаа. Өнөөдөр үнэт металл ачсан галт тэрэгнүүд туршилтын аяллаа хийхээр замдаа гарч байна. Эдгээр галт тэрэгний зарим нь Гүржид үлдэж, бусад нь БНХАУ-д хүрнэ. Тэнд очоод зохих эзэддээ очсоны дараа бидэнд хэрэгтэй чухал хэрэгцээт  бараа бүтээгдэхүүнээр дүүрэн буцаж ирэх болно” хэмээн ярьж байжээ. Гэтэл гуравдугаар сарын 15-нд ирэх ёстой байсан галт тэрэг эргэж ирсэнгүй. Сураг сонсох нь ээ Достык өртөөн дээр гацжээ. Хэргийн учир нь, украинчууд ард иргэддээ таалагдахын тулд ашигт малтмал пиг дүүрэн чихсэн чингэлэг биш, хоосон чингэлгүүдийг гаднаас нь харуулж байгаад алсын замд үдчихсэн юм байна.  
Эрх баригчид ингээд л таг болж. Гэвч ард түмэн мартана гэж үү. Ард түмэн галт тэрэг хэзээ эргэж ирэхийг асууж эхлэхэд нэг дарга “Гуравдугаар сарын 15-нд ирчихнэ” гэж хариулжээ. Ингээд дахиад бүтэн сар таг чиг болсны эцэст тээвэр зуучийн бизнес эрхэлдэг  “Zammler” компани хамгийн бодитой тайлбарыг өгчээ. Галт тэргэнд ачсан чингэлгүүд хоосон байж. Өөрөөр хэлбэл, ачааг захиалсан хүн байхгүй. БНХАУ Украинаас галт тэрэг, ачаа бараа хүлээгээгүй гэсэн үг. Тиймээс галт тэргийг замд нь зогсоосон гэжээ.  Ингээд ачаа бараа дүүрэн чингэлгүүд буцаж ирнэ гэсэн найдлага талаар боллоо. Ард иргэд удирдагчдаа худалчаар нь дуудан зүхэж эхлэв. Тэгмэгц шинэ маршрут бараг хэрэггүй гэсэн мэдэгдэл хийж, шооконд орсон иргэдээ бүрмөсөн алмайруулсан байна.  
Украины сангийн сайд асан Александр Клименко харин төсөл бүтэлгүйтсэн гол шалтгааныг фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд арай ойлгомжтой  тайлбарласан юм. Тэрээр “Эрх баригчид цувааг 11-12 хоногт л зорьсон газраа хүрнэ гэсэн. Гэтэл амьдрал дээр 15.5 хонож байж БНХАУ-ын хил дээр очсон. Хятад руу ОХУ-аар дамжуулж ачаа зөөхөд 7-8 л хоногдог шүү дээ. Төсөл нурсан бас нэг шалтгаан нь үнэтэй холбоотой. Нэг чингэлэг ачааг ОХУ-аар дамжуулж зөөхөд 5.5 мянган ам.долларын зардал гардаг. Гэтэл шинэ замаар зөөхөд 7.1 мянган ам.долларын зардалтай. Тэгэхээр хэн тэр замаар ачаа зөөх вэ” хэмээн асуусан байна. ОХУ-аас л хамааралгүй байвал болох юм шиг ойворгон хандсанаас ийм байдалд хүрчээ. Украинд ийнхүү будилж байхад  БНХАУ-аас бараа ачсан өөр нэг галт тэрэгний цуваа Гүржид орж ирсэн байна. Уг цуваа транс Ази, транс Кавзказын эдийн засгийн хонгилоор дамжин Турк, цаашлаад Европын холбоо орох маршруттай байлаа. Далайн тээврээр 40 гаруй хонож байж импорт, экспорт хийдэг байснаа 8-10 хоног болгож багасгасандаа Гүрж улс сэтгэл хангалуун байлаа. Турк ч БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн богино хугацаанд авах боломжоор хангагдсан байна. Эд бол "Торгоны зам" төслийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлсэн улсууд. Харин Украинчуудын урагшгүй үйлдлээс болоод “Торгоны зам улс бүрт ашигтай биш юм байна” гэсэн ойлголт үүсчээ.      


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.