Оросууд сүр хүчээ гайхуулав уу

2016.04.20 Лхагва №045 /2076/

Цэргийн хоёр хүчирхэг гүрний хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах шахсан нь өчигдөр олон нитэд ил боллоо. Умард Атлантын цэргийн эвслийн тэнгисийн цэрэг өнгөрсөн долоо хоногт Балтийн тэнгист цэргийн сургууль хийсэн юм байна. Энэ үеэр ОХУ-ын сөнөөгч онгоцууд АНУ-ын байлдааны хөлөг онгоцтой хэт ойр буюу 30 метрийн зайтай нисч өнгөрчээ. Сөнөөгч онгоцууд огт харагдахгүй байж байгаад усан дороос ургав уу гэмээр гэнэт гарч ирмэгцээ агшин зуур холдон одож буй бичлэг нь интернэтэд тавигджээ. 
АНУ энэ асуудал дээр байр сууриа илэрхийлсэн бол ОХУ ямар ч тайлбар хийгээгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын энэ үйлдлийг эрс буруушаагаад “Оросын онгоцуудыг сөнөөх эрх бидэнд бүрэн байсан” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. ЗХУ-ын үед алдарт “Миг” онгоцны нисгэгчид АНУ-ын сөнөөгч онгоцуудыг туршилтын нислэг хийх үед нь ард, урд нь гэнэт гарч ирснээ нүд ирмэх зуурт алга болж, сүр хүчээ үзүүлдэг байсан гэдэг. Дөрөвдүгээр сарын 11, 12-нд Балтийн тэнгис дээр тийм л зүйл болсон бололтой. Умард Атлантын цэргийн эвслийн удирдлагуудын мэдээлж байгаагаар бол дөрөвдүгээр сарын 11-ний даваа гаригт ОХУ-ын бөмбөгдөгч онгоцууд АНУ-ын байлдааны хөлөг онгоцны дээгүүр доод тал нь 20 удаа нисч өнгөрсөн гэнэ. Маргааш нь "Су-24" маркийн хоёр сөнөөгч онгоц “Дональд Кук” байлдааны хөлгийн дээгүүр 30 метрийн зайтай нисч өнгөрснөөс гадна “Ка-27” загварын байлдааны нисдэг тэрэг ойртож иржээ. Ингэхдээ “Су 24” маркийн нэг сөнөөгч онгоц нь усны гадаргатай маш ойрхон нисч байснаа огцом өндрөө авч ниссэн нь Умард Атлантын цэргийн эвслийн удирдлагуудыг сандаргасан байна. Эвслээс гаргасан албан ёсны мэдэгдэлд орос нисгэгчдийн энэхүү үйлдлийг өдөөн хатгалга гэхээсээ илүү саваагүй үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд ингэж байж осол эндэгдэл гарвал хоёр улсын харилцаанд нөхөж болшгүй гарз учрах магадлалтайг сануулжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.