Алтнаас бусад ашигт малтмалын үнэ сэргэх магадлал бага байна

2016.04.20 Лхагва №045 /2076/

Х.БАТСАЙХАН

Монгол Улсын төсвийн нийт орлогын 15 хувь буюу ойролцоогоор нэг их наяд төгрөг уул уурхайн салбараас орж ирдэг. Гэхдээ биелэлт нь дэлхийн зах зээл дээр үнэ ханш ямар байхаас шууд шалтгаалдаг гэдгийг бүгд мэдэж байгаа. Тодруулбал, биднээс хамаардаггүй бөгөөд үнийг оновчтой тооцох нь төр, засгийн зүгээс авч чадах хамгийн дээд арга хэмжээ байдаг. Тэгвэл  2016 оны төсөвт үнийг хэр зэрэг бодитой тооцсон бол. “АЭ” манай улсын экспортын орлогын гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн мэдээллийг дэлхийн шилдэг эдийн засагчдын дэвшүүлсэн цаашид хэрхэх талаархи таамаглалтай хамтатган хүргэж байна.  
Монгол Улс 2015 онд экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, алт, зэсийн үнийг хэт өндөр тооцсоноосоо болоод төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгөөр тасарч, тодотгол хийхэд хүрсэн билээ. Энэ онд өмнөх алдаагаа давтахаас сэргийлэн харьцангуй багаар тооцсон ч зах зээлийн ханш төлөвлөсөн хэмжээнээс доогуур хэвээр байна.  
УИХ 2016 оны төсвийг батлахдаа экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсний үнийг 5268.7, нүүрсийг ангиллаас нь хамаарч 32.8-54.8, унци алтыг 1156 ам.доллар байхаар тооцсон. Тэгвэл он гарсаар алтнаас бусдынх нь ханш төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй. 
Лондоны металлын бирж дээр оны эхэнд 4400 ам.доллар байсан зэсийн ханш гуравдугаар сарын эхний гурван долоо хоногт бага зэрэг өгсч 5000-д хүрснийг (дээд тал нь III.20-нд 5100) эс тооцвол ерөнхийдөө 4500-4700-д хэлбэлзсээр өдийг хүрлээ. Тодруулбал, экспортолсон тонн зэс тутамд төсөв 500-600 ам.долларын алдагдал хүлээж байна. Нүүрсний тухайд ч  2016 онд 34.8 ам.доллараас эхлүүлж, түүнээс хойш 40 орчим ам.долларт хэлбэлзжээ.  
Энэ жил хамгийн өөдрөг, цаашид ч өсөх төсөөлөлтэй нь алт л байна. 1156 ам.доллар байхаар тооцсон алтны үнэ он солигдох мөчид 1080 ам.доллар буюу төлөвлөсөн хэмжээнээс доогуур байсан ч яван чангарсаар хоёрдугаар сард 1200-гийн босго давж түүнээс хойш 1240-1270-ын хооронд хэлбэлзжээ.  Хамгийн олзуурхууштай нь, алтны үнэ цаашдаа 2000, түүнээс ч дээш гарч мэднэ гэсэн таамаглалыг эдийн засгийн шинжээчид хийж байгаа юм. Алтны ханш угаасаа нэг доошилж, нэг дээшилж байдаг жамтай. Буусан бол заавал дээшилдэг, өгссөн бол заавал урууддаг. Тэгвэл 2013 оноос бууж эхэлсэн алтны ханш өгсөх мөчлөг нь 2016 онд таарчээ. 
Дэлхийн зах зээлийн үнэ нэгэнт төлөвлөсөн хэмжээнээс доош орчихсон, цаашид өснө гэж хий хүлээхээс өөр аргагүй байгаа нөхцөлд улс орнууд олборлолтын хэмжээг өсгөх замаар алдагдлаа багасгах арга хэрэглэдэг. Манайх ч ингэж байгаа. Гэвч гурван салбарын аль алин дээр олигтой ахиц алга.
Зэсийн тухайд, оны эхний гурван сарын байдлаар 412.8 мянган тонн баяжмал экспортолж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 33 хувиар өсгөсөн ч олсон орлого нь 481.5 сая ам.доллар болж зургаан хувиар буурсан байна. Өнгөрсөн жил 3.27 сая тонн нүүрс экспортлоод 130 сая ам.доллар олж байсан бол энэ жил ижил хэмжээний экспорт хийсэн ч дөнгөж 99 сая ам.доллар орж ирж байх жишээтэй. Төмрийн хүдэр, газрын тос ч мөн адил экспортын биет хэмжээ буураагүй ч үнийн дүн мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт гарчээ. Дээрх баримтаас харахад, 2016 оны төсөвт уул уурхайн салбараас оруулахаар тооцсон орлогын багагүй хэсэг нь гол нэрийн эрдэс баялгийн ханшийн зөрүүнээс үүдэн төвлөрөхгүй байж мэдэхээр байна. Тэгвэл үлдсэн хугацаанд ямар өөрчлөлт гарах бол. 
Ирээдүйг урьдчилан хардгаараа алдартай, ашигт малтмалын салбартаа У.Баффет шиг нэр хүндтэй эдийн засагч Эд Мэйер монголчуудын хувьд маш таагүй үгсийг унагажээ. “INTL FCStone Financial” группийн хараат бус зөвлөх тэрээр “Metallbulletin”-д өгсөн ярилцлагадаа “Зэсийн үнэ энэ онд 3850 ам.доллар болтлоо унана” гэсэн байх юм. Дэлхийн нийт зэсийн 45 хувийг хэрэглэдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, зэсийн салбарт олон шинэ нийлүүлэгч нэмэгдсэн нь ийнхүү үнэ буух шалтгаан болно гэж Эд Мэйер хэлсэн байна. Гэхдээ түүнээс эрс өөр таамаглал ч байна. “Standard Chartered” банкны шинжээч Николас Сноудон зэсийн үнийг энэ оны дөрөвдүгээр улиралд 6000 ам.долларт хүрнэ гэж хэлсэн. Гэвч тэрээр зэсийн үнэ 5100 ам.долларт хүрч байсан гуравдугаар сарын сүүлчээр дээрх таамаглалыг дэвшүүлж байсан юм. Түүнээс хойш үнэ бага зэрэг уналттай буй. Лондоны металлын бирж дээр өчигдрийн байдлаар 4813.5 ам.доллар байв.  
Нүүрсний дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлдог орнуудын нэг нь Австрали. Тиймээс Австралийн биржүүд, тэндхийн шинжээчдийн таамаглал харьцангуй бодитой байдаг. Австралийн BREE 2016 онд эрчим хүчний нүүрсний дундаж үнэ 50-60 ам.доллар байна хэмээн таамаглажээ. Австралийн боомтууд дээр тонн нүүрс өчигдрийн байдлаар 51 ам.доллар байсан бөгөөд тавдугаар сард ялимгүй буурах таамгийг тэндхийн шинжээч нар хэлж байна. Гэхдээ манай улсын хувьд, нүүрсээ  дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаггүй, БНХАУ-аас шууд хамааралтай байдаг онцлогтой. Урд хөршийн хувьд, энэ оны эхний улиралд нүүрсний олборлолтоо өнгөрсөн оныхоос 8.3 хувиар багасгасан үзүүлэлттэй дуусгасан. Цаашид ч өсгөх магадлал бага. Нүүрсний зах зээлийн хоёр дахь том тоглогч АНУ-ын “Пибоди энержи” дампуурлаа зарласан явдал энэ салбарын ирээдүй ямар бүрхэг байгааг илэрхийлэх бизээ.   
Валютын гол эх үүсвэр болсон уул уурхайн салбарын байдал ийм байна. Манай улс 2016 онд уул уурхайн салбараас 900 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон. Тэгвэл одоогийн байдлаар аваад үзэхэд энэ мөнгөний нэлээд хэсэг нь дутаж магадгүй байдалтай байна.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.