Шатахуун импортлогч компаниудыг санхүүжүүлэхээр 300 сая ам.долларын зээл авлаа

2016.04.20 Лхагва №045 /2076/

Г.Ням

Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулснаа зарлалаа. Өнгөрсөн даваа гаригт албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан тус гэрээгээр манай улс 300 сая ам.долларын зээл авах боломжтой болж байгаа юм. 
300 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг урд хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн импортлогч дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтэд зориулах юм байна. Зээлийн хүүгийн хувьд жилийн 7.6 хувь байхаар тохиролцож чаджээ. Мөн манай улсын нефтийн импортын хэмжээтэй уялдуулан санхүүжилтийг хэсэгчлэн авч болохоор гэрээнд заасан байна. 
Харин хугацааны хувьд 36 сар буюу гурван жилээр тогтоож өгчээ. Гэхдээ 300  сая ам.доллар хүртэлх хязгаартай уг санхүүжилтийг нэг жилд ашиглаж болох бөгөөд сайн ашиглаж чадвал цаашид 1.35 тэрбум ам.долларын санхүүжилтийг авах боломжтой аж. Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат "ОХУ-тай сүүлийн 30 жил хугацаанд хийгээгүй санхүүгийн гэрээг байгууллаа. Зээлийн хөрөнгөөр нефть бүтээгдэхүүн худалдаж авахад шаардлагатай валютыг ОХУ-ын ВТБ банкаар санхүүжүүлж, дотоодын компаниуд илүү сайн нөхцөлтай санхүүгийн эх үүсвэртэй болж байна" гэв. Мөн Монголбанкны Зах зээлийн газрын гадаад валютын улсын нөөцийн удирдлагын газрын хэлтсийн дарга Б.Батдаваа нефть бүтээгдэхүүний импорт гадаад худалдааны 20-30 хувийг эзэлж байгааг онцлоод "ОХУ-ын ВТБ банк болон манай улсын Хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний дүнд гадаад худалдаа тэнцвэржихэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн гадаад худалдааны эрэлт нийлүүлэлтийн зөрүүнээс үүсэх ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлэх боломжтой" гэсэн юм. Түүнээс гадна эхний ээлжинд Оросын "Роснефть" компаниас шатахуун импортолдог дотоодын дөрвөн компанид зээл өгөхөөр болсныг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн мэдээллээ. Үүнд, НИК, "Магнай трейд", "Сод Монгол", "Шунхлай" гэсэн компани багтаж байгаа юм байна. "Манай улсад хавар, зуны цагт валютын хомсдол үүсдэг. Үүнийг жигдлэхэд одоо авах зээл маш том дэмжлэг болно. Шатахуун импортлогч компаниуд дотоодоос 18-22 хувийн хүүтэй зээл авдаг. Харин 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээ хийснээр хүү нэг оронтой тоонд байх боломжийг олголоо. Цаашлаад нефтийн худалдааг рублиэр төлдөг болох механизм руу шилжих алхам бас тавигдаж байна гэж ойлгож болно. Импортлогч компаниуд 100 хувь урьдчилж төлбөрөө төлж байж нефтийн бүтээгдэхүүн авдаг байсан бол одоо тодорхой хугацааны дараа төлөх боломж нь бүрдэж байна. Мөн дээр дурдсан дөрвөн компани жижиглэнгийн шатахууны үнийг ойролцоогоор 15 төгрөгөөр бууруулах боломжтой" хэмээн Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн онцоллоо. 
Нэмж хэлэхэд тус зээл Засгийн газрын зээлд тооцогдох юм байна. Хэдийгээр хувийн хэвшлийн зээлийг Засгийн газрын гэж бүртгэдэггүй ч санаачлан, хэрэгжүүлэгч гэдгээрээ ийн тооцогдож байгаа ажээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.