Монгол Улс анх удаа үйлдвэрүүдээ тоолно

2016.04.20 Лхагва №045 /2076/

М.Алтанцэцэг

Монгол Улс анх удаа үйлдвэрүүдээ тоолж эхэлжээ. Тиймээс Үйлдвэрийн улсын тооллогыг яагаад зохион байгуулах болсон, үйлдвэр гэж юуг хэлэх талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, дүүргийн Аж үйлдвэрийн тооллогын ажлын хэсгийн ахлагч С.Баасандолгороос тодрууллаа. 

-Үйлдвэрийн улсын тооллогыг яагаад зохион байгуулах болов. Үйлдвэрүүдээ тоолсноор ямар үр дүн гарна гэж тооцсон бэ?
-Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байгаа энэ ажил нь мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилготой.  Аж үйлдвэрийн салбар нэгдсэн мэдээллийн сантай болсноор Монгол Улс хэдэн нэр төрлийн, ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм, хэдэн хүн энэ салбарт ажиллаж байна. Ямар техник тоног төхөөрөмжтэй, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чадаж байгаа эсэх гээд олон зүйлийг тодорхой болгож чадна. Ингэснээр  ямар бүтээгдэхүүн илүүдэлтэй байна, аль нь зах зээлд эрэлт их байгааг, ямар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлохуйц ямар бүтээгдэхүүн байгааг тодорхойлж гаргаж ирнэ. Ерөнхийдөө энэ тооллогын дараа аж үйлдвэрийн салбарын хүчин чадал тодорхой болно гэж хэлж болно. Үүнийхээ дараа бодлого боловсруулах боломжтой. Жишээ нь, гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг гаргана. Дотооддоо үйлдвэрлэж байгаа мөртлөө яагаад гаднаас аваад байна. Импортыг халахын тулд тухайн бүтээгдэхүүний түүхий эдийг гаалийн татвараас хөнгөлөх үү гээд бодлого боловсруулах төвшинд тоо гаргах юм.
-Үйлдвэр гэж яг ямар үйл ажиллагаа эрхэлж байгааг нь хэлэх вэ?
-Энэ удаагийн тооллогод “С” ангиллын  боловсруулах үйлдвэрүүдийг хамааруулж байгаа. “С” ангиллын үйлдвэр гэдэг нь эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрийг хэлдэг. Өөрөөр хэлбэл нэг бүтээгдэхүүнийг олон тоо ширхэгээр үйлдвэрлэнэ гэсэн үг. Харин өрхийн жижиг үйлдвэрлэл үүнд хамаарахгүй. Манай дүүрэг өмнө нь үйлдвэрийн район байсан учраас бусад дүүргийг бодоход олон, одоогийн байдлаар тооллогод хамруулах  600 гаруй үйлдвэр байгаа.
-Үйлдвэрээ тооллогод хамруулъя гэвэл хаана хандах вэ?
-Үйлдвэрийн улсын тооллогод  зориулсан цахим сайтад хандах боломжтой. Мөн тооллогын комисс газар дээр нь очиж тоолно. Энэ дашрамд, Үйлдвэрийн улсын тооллогын комиссын тусгай үнэмлэхтэй гишүүдийг очиход үйлдвэртээ чөлөөтэй нэвтрүүлээрэй. Бид ямар нэгэн хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр бүртгэнэ гэдгийг хэлмээр байна. Зарим гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам нь өөр байдаг учраас гаднаас ямар ч хүн нэвтрүүлэхгүй гэдэг. Нэгэнт Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа ажил учраас уян хатан хандахыг хүсч байна.  
-Тооллогод хамрагдалгүй үлдвэл ямар хор хохиролтой вэ?
-Төрөөс үйлдвэрлэлийг дэмжих бодлого жил бүр хэрэгждэг. Энэ удаагийн тооллогыг явуулж дууссаны дараа үйлдвэрлэлийг дэмжих зээлийн төслийн материал хүлээн авна. Цаашдаа тооллогод хамрагдсан, үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа үйлдвэрүүдээ дэмжих бодлого барина.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.