Зорилгоо биелүүлсэн жүдоч Б.Мөнгөнчимэг

2016.04.20 Лхагва №045 /2076/

Д.ЖАВХЛАН

Монголын эмэгтэй жүдочдын дэлхийн амжилтыг бичилцэж яваа Үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин ОУХМ, “Алтангадас” одонт Балдоржийн Мөнгөнчимэгийг энэ удаагийн буландаа онцолж байна. Тэрээр дөрвөн жилийн өмнө Абу Дабигийн гранпри тэмцээнээс хүрэл, Чежүгийн “Дэлхийн цом”-оос мөнгө, “Чингис хаан” дэлхийн цомоос хүрэл, 2013 оны залуучуудын ДАШТ-ээс хүрэл, Москвагийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн. Мөн 2011 онд самбо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-ий аварга болсон, их спортод хос морьтой цойлж яваа нэгэн билээ. Б.Мөнгөнчимэг уг нь уран нугардаг байсан гэдэг. Найман настайдаа “Монгол гайхамшиг", төвийн Нарантуяа багшийн шавь болж, таван жил хичээллэсэн аж. Олон ч тоглолтод оролцож уран нугаралтын урлагт дурлаж эхлээд байхдаа сургуулийнхаа гадаа тоглож байгаад эгмээ хугалж орхижээ. 
Эгэм эмзэг, бэртэл мөд эдгэхгүй байсан болохоор бүтэн жилийн турш гам барьж. Үргэлжийн хөдөлгөөнтэй, бэлтгэл сургуулилттай байсан хүүхэд гэнэт  хөдөлгөөн хорих үед жин нэмж сэтгэл санааны хувьд ч тавгүйтэж эхэлжээ. Тэгэхэд нь аав, ээж хоёр нь зөвлөж, охиныхоо саналыг асууж байгаад барилдуулахаар болжээ. Аав нь жүдогийн дасгалжуулагч нараас асуухад “Нас нь бага байна, дараа жил аваад ир” гэв. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх хойно, нэг л мэдэхэд, товлосон хугацаа болоход ээж нь охиноо хөтөлж аваачаад гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багшид тушаачихаж. Ястай, чацтай, “Чадна” гэсэн итгэл дүүрэн охиныг багш нь сайтар бэлтгэх явцдаа дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зэрэгт сойж үзэж, багцаа байдлыг нь ажсаар байв. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль жүдогийн анхны амжилт нь байлаа. Барилдаан, тэмцээн л юм хойно ялна, ялагдана. Б.Мөнгөнчимэг ялах дуртай, харин ялагдахад тун дургүй. Хожигдвол бараг л өөрийгөө үзэн ядана. Уйлна ч гэж жигтэйхэн. 
Нэг удаагийн тэмцээнд ялагдаад уйлаад сууж байхад ээж нь ирж загнаж. Тэр агшинд охин сэхээрч, уйлж суухын оронд хожсон тэр хүүхдийг ялдаг болтлоо бэлтгэлээ сайн хийх ёстой юм байна гэж боджээ. Ингээд Б.Мөнгөнчимэгийн хамгийн эхний зорилго өөрийг нь ялсан өнөөх охиныг ялах болов. Бэлтгэл сургуулилтаа тун сайн хийж байсан болохоор төд удалгүй зорилгоо биелүүлсэн бөгөөд тэр эрчээрээ олон тэмцээний ард амжилттай гарч, улмаар яван чангарсаар өдгөө Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин болсон байна. Шигшээ багийн залуу тамирчин Б.Мөнгөнчимэгийн өмнө жүдогийн болон самбо бөхийн төрөлд амжилт гаргах олон ч даваа бий. Аав, ээж хойр нь амьдралын идэвхтэй, өөрсдөө зүгээр суудаггүйн зэрэгцээ хүүхдүүдээ сонирхдог чиглэлийнх нь дагуу дэмжиж хичээллэж, суралцах боломж нөхцлөөр хангаж, үргэлж санаа тавьж ирсний дүнд охин нь ийнхүү эх орноо төлөөлөн 10 гаруй орны дэвжээнд олон улсын тамирчидтай хурд, хүч, авхаалж сорин барилдаж явна. Б.Мөнгөнчимэг тэмцээнд орохын өмнө утсаа заавал хардаг. Ээжээс нь хэзээд амжилт хүссэн мессеж ирдэг болохоор түүнийг уншиж аваад л дэвжээний зүг алхдаг бичигдээгүй хуультай болжээ. Шилдэг залуу жүдоч, самбоч Б.Мөнгөнчимэгтээ цаашдын тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.