В.Ундраа: Уран зураг бол сэтгэл засах урлаг

2016.04.20 Лхагва №045 /2076/

Б.БАДАМГАРАВ

Зураач В.Ундраатай ярилцлаа. 

-Уран бүтээлийн олз омог их үү. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Эвтэй дөрвөн амьтныг цувралаар зурж байгаа. Эвтэй дөрвөн амьтныг хөгжилтэй, хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэхүйцээр хэрхэн зурж болохоор байна, тэр бүгдээр нь зурахыг хичээж байна. 
-Эвтэй дөрвөн амьтны хэдэн төрлийн зураг бэлэн болов?
-20-иод зураг гарсан. Надад 12 нь бий. 
-Яагаад ийм санаа төрсөн нь сонирхол татаж байна?
-Сайхан бэлгэдэлтэй шүү дээ. Мөн айлд байхад ч сайн гэдэг утгаар нь эвтэй дөрвөн амьтныг зурж байна. Байнга шинэ санаанууд орж ирдэг болохоор зураад л баймаар санагддаг. 
-Бүр гэр бүлтэй, хүүхэдтэй болсноор хүртэл зуржээ?
-Миний зурдаг гол сэдэв  бол гэр бүл. Тийм болохоор эвтэй дөрөв яагаад  гэр бүлтэй байж болохгүй гэж бодоод зурсан юм. 
-Таны зургуудыг хараад байхад их өнгөлөг,  гэр бүл, аз жаргалыг харуулахыг зорьсон зургууд байх юм аа?
-Үндсэн тод өнгөнүүдэд дуртай. Будаг холих тал дээр жаахан маруухан.
-Та нүдийг бүхэлд нь хараар зурдаг. Яагаад?
-Багадаа хурц нүднээс айдаг байсан маань нөлөөлсөн байх. Мөн нүд муухай зурах вий гэж санаа зовдог байсан. 
-Хэд хоногийн өмнө цахимд танаар гэр бүлийнхээ зургийг зуруулсан эмэгтэйн постыг уншлаа. “В.Ундраа зураачаар гэр бүлийнхээ зургийг зуруулсан юм. Манайх нэг хүүтэй. Саяхан охинтой болсон юм. Тэгээд зургаа хараад байсан чинь эмэгтэй нь жирэмсэн байжээ. Сайхан утга агуулгатай зураг зурж өгсөнд баярлалаа” гэсэн байсан. Үүний адилаар гэр бүлүүд хэр их зуруулдаг вэ?
-Сүүлийн үед нэлээд зуруулдаг болсон. Айлууд ханандаа амьд зүйл байлгахыг хүсдэг болсон. Урлагийг мэдэрч байгаа хүүхэд илүү зөөлөн болдог. Анх би өөрийнхөө гэр бүлд зориулж зураг зурсан юм. Тэр маань хүмүүст таалагдаад захиалгаар зурдаг болсон. Өмнө нь гадаадынхан их зуруулдаг байсан бол одоо дандаа монголчууд маань захиалга өгдөг. Огт хүүхэдгүй хүмүүс хүүхдийн зураг зуруулна, эсвэл эхний хүүхэд нь гарсан бол дараа, дараагийнхаа хүүхдүүдийн хүйсийг төлөвлөж зуруулдаг. 
-Аав тань зураач, сийлбэрч байсан байх аа?
-Тэр бол хобби нь байсан. Аав маань цаасны технологич мэргэжилтэй. Монголд лаа, ариун цэврийн цаасыг анх оруулж ирсэн хүн. Хэлбэр дүрстэй гоё гоё лаанууд байдаг байсан. Ариун цэврийн цаасны үйлдвэрт ажиллаж байхад нь цаас хийхэд ашиглах зөндөө шинэ ном овоолчихсон байдаг байлаа ш дээ.
-Дандаа шинэ номоор ариун цэврийн цаас хийдэг байсан гэсэн үг үү?
-Одоо бодоход дандаа яруу найргийн шинэ номууд байдаг байсан. Би тэдгээрийг их уншдаг байлаа.
-Аавын тань хобби таныг урлагийн хүн болоход нөлөөлж дээ?
-Тийм. Манай аав зөөлөн чулуун дээр сийлбэр хийнэ, хэрэглэх багажаа хүртэл өөрөө л хийчихдэг гарын дүйтэй хүн байсан юм. Бодит зүйлийг харж байгаад зургийг нь сайн зурна. Тухайн үед зургийн аппарат, зураг янзлах газрууд гэж байхгүй байлаа. Мөн ажлаар олон улсаар явдаг байхдаа гоё шувуудыг нь зураад ирдэг. Би түүнийг нь хараад хачин их баярлана, авчирсан өнгийн харандаануудаар нь зураг зурдаг хүүхэд байсан. Дараа нь аавынхаа зураач болох хүсэл мөрөөдлийг нь залгамжилж авъя гэхэд маш дуртай хүлээж авсан. 
-Зурахаас өөр хобби бий юу?
-Надад зурахаас өөр хобби байхгүй. Би зургийн хэрэгсэл хараад “шүлс гоождог”.
-Зургийн хэрэгслүүдээ их шинэчилдэг байх даа?
-Хүн зураг авахаар тодорхой хэмжээний мөнгөөр нь зургийн хэрэгслээ авдаг. 
-Бийрийг хэр удаан хэрэглэж байна?
-Би ер нь бийрэнд халгаатай. Богинохон хугацаанд хэрэглээд л “будаа” болгочихдог. Будгаа ч гэсэн хатаагаад хаячихдаг муу зуршилтай. Уг нь дурлаж авсан зүйлээ хаях нь буруу л даа, би үүнийгээ засахаар хичээж байгаа (инээв)
-Зураачид баригдмал зүйлд дургүй гэдэг. Таныг юу баригдмал байдалд оруулдаг вэ?
-Хамгийн энгийн жишээ аваад үзье. Эмэгтэй хүн бүр орой хоолоо хийх ёстой болдог. Тэр нь зарим үед стресстүүлдэг. Тэгвэл стресстсэн үедээ хоол хийхгүй байж болно ш дээ. Орхиод илүү хөгжилтэй зүйл хийж болно. Би энийг баригдмал зүйл гэж тодорхойлно. Үргэлж ийм байх ёстой гэсэн хэвшмэл зүйлийг хааяа ч гэсэн зөрчих нь үр дүнгээ өгдөг.
-Хамгийн их тайвшрал өгдөг зүйл тань?
-Зургаа зурж байхдаа тайвширдаг. Өглөөд хамгийн сайхан санаанууд орж ирнэ. Заримыг нь мартахгүйн тулд хар зургаар буулгадаг. 
-Уран зургийг өөрийнхөөрөө юу гэж тодорхойлох вэ?
-Сэтгэл засах урлаг. Уран зураг бол хүнийг маш их тайвшруулдаг. Гэхдээ зарим зураг хүнийг цочроодог. Одоо янз бүрийн “изм” гарсан байна. Би өөрийнхөөрөө л зурдаг болохоор аль нэг урсгал чиглэлд хамаарагддаггүй. Хүмүүс янз бүрээр л хардаг байх. Намайг хүүхэлдэй зурдаг зураач ч гэж хэлдэг юм. 2009 онд Францын үзэсгэлэнд оролцож байхдаа өөрийнхөө бүтээлүүдийг гэнэн сэтгэлгээний урлаг гэсэн ангилалд багтдагийг нь мэдэж авсан даа. Анх би 2006 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж байхдаа зохиомжит уран бүтээл зурж эхэлсэн. Харин гэр бүлтэй болсноор уран бүтээлд маань өөрчлөлт орж, хурц тод өнгийг сонгон хайр мэдрүүлсэн зураг зурахыг хичээх болсон.
-Зураг зурахдаа орчин бүрдүүлдэг үү. Зарим зураач хажуудаа лаа асаадаг, хөгжим сонсдог. Таны хувьд?
-Манай нөхөр орчин бүрдүүлэх тал дээр илүү их ажилладаг. Нөхөр маань  урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгодог, дэмждэг. Тэр тулдаа би өдий зэрэгтээ зургаа орхилгүй явж байгаа юм шүү дээ. Намайг зураг зурж байхад намуухан хөгжим тавьж өгөөд л. Тэгэхээр бүр тайван болдог. Би бол зургаа л зураад суух дуртай. 
-Хүүхдүүдэд зориулан комикс ном гаргахыг мөрөөддөг гэж сонссон?
-Бага насны хүүхдүүдэд зориулан сайн, мууг ялгаж сургах номын зургийг зурж байгаа. Эхний дэвтэр нь гарчихсан. Нүдийг хэрхэн зурах тал дээр алдаа гаргасан байх. Өмнөх шигээ хэлбэртэйгээр зурсан чинь буруудах шиг болсон (инээв). Хоёрдугаар дэвтрийн зургийг зурахдаа нүдний хэлбэрийг өөрчилсөн. Хүүхдэд зориулан комикс гаргах мөрөөдлийн маань нэг хэсэг нь энэ ажил болж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.