Б.Зангад: Баруун Монголын ард түмний азтай хүүгийн нэг нь би

2016.04.20 Лхагва №045 /2076/

Б.Бадамгарав

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангадтай ярилцлаа.

-Хүмүүс төрсөн нутгаа эргэх нь их болжээ. Та сүүлд хэзээ нутагтаа очив?
-Би чинь баруун Монголын мөнх цаст уулаар хүрээлэгдсэн Ховд аймгийн хүн. Өндөр сайхан уулстай, хамгийн олон ястантай нутаг шүү дээ. Би Буянт сумын уугуул. Манай сум Ховд аймгийн хүнсний хэрэгцээний 60-70 хувийг бэлтгэж өгдөг. Энэ сайхан нутгийн маань 90 жилийн ой өнгөрсөн жил болсон юм. Энэ үеэр нутагтаа очоод ирсэн. Нутаг маань зуншлага сайхан байсан.
-Бага насаа эргээд дурсахгүй юу?
-Бусад хүүхдийн адил аав, ээждээ туслаад, хүүхдүүдтэй хөөцөлдөж тоглосоор өнгөрүүлсэн дээ. Буянт голынхоо ширгэн дээр өдөржин тоглоно. Гол руугаа орчихоод гарч ирээд элсэн дээр хэвтэнэ. Усанд орж, наранд биеэ шараад байхаар хүрэн бор болчихно. Тугал бид хоёр ялгагдахгүй ш дээ. Холоос харахад адилхан хүрэн юмнууд гүйлдээд байдаг. Манайх нэг их баян айл байгаагүй. Цөөн хэдэн малтай. Тэднийгээ хариулна. Тэр үед цаг гэж байхгүй байлаа. Тиймээс элс овоолж байгаад мод хатгаж цагаа баримжаалдаг байсан. Хурдан харимаар санагдсан үед цаг явж өгөхгүй. Байсхийгээд модоо хатгаж үзэхээр сүүдэр хэвэндээ л тусна. Нар хэвийгээд ирэх цагт л хонио ойртуулдаг байсан.
-Хонины бэлчээрт их дуулдаг байв уу?
-Тэр үед дуулаад сүйд болохгүй. Сургуульд орсон хойно “Үг хөгжил” гэж хичээл ордог байлаа. Тэр хичээл дээр дуу, үлгэр домог гээд заана. Би ч тэр хичээлдээ дуртай.  Сайндаа л гурав дөрвөн дуу мэддэг байсан. Юм л болбол тэрийгээ дуулдаг (инээв). Манайх 1942 онд аймгийнхаа төвд орж ирсэн. Сумыг бодвол аймгийн төв гэдэг чинь хүн ам нь төвлөрсөн, нэлээд том шүү дээ. Сургуулийнхаа бүлгэмд их явдаг байсан юм. Октбярийн баяр, Майн баяр, Шинэ жилээр хүүхдийн концерт их тоглодог байлаа. Түүнд их оролцоно. Чаддаг, чаддаггүй нь хамаа байхгүй нэг их хөлсөө гоожуулсан нөхөр л тэр дунд нь оролцож байвал болоо гээд бодчихсон явдаг. Ар гэр хамаа байхгүй байлаа. 1947 оны аравдугаар сар билүү арваннэгдүгээр сард Улсын төв театрын урлагийн бригад ирсэн юм. Би тоглолтыг нь хамгийн урд эгнээнд суугаад үзсэн. Тэр концертод нэг гоё эгч гараад “Баян талыг бүрхсэн Баялаг сүргүүд бэлчиж байна” гээд л нэг их сайхан дуулсан. Би ч муу сайран гартай алгаа ташаад л. Дараа нь хүмүүс гарч ирэхээр мөр нь их тэгшхэн байгаад байх юм. Би яагаад энэ хүмүүсийн мөр нь ийм тэгш дөрвөлжин байгаа юм болоо гэж их гайхаж билээ. Тэр үед бид нар чинь мөрний хатуулга ч гэж мэддэггүй байсан юм. 
-Анх хотод ирж байсан үе тань хэзээ билээ?
-Манай аймгийн театр 1950 онд байгуулагдсан. 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулаад баруун, зүүн аймгуудын театраас төлөөлүүлж тоглолт хийлгэх боллоо. Тэгэхэд манай аймгийн театр очсон. Урлагийн арга хэмжээнүүдэд их оролцдог байсан болохоор намайг урлагийн бригадад явуулсан юм. Анх хотод ирээд ёстой алмайрч байгаа юм чинь. Машин тэрэг яваад л, өндөр байшингууд харагдаад л. Тоглолт маань Яармагийн дэнж дээр болно гээд тэндээ очиж байрлацгаалаа. Хүмүүс дор бүрнээ үзүүлбэрээ бэлдэж байтал  Лха.Дорж багш “Гурван баатар” гэдэг дууг дуул гэлээ. Тэр дууг би Дорж, Тангад гэж хоёр ахтай хамт “Даваадорж, Тэгшээ, Лхагвадорж нар Дайснаа дараад дархан цолыг олов оо” гэж дуулна. Тэгэхдээ бас жүжигчилсэн маягаар дуулсан юм. Би жаахан болохоор тэр хоёрын дунд нь орно. Бид гуравт цэнхэр өнгийн дээл хийж өгсөн шиг санагдаад байдаг юм. Тэр том хоёр хүний дунд жижигхэн цангинасан хоолойтой хүүхэд дуулахаар хүмүүст их содон харагдсан болов уу. Хүмүүс өхөөрдөж, алга ташаад байсан. Эргээд нутагтаа очиход үе тэнгийнхэн маань Улаанбаатар яваад ирсэн гээд сүйд болсон. Тэднийгээ бодвол арай хот маягтай харагддаг болчихсон байгаа байхгүй юу. Цэрэг маягийн цамц өмсчихсөн, хот ийм өндөр байшинтай, шилэн Форд явдаг гээд л ярьж өгнө. Шилэн Форд гэдэг нь машиныг хэлдэг байсан юм.
-“Тунгалаг Буянт”-ыг дуучин болохоосоо нэлээд эрт дуулж байсан гэдэг. Анх хэзээ дуулж байсан юм бэ?
-1954 онд наймдугаар ангид орсон хойно Ховдын соёлын өдрүүд Улаанбаатарт болсон. Тэгэхэд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав багш, ардын зураач, төрийн шагналт Л.Гаваа зэрэг томчууд Ховдын соёлын өдрүүдийг бэлдүүлэхээр ирж байлаа. Одоогийн хотын захиргаа байгаа газар чинь “Алтай” зочид буудал гэж байсан. Тэнд бид байрлаж байсан. Манай Ховдын театрт ажиллаж байсан Лхашид, Балдан гэж хоёр хүний бүтээл “Тунгалаг Буянт” гэж дууг Д.Лувсаншарав, Л.Ванган багш нар миний хоолойд таарна, дуул гээд өгсөн. “Чи Ховд нутгийн хүн, Буянт голын хөвөөн дээр бага насаа өнгөрүүлсэн юм чинь сайхан дуулна шүү” гэж захиж байлаа. Би аятайхан дуулчих юмсан гэж бодоод, Төв театрт дуулахад хүмүүс алга ташаад, дахиулаад байхыг бодоход гайгүй дуулсан шиг байгаа юм. Арга хэмжээ дууссаны дараа Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б.Ширэндэв гуай манай театрынханд баяр хүргэж, шагнал гардуулсан. Намайг урлагийн хэрэг эрхлэх хорооны хүндэт үнэмлэх, зургаан метр торгоор шагнаж байлаа. Тэр үед сонинд үнэнхүү зүтгэлтэй хүмүүс л гардаг байсан. Тэгэхэд “Залуучуудын үнэн” сонинд “Залуу авьяастанд талархал илэрхийлье” гэсэн буланд миний тухай нийтэлсэн байлаа. Тэр сонины хайчилбарыг одоо болтол хадгалдаг. Үүний дараа 1956 онд Дэлхийн залуучуудын тавдугаар их наадам Польшийн Варшав хотноо болсон юм. Тэнд шалгараад Ардын ансамбльд сургуулилтаа хийсэн. 
-Анх удаа хилийн дээс алхаж, өөр улсын соёлыг үзэх сайхан байсан байх даа?
-Юм бүхэн нь их сонин. Өглөө Москвад очоод автобусанд суугаад явсан чинь зурагтаар л харж байсан Улаан талбай харагдаад л хачин гоё. Манежийн талбай гэж байдаг. Тэнд байдаг үндэсний том зочид буудлын ресторанд биднийг оруулж, хоол идүүлсэн юм. Хүмүүс ч хоолоо идээд байна. Ширээн дээр зүсээд тавьчихсан их гоё шар юм байгаад байна шүү. Хүн авч идэх ч үгүй юм. Би харахаар л хорхой хүрээд болдоггүй, гараараа аваад л амандаа хийчихлээ. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихсан. Юу гэгчийг амандаа хийчихэв ээ гэтэл тэр нь нимбэг байж. Гашуун гэж жигтэйхэн. Нүднээс нулимс гараад л, эргэн тойрноо харсан чинь намайг мэдэж байгаа хүн алга тэгэхээр сэмээрхэн амнаасаа аваад газар хаячихсан. Сальфетканд ороож тавихаа ч мэдэхгүй байсан юм. Тэрнээс хойш хүн авч идээгүй юмыг идэхээ больсон (инээв). Москвад Ц.Пүрэвдорж гуай намайг асрамжиндаа авчихсан. Хоол идүүлнэ, тоглолтод оролцох хувцас бэлдэж өгнө. Ёстой төрсөн дүү шигээ асарсан. Тэгэж байгаад овоо соёлтой болсон. Ингээд Варшавт наадамдаа оролцоод Монголдоо ирсэн чинь Ардын ансамбль намайг сургуульд явуулж өгье, манайд ажилла гэсэн санал тавьсан. Тэр үед ахтайгаа ярилцаж байгаад хотод үлдэхээр шийдсэн. Нэг жил ажиллаад хавар шалгалтад орлоо. Шалгалтад Э.Чойдог гэж “Жалам хар”, “Саальчин бүсгүй”-г бичсэн тэр хүнтэй хамт орсон. Надаас арван насаар ах. Гэвч сүүлд хамт сургуульд орсон болохоор үеийнх юм шиг харьцдаг байсан юм. Гэтэл хоёулаа шалгалтдаа уначихлаа. Аравдугаар ангидаа суугаагүй, хичээлээ мэдэхгүй юм чинь унахаас яахав. Ингээд ажилгүй, сургуульгүй болсон би талбайгаар алхаж явтал Э.Чойдог гүйж ирээд, Л.Ванган багш дуудаж байна гээд намайг дагуулаад очлоо. Тэгсэн Л.Ванган багш сайд дарга нартай яриад авьяастай хүүхдүүдийг сургуульд явуулъя гэсэн юм байна лээ. Дараа нь асуудал гарвал хариуцлагыг нь хүлээнэ гээд. Ингэж сургуульд явсан юм.
-Хойно хөгжмийн сургуульд та Монголын хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан хүмүүстэй хамт суралцаж байсан юм байна лээ?
-Намайг очсон жил Ц.Намсрайжав гуай тавдугаар ангийн оюутан, А.Загдсүрэн гуай, Д.Лувсаншарав багш хоёр маань гуравдугаар ангийн оюутан байсан. Харин Э.Чойдог бид хоёр нэгдүгээр ангийн оюутан. Тэр үед Ц.Намсрайжав гуайг би сайн мэддэггүй байсан. А.Загдсүрэн гуай манай нутгийн хүн болохоор намайг хүүхэд байхаас минь мэднэ. Лууяа багш маань ч намайг сайн мэднэ. Тэд маань гавьяат жүжигчин цолтой болчихоод очсон томчууд байхгүй юу, базарваань. Ц.Намсрайжав гуай 1957 онд төгсөж ирээд, удалгүй симфони найрал хөгжмийг байгуулсан. Одоогийн Улсын филармонийг үүсгэн байгуулагч шүү дээ. Ийм сайхан хүмүүстэй би урлагт зориулсан амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн. Тэдний дуунуудыг дуулах хувь надад тохиосон. Ц.Намсрайжав гуай бид хоёр 30 гаруй жил хамт ажиллалаа. Хөдөөгүүр хамт бригадаар явна. Их алиа хошин хүн шүү дээ. Бие биеэ шоглоно. Хүнлэг сайхан сэтгэлтэй, уран бүтээлчдэдээ сэтгэлээсээ сайхан ханддаг хүн байсан. Сонгодог хөгжмийг түгээн сурталчлах талаар их үүрэг гүйцэтгэсэн дээ. Тэр үеийн төрийн бодлого бол хаана хүн байна, тэнд урлаг байх ёстой гэдэг байсан. Тиймээс урлагийнхан бүгд очиж үйлчилдэг байлаа шүү дээ. Жилд 50-60 хоног бригадаар явна. 
-Ж.Бадраа, С.Гончигсумлаа нарын алдартнуудын олон сайхан дууг та дуулсан. Энэ сайхан хүмүүсийг эргээд дурсахгүй юу?
-“Сүлд модны наадам”, “Жаргаах зүрхэн” гээд олон сайхан дууг нь дуулсан. Г.Бирваа гуайн “Намрын шөнө”, “Гоёхон чимэг ч юм уу даа”, миний дотны найз  Ж.Шараагийн “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Хар ус нуурын шагшуурга” гэх мэтчилэн 1960-1980-аад онд уран бүтээлийнхээ ид үед байхад минь тэр агуу хүмүүсийн бүтээлийг дуулах хувь надад тохиосон. Би азтай хүн. Баруун Монголын ард түмний азтай хүүгийн нэг нь яах аргагүй би мөн. Тэр агуу уран бүтээлчдийн зүтгэлээрээ хийсэн дууг би сэтгэлээсээ дуулсан учраас өнөөдөр 50, 60 жилийн нас наслаад ард түмнийхээ дунд, сэтгэл зүрхэнд нь үлдсэн. Ж.Бадраа гуайн 20-иод дууг дуулсан байх. 1962 онд С.Гончигсумлаа гуайтай хамтран бүтээсэн “Сүлд модны наадам” дууг дуулж байсан. 1973 онд “Жаргаах зүрхэн” дууг дуулсан. Энэ дуу Азийн ХХ зууны шилдэг дуугаар шалгарч, Японд хэвлэгдсэн шүү дээ. Ж.Бадраа гуай гаднаасаа ихэмсэг харагддаг. Мэдэхгүй хүн бол зайгаа барихаар. Харин ойртоод танилцахаар их элгэмсүү дотно. Монголын радиогийн алтан фондод миний 100 гаруй дуу бий. Тэнд дуугаа бичүүлж байхад Ж.Бадраа гуай хамт суугаад үг хэллэг буруу байвал засч өгнө. Өөрөө нот мэддэг хүн учраас үгээ зохиохдоо авиа эгшгээ нарийн тооцоолж бичнэ. Харин С.Гончигсумлаа гуай их соёлтой, томоохон зохиолууд их уншина. Бид хоёр уран бүтээлийн ч, амьдралын ч найзууд байлаа. Эргээд дурсахад сайхан байна. Бид хоёр  1955 онд танилцсан. Дэлхийн залуучуудын тавдугаар их наадамд явахад С.Гончигсумлаа гуай удирдаачаар явж байсан. Дараа нь би Москвад хөгжмийн сургуульд сурч байхад тэр сургуулийг төгссөн учраас Москвад ажлаар явахдаа заавал сургууль дээрээ ирдэг байсан. Надтай байнга уулзана. Намайг оюутан болохоор “Хамгийн үнэтэй хоолыг нь ав. Үнийг нь би төлнө” гээд хөхөрдөгсөн. Манайхаар их ирнэ. Зуслан явахад машинаараа дөхүүлээд л өгнө. Тийм сайхан сэтгэлтэй хүн байлаа. Одоо би дандаа таньдаггүй хүмүүсийнхээ дунд амьдарч байна. Миний таньдаг хүмүүс байхгүй болчихсон. Нутагтаа очиход хүртэл таньдаг хүмүүс алга болж шүү дээ.
-Та “Би од биш. Жирийн нэг уран бүтээлч” гэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ үнэн. Зах зээлд шилжсэн энэ үед хүмүүс үнэ ханш гээд ярьдаг болж. Би ахмад хүн, өөрийнхөө уран бүтээлийг мөнгөөр үнэлж чадахгүй. Хүмүүс та хэдээр дуулах вэ гээд их асууна. Тэгэхээр нь би од биш, жирийн уран бүтээлч. Миний хөдөлмөр, нас, төрөөс үнэлсэн шагналыг минь бодоорой л гэж хэлдэг юм. Гэхдээ одоо үед үнэ ханш гаргаж дуулж байгаа хүмүүсийг буруутгах гээгүй юм шүү.
-Гэхдээ та өөрийнхөө он цагт жинхэнэ од нь байсан биз дээ?
-Биднийг од гэж хөөрөгдөхгүй шүү дээ. Дуугаа дуулж, хүмүүст хүргэх нь бидний хийх ёстой ажил гэж боддог байсан. Дуучин хүн гэдэг чинь архи ууж, тамхи татаж болохгүй. зугаа цэнгэл хөөж болохгүй. Хоолойд муу шүү дээ. Тиймээс энд тэнд тоглолтоор явсан үедээ дуугаа дуулчихаад унтаад өгнө. 
-Олон сайхан дуу тань нийтэд түгээд ирэхээр бүсгүйчүүдээс захиа их ирдэг байв уу?
-Нэг их захиа ирэхгүй ээ. Захиа бичээд сүйд болохгүй. 
-Одоогийн залуусын талаар та ямар бодолтой байдаг вэ. Эр хүний намба, буурь суурь алдагдаад байна гэж хүмүүс ярьдаг?
-Нийгэм өөрчлөгдөж байна. Бидний үед даруулгатай байсан. Ахмад хүний дэргэдүүр архи сэнгэнүүлэхгүй, утаа баагиулаад явахгүй. Одоогийн залуус архинд орж байгаад сэтгэл их эмзэглэдэг. Мэдээллийн технологи их өргөн боллоо. Телевизийн сувгууд маш их байна. Энд болсон болоогүй их зүйл байгаа. Тэндээс жишээ их авдаг байх. Зарим зүйл дээр жишээ авах нэг талаараа сайн. Гэхдээ монголчууд бид чинь өвөрмөц ард түмэн. Өөрийн гэсэн соёл, дэг жаягтай, түүхтэй. Үүнийгээ дагахгүйгээр гаднаас харсан юм бүхнээ хүлээж аваад байвал бидний соёлын дархлаа үгүй болно. Соёлынхоо дархлааг бид авч үлдэх ёстой. Орчин үеийнхтэйгээ хөл нийлүүлж байна гээд гудамжинд шүлсээ хаяад байж болохгүй. Хүн яарахгүй, даарахгүй, уурлахгүй байхад болно гэж би боддог. Яарсан хүн юмаа мартдаг, даарсан хүн өвчин олдог, уурласан хүн хэрэгт холбогдоно. Энэ гурвыг л хүн бодож явах хэрэгтэй. Юм бүхэн өөрийн гэсэн жортой шүү дээ. Залуусыг бүгд муу гэж хэлэхгүй. Манайд сайхан залуус зөндөө байна. Монголын хөгжмийн урлагийг дэлхийд зарлаж байгаа олон авьяаслаг хүн байна.
-Соёлын дархлааг хэрхэн авч үлдэх ёстой вэ?
-Түүхээ сайн мэдэх хэрэгтэй.  Юм их унших ёстой. Радио телевизээр тухайн үеийн юмыг гаргаад л өнгөрөхөөс биш нарийн мэдлэгийг өгөхгүй. Тиймээс ном уншиж мэдлэг олж авах ёстой. Ээж, аав нар хүүхдээ ном уншуулдаг болгохын тулд өөрөө уншдаг баймаар байна. Өөрөө үлгэрлэх хэрэгтэй байхгүй юу. Ном уншдаг, ардын дуугаа сонсдог байх хэрэгтэй. Тэрнээс биш  буу бариад, бөмбөг чулуудаад байхдаа биш. Соёлоо авч явах, ард түмнээ соён гэгээрүүлж байгаа нь тусгаар тогтнолоо хамгаалж байгаа хэрэг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.