Эвсэх тохироогоо эхлээгүй байхдаа дуусгав уу

2016.04.20 Лхагва №045 /2076/

С.ШИЙЛЭГ

МАН, МАХН хамтдаа Эх орончдын өдрийг тэмдэглэснээс хойш сонгуульд эвсч орох тухай мэдээлэл гарах болсон билээ. Улмаар хоёр талаасаа ажлын хэсэг гарган 10 удаа хуралдаж тохиролцон бараг эвсэхээр болчихоод байлаа. Бүр эвслийн нэрээ ч тохирсон тухай ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан  нар хэлж байв. Гэтэл өчигдөр үдээс хойш байдал эсрэгээр эргэлээ.
“УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтанд 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтанд 18 нийт 51  хүнийг тус тус нэр дэвшүүлнэ. Ялалт байгуулсан тохиолдолд хариуцлагаа хамтдаа үүрч, амласан амлалтаа тууштай биелүүлэх, эвслийг тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлнэ. Орон нутгийг сонгуульд эвсэл болж оролцоно. Эвсэл болж оролцохдоо 2012 оны тухайн орон нутгийн сонгуулиар намуудын авсан санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан тухайн орон нутгийн намын байгууллагууд гэрээндээ харилцан тохиролцоно. Сонгуулийн үр дүн дээр үндэслэн ИТХ-ын дарга, Засаг даргаа томилно. Эвслийн удирдах зөвлөл нь 50:50-ын харьцаатай байна. Эвслийн тэргүүнээр МАН-ын дарга, Удирдах зөвлөлийн даргаар МАХН-ын дарга ажиллана”  хэмээн ажлын хэсэг тохироод байв. Ажлын хэсгийн тохиролцсон энэхүү хувилбарыг өчигдөр МАН-ын Бага хурал, МАХН-ын Бага чуулган хэлэлцсэн юм. Гэвч МАХН-ынхан ярьж тохирсон зүйлээсээ буцсан талаар МАН-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр бол МАХН-ынхан орон нутгийн сонгуульд оролцохдоо тухайн ИТХ-д авсан саналын тоог харгалзан нэр дэвшүүлнэ гэсэн тохирооноосоо буцаж 2012 оны УИХ-ын сонгуульд авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөх санал гаргажээ. Мөн квот тогтоохдоо МАН 70-80, үлдсэн 20-30 хувь нь МАХН байна гэж нэмж оруулах санал ирүүлжээ. Түүнчлэн Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг авсан саналаасаа үл харгалзан сөөлжүүлж тавина гэсэн байна. Уг нь анх тохиролцож гарын үсэг зурсан санамж бичигтээ  тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт оруулсан юм байна.
МАХН-аас тавьсан дээрх шаардлагын хариуд МАН-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар тохирсон саналаасаа буцахгүй гэдгээ мэдэгдэж 16.00 цагаас өмнө ажлын хэсгийн саналынхаа дагуу эвсэх эсэх хариугаа хэлэхийг шаардсан юм. Гэвч МАХН-ынхан тодорхой хариу өгсөнгүй. Харин тус намын нарийн бичгийн дарга Б.Тулга “Хэлэлцсэн ярьснаасаа буцсан асуудал байхгүй. Тохирсон зарчмуудаа баталгаажуудж гарын үсэг зурсан. Эвслийн гэрээг маш нухацтай авч үзэх ёстой. Тэр нь өөрөө тэр эвсэл бий болох, цаашид тогтвортой ажиллах үндэс болно. Тэгэхгүй өнөөдөр хам хум юм хийчихдэг, эсвэл тодорхойгүй заалт оруулснаас болоод цаашдаа тогтвортой ажиллах бололцоо хангагдахгүй байвал энэ эвсэл байгуулагдсанаасаа байгуулагдаагүй нь дээр юм болно. Үүн дээр л бид нухацтай хандъя. Зарим тодорхойгүй байгаа заалтуудыг илүү тодорхой болгож өгье. Яагаад гэвэл энэ их хурлын төвшинд гэхээсээ илүү орон нутгийн сонгууль зэрэг явж байгаа учраас үүнтэй уялдуулах ёстой. Тиймээс хугацаа байгаа учраас нэмж санал солилцох ёстой юм байна гэж үзсэн. Үүнийг өлгөж аваад эвсэхээ болилоо. Ярьж тохирсноосоо буцлаа гэж яриад байх юм” гэв. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Эвлэж, нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-ынхан тохирсноосоо буцаж МАНайхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо" хэмээн жиргэсэн юм. Уг нь тэдний тохирсон ёсоор бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эвсэх эсэхийг нь хүлээсэн олон нийтийн хүлээлтэд өчигдөр хариу өгөх байлаа. Гэвч тодорхой хариулт бус “Хоёр нам эвсэх тохироогоо эхлээгүй байхдаа дуусгав уу” гэх сэтгэгдэл л төрүүллээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.