АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2016.04.15 Баасан №043 /2074/

С.ШИЙЛЭГТӨМӨР

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив. Санал хураалт явуулахаас өмнө гишүүд түүнээс асуулт асууж хариулт авлаа.

Ж.БАТЗАНДАН: -АТГ-ын дарга уг нь зургаан жилийн хугацаатай томилогддог. Гэтэл та бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө чөлөөлөгдөж байна. Таныг ийм шийдвэр гаргахад ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан нөлөөлөв үү. Олигархи бүлэглэл АТГ болон бусад хүчний байгууллагыг өөрсдийнхөө зэвсэг болгон ашигладаг боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ. Оффшор бүсэд манай улсаас нэг сая ам.доллар бус нэлээд их хэмжээний мөнгө байгаа тухай сураг дуулдаж эхэллээ. Үүнийг АТГ судалж байгаа юу. АТГ зарим аймгийн Засаг дарга нарыг хууль зөрчиж томилсон тухай шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн байна лээ. Гэтэл Засгийн газар үүнийгээ өөрчлөхгүй юм. Энд хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?
Н.ГАНБОЛД: -Надад ямар нэгэн дарамт шахалт ирээгүй. Ер нь бол хүнд алба. Олигархи гэдэг чинь гэмт хэрэгтэн гэсэн үг биш шүү дээ. Хуульд ч ийм нэр томъёо байхгүй. Тиймээс энэ талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Оффшор бүсийн асуудалд манай гадаад харилцааныхан анхаарлаа хандуулж байгаа. Зарим яам, агентлагийн даргаар томилогдох гэж байгаа хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй болохыг тогтоосон. Гэвч Засгийн газар үүнийг сөрөөд томилгоо хийсэн тохиолдол гарсан. Манайх үүнд ямар нэгэн хариуцлага тооцох боломжгүй. Засгийн газрын хариуцах ёстой ажил. 
Ц.ОЮУНГЭРЭЛ: -Та бол олон нийтэд тийм их танигдсан хүн биш. Тиймээс танаас зарим зүйлийг асуумаар санагдлаа. АТГ УИХ, Засгийн газрын гишүүд болон томоохон албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг олон нийтэд ил болгож зарладаг. Харин АТГ-ынхан өөрсдөө ямар орлоготой хүмүүс байдаг нь тодорхой бус. Та анх АТГ-ын даргаар томилогдохдоо ямар хэмжээний хөрөнгөтэй байсан бэ. Түүнээс хойш хэр зэрэг нэмэгдэв. Та өөрөө авлигаас ангид ажиллаж чадав уу. Ажилчдаа авлигад өртөхөөс хэрхэн сэргийлдэг байсан бэ. Танай байгууллага дотор гэнэт баяжсан хүн байдаг уу?
Н.ГАНБОЛД: -АТГ-ын дарга болон ажилтнуудынх нь хөрөнгө нээлттэй бий. Хууль зүйн байнгын хороо хянадаг юм. Миний хөрөнгө, орлого бүр ил зарлагддаг. Миний хөрөнгө нэг их айхтар өөрчлөгдөөгүй. Би аль нэг компанийн хувьцааг эзэмшдэггүй. Манай байгууллага 160 гаруй хүнтэй. Үүний 80 орчим хувь нь 35 хүртлэх насны, дунджаар таван жил ажиллаж байгаа залуучууд. Манай аюулгүй байдал, хяналт шалгалтын алба дотооддоо хяналт, шалгалт явуулдаг. Би ч даргын хувиар хэн нь ямар машин унаж байна, хаана амьдарч байна гэдгийг нь хянадаг. Мөн гаднын нөлөөнд автахаас сэргийлдэг. Гэхдээ мөрдөж мөшгидөг гэсэн үг биш.
З.БАЯНСЭЛЭНГЭ: -АТГ соён гэгээрүүлэхээсээ илүү айдас төрүүлдэг байгууллага болчихлоо. Ер нь соён гэгээрүүлэх ажлаа хийж байгаа юу. Мөн танай ажилтнууд ажлаа хийхдээ дарамталдаг, хөтөлсөн асуулт асуудаг, шууд хэрэг тулгаж хэлмэгдүүлдэг. Энэ байдал чинь цааш үргэлжлэх үү?
Н.ГАНБОЛД: -Манай байгууллагын нийт үйл ажиллагааны 75 хувь нь соён гэгээрүүлэхэд суурилдаг. 25 хувьд нь мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Одоо УИХ дээр хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн дагуу мөрдөгч нарын эрх хязгаарлагдаж байгаа. Одоо бол алдаа гардаг. Цаашдаа хууль эрх зүйн орчин сайжраад энэ байдал арилна. Хэн нэгнийг хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа бол надтай хариуцлага тооцож болно. Төрийн ямар нэгэн дархлаагүй болж байгаа учраас надад хариуцлага хүлээлгэж болно. Би хариуцлагаас зугтаагүй. Цаашдаа ч зугтахгүй. Зөвхөн тодорхой хугацаанд эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байгаа юм. 
Ц.ДАВААСҮРЭН: -Эрүүл мэндээс чинь гадна яг одоо улс төрд болж байгаа нөхцөл байдал таныг ажлаа өгөхөд нөлөөлөв үү. Сүүлийн үед оффшор бүстэй холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байна. Энэхүү мэдээллийг гаргасан газраас Ирланд, Англи зэрэг улс орнууд өөрийнхөө улсын нэр бүхий хүмүүстэй холбоотой мэдээллийг авч байна. Манай Монголын компаниудын нэр ч байгаа юм билээ. Танай байгууллагад үүнд анхаарлаа хандуулж байгаа юу?
Н.ГАНБОЛД: -Миний шийдвэрт хэн нэгэн нөлөөлөөгүй. Оффшор бүстэй холбоотой мэдээлэлд анхаарлаа хандуулж байгаа. Гэхдээ тухайн мэдээллийг нь албан ёсоор авахад хууль эрх зүйн хувьд түвэгтэй юм билээ.
З.ЭНХБОЛД: -Анх судалгаа хийж мэдээлэл гаргасан газраас нь авахад түвэгтэй байх. Түүнээс биш мэдээлж байгаа газруудаас нь авч болно ш дээ. Манай улстай холбоотой мэдээлэл байна уу, асуу. Байвал ав.  
Л.ЭНХ-АМГАЛАН: -АТГ цаашдаа улс төрөөс хараат бус байх боломж бүрдсэн үү. Ажилчдын чинь цалин хангамж авлигаас ангид байх хэмжээний хангалттай байж чаддаг уу. Нэг үхрийн эвэр доргиход 1000 үхрийн эвэр доргино гэдэг шиг төрийн албан хаагчид бүгд авлигач гэсэн ойлголт нийгэмд бий болчихлоо. Ер нь аль салбарынхан илүү авлигад өртсөн байдаг юм бэ?
Н.ГАНБОЛД: -Улс төрөөс хараат бус байх эсэх нь удирдаж байгаа хүнээсээ шалтгаалдаг байх. Би бол улс төрөөс хол байсан. Гэхдээ ажиллахад тийм амар байгаагүй. Манай ажилчдын цалинг УИХ-аас тогтоож өгдөг. Санхүү, эдийн засгий байдалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил буурсан. Тиймээс цаашдаа үүн дээр анхаарах ёстой. Ер нь төрийн албан хаагчдын цалин бага байгаа байдал нь авлига авах шалтгаан болдог. Шүүх, гааль, татвар, газрын албаныхан авлигад их өртдөг. Тиймээс манайх эдгээр байгууллагууд дээр очиж соён гэгээрүүлэх сургалт зохион байгуулдаг.
Г.УЯНГА: -Авлигатай тэмцэх хэцүү байв уу. Би хоёр ч удаа АТГ-т хандаж байсан. Гэвч миний гомдлоор нэг ч удаа хэрэг үүсгэж шалгаагүй. Тиймээс би АТГ-ыг улс төрийн нөлөөнд автсан юм байна гэж дүгнэсэн. Яагаад миний гомдлоор хэрэг үүсгээгүйг таниас асууя. Нэг нь Монголбанкны удирдлага ажилчиддаа их хэмжээний мөнгөн урамшуулал олгосон тухай баримт байсан. Нөгөө нь Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д хэд хэдэн эдлэн газартай болсон тухай баримт байсан юм.  Та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Төрийн албан хаагчдын цалин нь бага учраас авлига авдаг гэж АТГ-ын даргын амнаас гарахааргүй үгийг та хэллээ шүү.
Н.ГАНБОЛД: -Монголбанкны удирдлагууд албан ёсоор хэлэлцээд тогтоол шийдвэр гаргаад ажилчиддаа мөнгөн урамшуулал олгосон юм билээ. Ямар нэгэн нууц үйлдэл байгаагүй. Бүх зүйл нь баримттай ил тод байсан. Тиймээс хууль зөрчсөн гэж үзээгүй. Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой материалын тухайд тэр эдлэн газар хаус нь өөр өөр хүмүүсийн нэр дээр байгаа нь тогтоогдсон. Мөн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар прокурортой ярилцаад цааш нь шалгах шаардлагагүй юм байна гэж үзсэн. Би нэг сая 400 мянган төгрөгийн цалинтай. Үүн дээр онцгой нөхцөл байдал, цолны урамшуулал нэмэгдээд хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг. Авлигатай тэмцэх ажил шулуун дардан замаар явдаггүй. Гудамжинд явж байгаа зүгээр нэг эрүүгийн гэмт хэрэгтэн бус албан тушаалтнуудтай харьцдаг учраас амаргүй ажил байдаг юм. 
Н.АЛТАНХУЯГ: -Та УИХ-ын дэд дарга М.Энхболдыг хотын дарга байхад нь нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан уу. 
Л.Гансүхтэй хамт хоригдож байгаа гурван залууг яагаад татварын хэрэгт холбогдуулан тамлаад байгаа юм бэ. Үүнийгээ хэзээ зогсоох вэ?
Н.ГАНБОЛД: -Тийм ээ. Би М.Энхболд даргыг хотын дарга байхад нь нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Л.Гансүхтэй хамт хэрэгт холбогдсон гурван хүнийг яагаад татварын асуудлаар шалгаж байгаа талаар танд жич хариулт өгье. Прокурорын зөвшөөрлөөр ярьдаг учраас одоо энд ярих боломжгүй байна. 
Н.АЛТАНХУЯГ: -Н.Ганболд гэдэг хүн намайг АН-ын дарга байхад АТГ-ын дарга болсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч санал оруулаад 2011 онд томилуулсан. Орлогчоор нь Б.Хурц гэдэг хүнийг томилж байсан. Миний ярьсан хуйвалдааны төр, хонгил энэ тэр гэдэг зүйл эд нартай холбоотой. Би Н.Ганболд даргыг сайн мэдэхгүй. Төрийн гэмгүй хүн гэж хүнээс сонссон. Та хүнд нөхцөлд ажилласан ч хоншоортой байж чадаагүй. Хонгилын хаалга нээж өгдөг хүн болж хувирсан л даа. Шинэчлэлийн Засгийн газрын үед цагдаагийнхан бизнес хийж байгаа хүмүүс рүү халдаагүй. Харин АТГ-ын тэдэнтэй харьцах үйл ажиллагаа хавтгайрсан. Би таныг өрөвдөж байна. Та хожим дурсамжиндаа яг үнэнийг бичээрэй. Одоо бол та үнийг хэлж чадахгүй л дээ. Өнөөдөр Монголд үнэнийг хэлдэг хүн байхгүй. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг шиг Ерөнхийлөгч нь хүртэл өшөөтэй болчихсон. Та бол шахалтад орсон. Дараа нь хэнийг томилох гэж таныг чөлөөлж байгаа юм бол доо. Эсвэл та хонгилын хаалгыг нээж олон хүнийг хэлмэгдүүлэхээсээ залхах шиг боллоо. Та нар бизнес хийдэг хүмүүсийг ч балласан даа. Одоо хүмүүс бизнес хийхийн оронд УИХ-ын гишүүн болсон нь дээр гээд бөөнөөрөө нэр дэвшихээр төлөвлөчихсөн байгаа. АТГ нэгдүгээрт бизнесийг нь булаасан. Хоёрдугаарт, АТГ өөрөө авлига авдаг. Гуравдугаарт, лицензийг нь дээрэмддэг. Би прокурорын дэргэдэх мөрдөнг буцааж өгье гээд хуулийн төсөл санаачилсан. З.Энхболд дарга уу, эсвэл Ц.Элбэгдорж юм уу ерөөсөө хэлэлцүүлэхгүй байгаа юм. Өргөн бариад бараг жил болж байна. Яагаад энэ төслийг хэлэлцүүлэхгүй байна вэ гэхээр, захиалгаар зохиомол хэрэг үүсгэж хүмүүсийг тамлах гэж тэр л дээ. 
Д.ТЭРБИШДАГВА: -Та тэтгэвэрт гарчихаад зөвлөх гэх мэт өөр ажил хийх үү. Танай ажилчид мөрдөн байцаалт явуулахдаа хүмүүстэй хууль бусаар дээрэнгүй харьцаж дарамталдаг гэх юм. Энэ үнэн үү?
Н.ГАНБОЛД: -Үнэн. Харц нь ширүүсээд л дайраад байдаг. Тиймээс би залуусдаа байнга хэлж анхааруулдаг. Наад хүн чинь гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй байгаа шүү гэж. Эхний асуултын тухайд би ямар ч гэсэн төрийн байгууллагад ажиллахгүй.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.