Намжмал үедээ байгаа бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлт өвчнийг элсээр бүрэн анагаана

2016.04.15 Баасан №043 /2074/

Г.СОНИНБАЯР

Хүн амын дунд түгээмэл тохиолдох болсон бөөрний өвчлөл болон бөөрний элсэн эмчилгээний талаар “Өөш манхан” бөөрний элсэн сувиллын ерөнхий эмч Т.Сосорбарамтай ярилцлаа. 

-Бөөрний элсэн сувилалд хүмүүс их явдаг болжээ. Тэгэхээр бөөрний өвчлөлийн талаар мэдээлэл өгнө үү? 
-Дэлхий нийтээр эмийн эмчилгээнээс татгалзаж байна. Өвдсөн хойно нь эмээр эмчлэх биш өвчин тусахаас урьдчилан сэргийлэхийг эрхэмлэдэг болсон. Сүүлийн үед манай улсад хамгийн их бүртгэгдэж байгаа халдварт бус өвчний гуравдугаарт бөөрний өвчин орж байгаа. Бөөрний өвчин, бөөрний дутагдлаас үүдэлтэй нас баралт өндөр байна. Нэгдүгээр эмнэлэгт л гэхэд 100 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна. Монголчууд маань бөөр шилжүүлэн суулгуулахаар гадагшаа ч их явж байгаа. Бөөрний дутагдалд орсноор дээрх эмчилгээг эцсийн шатны эмчилгээ гэж үздэг. Бөөрний дутагдал үүсэхэд 60-70 хувьд нь нөлөөлдөг өвчлөл бол бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл буюу гломерулонефрит юм. Энэ өвчний хурц биш намжмал үед нь элсэн эмчилгээ маш үр дүнтэй. Түүдгэнцэрийн үрэвслийн үед даралт ихэсч, хавагнадаг. Мөн шээсээр уураг, цагаан эс, улаан эс алддаг. Өөрөөр хэлбэл биед хэрэгтэй уураг, цусны улаан эсээ шээсээр алдахын зэрэгцээ бөөр хэмжээгээрээ жижгэрч бүтцийн өөрчлөлтөнд орсноор бөөрний дутагдал үүсгэгч түүдгэнцэрийн үрэвсэл эхэлж байна гэсэн үг. 
-Бөөрний өвчнийг эрт шатанд нь хэрхэн оношлох вэ. Энэ тал дээр манайхан хойрго санагддаг. Хүндэрсэн хойноо л эмчид ханддаг? 
-Бөөрний өвчнийг газар авахуулахгүйгээр эмчлэх гол арга нь эрт оношлох. Эрт үедээ илрэх шинж нь ууц нуруугаар чилж өвдөх багадаа шүд, хоолой их өвдөж байсан хүмүүс бөөрний үрэвслээр өвдөх магадлал өндөр гэсэн үг. Үүнд ард иргэдийн оролцоо чухал л даа. Бөөрний элсэн сувиллын гол ач холбогдол нь нэгдүгээрт бөөрний цусан хангамжийг сайжруулж өгнө. Ингэснээр бөөрний тэжээл сайжирч, үйл ажиллагаа нь жигдэрдэг. Мөн элсэн эмчилгээнд ороод эхлэхээр бөөр амарна. Хүний биеийн захын судас тэлж хөлсний нүх сүвүүд онгойж өгнө. Үүнийг дагаад гадагшлах илүүдэл шингэн ихэснэ гэсэн үг л дээ. Ингэж хаванг хөөж гаргаснаар даралт буурч хэвийн хэмжээндээ очиж байна гэж үздэг. Энэ бол бөөрний элсэн эмчилгээний гол зарчим. 
-Халуун эмчилгээ гэсэн үг үү? 
-Тийм. Монголчууд эртнээс ийм эмчилгээ хийж байсан. Тухайлбал хэсэг газрын өвсийг шатааж хөрсийг нь халаагаад тэр халуун газар дээр бөөрний өвчтэй хүнийг хэвтүүлж эмчилж байсан жишээ байдаг. Ханаж төөнөх, халуунаар эмчлэх гээд олон арга бий. Мөн ягаан жоншийг халуун наранд тавьж халаагаад хоёр бөөрөн дээрээ тавьж эмчилдэг байсан юм билээ. 
-Мэдээж говийн манхан бүхэн эмчилгээний чанаргүй байх. Өөш манханы хувьд элсний найрлага, бүтцэд ямар нэг онцлог байна уу? 
-Өөш манхны элс маш нарийн ширхэгтэй. Зарим газраа бол бүр нүдэнд үзэгдэхгүй нарийн ширхэгтэй байгаа. Тэр элснээс чимхэж аваад амандаа хийхэд хайлаад алга болчихдог. Элсэн дээр хэвтээд наран сөрөг харахад сайхан шаргалтаад, энд тэндээ гялалзаад байна шүү дээ. Ийм элсээр барилгын материал хийж болдоггүй. Ерөөсөө эмчилгээний л зориулалттай гэсэн үг. Тийм учраас эмчилгээ нь маш сайхан үр дүнтэй. Монгол хүнд байгалаас заяагдсан хишиг юм даа. Энэ гайхамшигтай шинж чанарыг нь монголчууд эртнээс мэддэг байсан гэдэг. Элсийг шинжилгээнд өгөхөд хүний биед ашигтай элемеэнтүүд ихээр агуулагдахын зэрэгцээ радио идэвхт элентүүд илэрсэн. Нарны гэрлийн хэт ягаан туяаг өөртөө шингээн авч хүний биед дамжуулж байна гэсэн үг. 
-Тэгэхээр нарны идэвхжлийн үед элсэн сувилал үр дүнтэй байх нь ээ? 
-Бөөрний элсэн эмчилгээний хугацаа зургаагаас наймдугаар сар байдаг. Зуны гурван сар л гэсэн үг. Тиймээс манай сувилал зургадугаар сарын 10-даас эхэлж наймдугаар сарын 10-ны хооронд л ажилладаг. Гадаа агаарын температур 30 орчим градус байхад элсэн дээр 65-аас дээш градус халж байж эмчилгээний нөхцөл бүрдэнэ. Маш халуун гэсэн үг 
-Тийм байна. Даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүст сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй юү? 
-Тийм юм байхгүй. Байгаль эх үүгээрээ агуу. Ямар ч харшлах юмгүй. Эм уухад сөрөг, гаж нөлөө гэж гардаг. Тийм юм ерөөсөө байхгүй. Тухайн хүн замдаа ядраад ч юм уу даралт нь 200 болоод очдог. Тэгээд сувилал дээр очиж амраад л элсэнд ороогүй байхдаа даралт нь буурчихдаг. Тэгэхээр энд яах аргагүй байгалийн онцлог нөлөө байна. Манай сувиллын нэг давуу тал нь Улаанбаатарт ойр. Хагас өдөр яваад л ирчихдэг. 14 хоног бүр сувиллаас унаа явдаг. Тэр их халуунд яаж хүн эмчлэх юм бэ, даралт нь ихсээд харвах юм биш биз гэж боддог хүн бий. Гэтэл тэгдэггүй. 
-Элсэнд суухаас өөр ямар эмчилгээ хийдэг вэ?
-Сувилуулагчдынхаа хоол хүнсийг тухайн нутаг орноосоо авдаг. Говийн шимт ургамлыг идсэн малын мах гэдэг тэр чигээрээ эм. Манай сувиллын эргэн тойронд 30 орчим ургамал ургадаг. Тэдгээрээс 20-иод нь эмийн ургамал. Улаан бударганаас эхлээд хөмүүл, таана, юмдүүжин гээд л. Ийм олон төрлийн эмийн ургамлыг идсэн малын мах, сүү бол бас нэг төрлийн эмчилгээ болно. Дээрээс нь ингэний хоормог өгдөг. Ингэний хоормог уургаар баялаг учир бөөрний өвчтэй хүний шээсээр алдсан уургийг буцааж нөхөж өгөх зорилготой. 
-Бөөрний элсэн сувилалд очихдоо эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай юу? 
-Хяналтын эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй. Шууд л тэнд нэг сайн сувилал байна гээд битгий давхиж очоорой. Миний харж байгаагаар бол тухайн хүн бөөрний шинжилгээн дээр уураг алдалт гурван граммаас ихгүй, биохимийн шинжилгээн дээр кератинин 200-гаас хэтрээгүй байх үедээ элсэн сувилалд очих ёстой. Харин бүх бие нь хавагнасан үедээ очоод хэрэггүй. Тухайн өвчнийг хурц үед нь европ эмчилгээгээр яваад намжмал байдалд оруулчих. Ингээд сэдрээлгүй намжмал байдалд оруулаад элсэн сувилалд очих юм бол засрал маш сайн авна. Өөрөөр хэлбэл бөөрний дутагдалд орохоос сэргийлнэ. 
-Хэдэн өдөр элсэнд сувилуулахад хангалттай вэ? 
-14 хоног эмчлүүлэхэд болно. Өдөрт хоёр удаа, нийт 28 удаа элсэн сууна гэсэн үг. Ингэхдээ тухайн хүний онцлогоос шалтгаалж зарим нэг өдөр амраах тал байна. Олон хоног элсэнд суухад зарим хүн ядардаг. Эмчилгээ бол хүнд л дээ. Гэхдээ гарах үр дүн нь гайхамшигтай. 
-Ер нь бөөрний өвчин юунаас болж үүсдэг юм бэ? 
-Бөөрний өвчний эх үүсвэр нь хүүхэд байхдаа хоолой, шүд их өвдсөнөөс болдог. Шүд, хоолойг өвтгөдөг бичил нян, бактериуд бөөрний тодорхой хэсэг түүдгэнцэр дээр, мөн үе мөчин дээр сонгомлоор суугаад тухайн эрхтнийг гэмтээдэг. Үүнийг эмчлэх гол арга нь элсэн сувилал. Бөөрийг уламжлалт анагаах ухаанд усан махбодтой эрхтэн гэдэг. Бөөр усан махбодтой юм чинь усыг хөргөхөд ямар ч хөдөлгөөнгүй царцана. Халаагаад байвал усны молекулууд хөдөлгөөнд орж бөөр хэвийн ажиллана гэсэн үг. Европ анагаах ухаанд бөөрний сурах бичиг их ховор. Гэлэгжамц багшийн бичсэн бөөрний анагаахын ном дээр ганцхан өгүүлбэр байдаг юм. Бөөрний түүдгэнцэрийн өвчний үед Дундговийн Өөш манхан, Говь-Алтайн Бигэрийн сувилалд эмчлүүлэх нь үр дүнтэй. Гэхдээ өвчний намжмал үедээ сайн гэж байгаа. Хурц үедээ очиж болохгүй гэдэг бол манай сувиллын онцлог. 
-Өөш манханы элс бөөрнөөс өөр ямар өвчинд сайн бэ? 
-Нуруу, үе мөч, хүүхдийн D витамины дутагдал, рахит болон түүнээс үүдэж хөл майга болсон эмгэг зэргийг маш сайн эмчилнэ. Мөн суумгай хүмүүс ирж эмчлүүлэхэд үр дүн өндөр. Харин мэдрэлийн гаралтай эмгэгийг эмчлэхгүй. Шөрмөс татах, шөрмөсний гэмтэл, осол аваараас болж хөл гар татсан үед маш сайн үр дүнтэй. Дээрээс нь эмэгтэйчүүдийн сав, өндгөвчний өвчинд элсэн сувилал маш сайн үр дүнтэй. Манайд хүүхэдтэй болохгүй байгаа хосууд ирж элсэнд сууж сувилуулаад хүүхэдтэй болдог. Намайг зургаан жил ажиллах хугацаанд 20-иод эмэгтэй ирж сувилуулаад бүгд хүүхэдтэй болж, үр дүнг нь үзсэн. Хамгийн сүүлд манайхаар эмчлүүлж байсан 43 настай эмэгтэй 2015 онд хүүхэд төрүүлсэн. Тэгэхээр Өөшийн элс эмэгтэйчүүдийн өвчнийг анагаахад үр дүнтэй байгаа. Мөн үе мөчний өвчин, тухайлбал хэрх өвчинд элсэн эмчилгээ их үр дүнтэй. 
-Аливаа эмчилгээний дараа гам барих нь чухал байдаг. Элсэн сувилалд эмчлүүлсний дараа ямар гам барих вэ? 
-Бөөрний өвчнийг сэдрээдэг зүйл бол ханиад. Мөн хоолой өвдөхөд бөөрний өвчин сэдэрдэг. Тиймээс элсэн сувилалд эмчлүүлсний дараа хүйтэн нойтон газар хэвтэх, гишгэх, даарч хөрөхөөс болгоомжилж маш сайн гам барих хэрэгтэй. Мөн хийжүүлсэн ундаа уух, хэт хүнд хоол идэхээс татгалзах хэрэгтэй. Гам сайн барьж чадвал тэр жилдээ бөөрний өвчин сэдрэхгүй. Ингээд эхний удаа явахад л үр дүнгээ өгдөг, харин 3-5 жил дараалан явсан хүмүүс бөөрний дутагдлаас бүрэн гарч байгаа. Манай сувилалд 7-8 жил, бүр 10 жил явж байгаа хүн ч байдаг. Тэр хүмүүс Өөш Манхандаа ирэхгүй болохоор санаад байдаг, төрсөн нутаг шиг минь болжээ гээд ирдэг дээ. 
-“Өөш манхан” сувилал хэзээ байгуулагдсан бэ? 
-Анх 1986 оноос Дундговь аймгийн хэмжээний сувилал ажиллаж эхэлсэн. 2000 оноос төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Наранцацралт агсан хүү Соёмботойгоо санаачлан Өөш манханы элсэн сувиллыг нэг ээлжиндээ 100 сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай болгон өргөжүүлсэн түүхтэй. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.