“Байерн” шилдгээ нотолсон тоглолт

2016.04.15 Баасан №043 /2074/

"Бенфика"-г шөвгийн наймд дэлхийн шилдэг багуудын нэг "Байерн"-тэй учраа таарахад бүгд л "өнгөрсөн" хэмээн дүгнэцгээсэн билээ. Гэвч Руи Виториагийн удирдсан баг юуг ч үл тоон, юунаас ч эмээлгүй хүчирхэг "Байерн"-тэй эн тэнцүү тэмцэлдлээ. Мюнхенд болсон эхний тоглолтод тэнцэх шахсан ч жаахан аз дутсан. Харин хоёр дахь тоглолтод шар хуудастай Жонас, бэртсэн Гайтан зэрэг лидергүй талбайд гарсан ч хөгжөөн дэмжигчдээ баярлуулан урамтай сайхан өрсөлдөж чадсан юм. 
Довтлогч Хименес 27 дахь минутад "Байерн"-ы төвийн хамгаалагчдын дундуур шургалан гарч хаалгач Нойерийн алдааг ашиглан Мюнхений багийн хаалганд гайхалтай гоол оруулсан. "Бенфика" төдөлгүй дахин гоолдох шахсан. Гэвч "Байерн" бол "Байерн" шүү дээ. Арав гаруйхан минутын дараа Артуро Видал тооны харьцааг тэнцүүлж, хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад гандан бууршгүй Т.Мюллер "Бенфика"-гийн хаалгыг мялаав. Тэглээ гээд "Бенфика" бууж өгөөгүй, эн тэнцүү тэмцэлдсээр байлаа. Талиска ханатай торгуулийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тоглолт тэнцээгээр өндөрлөсөн нь үнэхээр зүй ёсны хэрэг байсан гэлтэй. "Байерн" дэлхийн шилдэг багуудын нэг гэдгээ дахин харуулсан бол "Бенфика" хэнд ч амар бууж өгдөггүй гэдгээ нотлон нүүр бардам Аваргуудын лигийг орхилоо.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.