Кафка: Өлсгөлөн ба Талбирал

2016.04.15 Баасан №043 /2074/

Г.Ням-очир 

(Сартваахи Кафкагийн “Мацаг баригч” хэмээх өгүүллэгийн тухайд...)
”Мацагчин” бол талбирал юм. Залбирвал талбирдаг, зажлавал зөөлөрдөг гэдэг энэ. Чихнү чимэг болугсан аялгуу сайхан монгол хэлний минь чимээгүй мартагдаж байгаа нэг үг. Нэг утга. Зовлонгийн шалтгаан бүхний уяас зангилаа бүхнийг тайлж талбируулахыг амьдрал гэнэ. Тэр бол өлсгөлөн гэдэг мөнхийн шалтгаантай. Ертөнцийн ямар ч жигшим гэмт хэргүүдийг ”өлсөж үхэхгүйн тулд” гэдэг тодотгол гишүүн өгүүлбэрээр цайруулж болно. 
Мацаг гэдэг харин уйгараар харин тангараг гэсэн үг юм. Олон янзын тангараг байна. Жишээ нь: үг хэлэхгүй гэсэн тангараг бий. Хэлэхгүй л гэсэн бол хэлэхгүй. Үхэн үхтлээ ч хэлэхгүй байж болно. Чухамдаа хэн тангараг тавьж байгаагаас өөртөө хэр зэрэг үнэнч болохоор нь дүгнэдэг. Хилэнцтэй мах идэхгүй юм уу, ерөөс юу ч идэхгүй гэсэн тангараг бас байна. Энэ орчлонг танисныхаа хэрээр, гэм эрүүг ухаарсныхаа хэрээр, бие махбодийнхоо онцлогийг харгалзахаас гадна бас мэдлэг хэрэгтэй. 
Ямар мэдлэг вэ? гэж гайхаж магадгүй. Эн тэргүүнд даарахаа хөрөхөө шийдэх хэрэгтэй. Хүний бие дулаанаа алдана гэдэг бол ерөөсөө л бөхнө гэсэн үг. Хамгийн бага зарцуулалтаар суухын тулд амьсгалаа зохицуулна. За ингээд мацаг барьж байгаа хүмүүс олон байна. Буриадын Итгэлт хамба байна. Бид яг л Кафкагийн өгүүлсэнчлэн түүнийг очиж, харж, шагширч адис авч байгаа ч яг таг тайлбарлаж чадаагүй. Амьд уу,  үгүй юу гэдэг дээр амаа цууртал маргацгааж байна. Ерөөсөө даарах хөрөхөө болиод биеийн дулаанаа 0,0001-д хадгалахыг Дүммо буюу Илч дулааныг бадраах хэмээн хэлдэг.
Ингээд амьтны хүрээлэнд ч бол, хөмөрсөн тагш шиг бор гэртээ ч бол, циркийн сургуультай амьтны торонд ч тэр хувцас шаардлагагүй амьдарч эхэллээ.
Кафкагийн ”Мацаг баригч” бол үе үе усаар уруулаа чийглэнэ. Бүгд эхэндээ ингэдэг. Амаа зайлж болно. Энэтхэгийн 84 шидтэний дотроос эгч дүү Нигүма, Нарова нар энэ тухай маш олон туршилт хийжээ. Тэр бүү хэл Данжуурын доторхи Урлахуй ухаан аймагт ч ”Шим авахын номлол” бий. Тэгэхээр дорно дахины мэргэд мацаг барихыг урлагийн нэг төрөл ч гэж үзэж байлаа.
Мацагчин бүрт нэг нууц бий. Ямар нэгэн зүйлээс эрчим хүч авч л таарна. Тэр нь идэш хоол бус ер бусын арга замууд байлаа.
Нарнаас шим авахын арга зам гэж байна.  Энэ нь нарны эсрэг хандаж суугаад нүдний хараа далдалж, цагаанаараа эрчим хүч авч суухыг хэлнэ.
Салхинаас шим авахын арга зам бас байна. Салхиар туугдан яваа агаарт ч өчнөөн олон тоосонцорууд бий шүү дээ.
Цэцэгнээс шим авах гэж байна. Цэцгийн нэг дэлбээгээр 3 жил хүртэл хооллож болно. Мөн жижгэвтэр чулууг ч ашиглах нь бий. 
Үнэхээр гайхамшиг. 
Дэлхийн нэгдүгээр дайн асар их өлсгөлөн дагуулсан. Хүмүүс сумнаас илүү хоол тэжээлээр дутагдан үхэж байлаа. Томас Мор нэгэн цагт ”Утопи арал” хэмээх төгс төгөлдөр нийгмийг хүсч байсанчлан Франц Кафка бас мөрөөдөгч байсан юм шиг. Ямартай ч Мацаг баригчийг уншсаны дараа, Хувиралыг уншсаны дараа засаршгүй пессимист байсан гэж төсөөлөх боломжгүй болно. Магадгүй тэр цагт өлсөх умдаасахын түмэн зовлонг үзсэн хүмүүст идэш хоолоор дутагдсан хүний биед гарах биологи, физиологийн өөрчлөлтүүд танил ч байсан байж мэднэ. Гэвч ингээд дуусаагүй. Кафка даажигнаж байлаа. Ер нь яагаад Мацаг баригчийг хүмүүс ”хачин” гэсэн өнцгөөс хараад байсан хэрэг вэ? Ер нь мацаг баригч хүмүүс өөрийн дэргэд заавал нэг нөхөртэй байсаар ирсэн. Энэ нь түүний энэхүү эрэлхэг үйлс, тэвчээрийн сургуулийн үнэнч шавь нар байлаа. Тэднийг ”Түшээ” хэмээн өргөмжилдөг бөгөөд нэгэн цагт бясалгалд удаан суусан Жонан Дарнатын гэгээний хажууд шавилан суусан Чингисийн алтан ургийн залуу язгууртанд ”Түшээт хан” хэмээх цол өгсөн нь ч ийм учиртай. Кафка бол нэг тийм мацагчины түшээ байсан болов уу гэж санагдана. Тэр их л ойроос амьсгалыг нь мэдэртэл бичжээ. Гэхдээ их хайнга. Түүнд уран сайхан өнгөтөөр үзүүлэх нь чухал байсангүй. Зүгээр л даажигнал гэмээр бичсэн. Ж.Тэгшзаяа ч тэгж орчуулжээ. Нэг л тийм хайнга. Тэгсэн хэрнээ цаанаа нэг юм хэлээд байгаа.
Бид чинь нийтээрээ нэг тийм саваагүй амьтас. Яг л 100 жилийн өмнөх германчууд шиг. Хорвоо ертөнцийн бүх юм сонин содон, гэнэн материалист, соёолон чонын насан дээрээ явж байна. Асар их өлсгөлөн гэсэн үг. 3 жил 3 сар 3 хоног бясалгалд суугаад гарч ирсэн Зава ламыг гарч ирэхэд, яг л циркийн амьтан үзэж байгаа юм шиг хачирхаж байлаа. Яг таг хариулт олж өгч чадаагүй асууж ч чадахгүй. Энэ чинь талбирал юм. Энэ бол ханьцашгүй дээд амгалан юм. Сексийн оргил үед л мэдэрч болох байх. Хэдхэн секунд. Дараа нь амар амгалан төрдөг. Уучилдаг, уярдаг, уйлдаг, урсдаг тэр мэдрэмж. Кафкад үнэндээ атаархаж байна. Мацагчин бол талбирал юм. Бидний мөнгөө төлдөг Холливудийнхан бидний мартсан олон зүйлийг кино болгож хийгээд бидэнд зараад л байгаа. Тэр бүхэн бол ХХ зууны эхэн үеийн модернистуудын уриа лозун байлаа. Өөрт байхгүй бусдын зүйлийг өөрийн юм шиг болтол нь нутагшуулах. Уншигчдыг гайхшируулж, тэднийг энэхүү дорнын гайхам нууцлаг мэдлэгт урин дуудах. Энэ бүхэн биелэлээ олсон. Өнөөдөр л гэхэд зөвхөн Улаанбаатар хотод 80 гаруй цагаан хоолны газар ажиллаж, 15 хүн тутмын нэг нь цагаан хоолтон болж байгаа тухай статистик байна. Мацаг баригч, зоригтой ёгичид, тууштай бясалгагчдыг тоолоход хөл гарын хорин хуруу хэдийнэ давсан. Энэ бүхний эцэст Кафкагийн ”Мацаг баригч” хэмээх өгүүллэг бидэнд өнгөрсөн мартсан хуучин бүхнийг ”шинэ зүйл” гэдэг юм шүү хэмээн тод чангаар хашгиран орчуулагдлаа. 
Ингэхэд нэг үг сануулъя. “Төрд зүтгэсэн хүн зодуулж үхдэг. Шашинд зүтгэсэн хүн өлсөж үхдэг” гэсэн нэг үг бий. Муусайн улстөрчид ч яахав угаасаа тийм золгүй улс. Харин өөртөө үнэнч, өөрийгөө ялан дийлэхийг хүсэгчид нь, бусдаас өөрөөр сэтгэж, өөрөөр өлсгөлөнгөө шийдэж, үхэхийн зовлонг талбируулж байгаа нь ”эрүүл” хүмүүст бол өлсөөд үхчихэж байгаа юм шиг л харагдана. Харин тэдэнд юу тохиолдож, ямар баяр баясгалантайгаар явж, өөрийн цогцосоор барсыг хэрхэн хооллосон тухай “Мацаг баригч” өгүүллээс үргэлжлүүлэн уншаарай. 
Юундаа ингээд дэмий алмайраад хүлээгээд л суунам дээ. Номын дэлгүүрт очоод, орчуулагч Ж.Тэгшзаяагийн орчуулсан Франц Кафка ”Хувирал тэргүүт тууж, өгүүлэгүүд” номыг авч унш. Номыг гурван үе шаттай уншдаг юм. 
Эхлээд уншдаг. 
Дараа нь тогтоодог. 
Хамгийн сүүлд шингээдэг юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.