Үгнээс хүчтэй үйл хөдлөлийн урлаг

2016.04.15 Баасан №043 /2074/

Г.САНЧИР

Урлаг бидний амьдрал дунд бий. Хотын гудамжинд, замын уулзварт, явган хүний гарцан дээр, дэлгүүрийн үүдэнд. Ер хаа сайгүй. Хуучин цагийн хээ хуартай бор модон авдар үүрсэн залуу “Туушин“ зочид буудалд байрлах 976 арт галерейгаас гарч төв талбайг хөндлөн гулд алхан, Төв шуудангийн өмнүүр өнгөрч, Сөүлийн гудамжаар баруун зүг одов. Атан тэмээнд тэгнэмээр хоёр том авдар олсоор холбож үүрсэн залуу хотын төвөөр алхах нь нүднээ содон. Өнөөх залуу хааяахан зогсч амарсаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн хаалгаар  орох нь тэр. Тэнд байрлах Америкийн соёл мэдээллийн төв түүний зорьсон газар нь. Энэ бол хэн нэгэн этгээд гажиг нөхрийн талаар бус урлагийн тухай яриа юм. Өөрөөр хэлбэл уншигч танд би дөнгөж сая перформанс урлагийн нэгэн бүтээлийг танилцууллаа. Уран бүтээлч Д,Батзоригийн “Нүүдэл суудал” перформанс өнгөрсөн лхагва гаригт 976 Арт галерейгаас эхлэн Америкийн соёл мэдээллийн төв хүртэлх орон зайнд болсон нь энэ ээ.
Перформанс буюу үйл хөдлөлийн урлаг олон улсад хүчээ авч буй. Энэ бол орчин үеийн урлагийн нэгэн тод томруун урсгал. Үйл хөдлөлөөр утга санаагаа илэрхийлэх энэ урлагийг дүрслэх урлаг, театрын урлагийн зааг гэж тодорхойлох нь бий. Товчхондоо бол зураач, барималч хүн дуу авиа ашиглаж өөрийн биеэр үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг. Дээр өгүүлсэн перформансаар Д.Батзориг уран бүтээлч ямар үзэл санааг илэрхийлэх гэснийг тайлбарлах нь үзэгч, уншигчдын эрхэд халдсан хэрэг болох бизээ. 
Дараагийн нэгэн сонирхолтой перформанс нь “Ус урсана, салхи салхилна” нэртэй. Энэ перформансын эзэн нь уран бүтээлч С.Ганзүг. Тэрээр мөн л уржигдар энэхүү пеформансаа олонд толилуулсан. “Шидийг олоод нисэхийг шахав, шидмэсээр боолгоод үхэхийг шахав. Тэр юу вэ?” гэсэн оньсогыг үлээсэн гүзээ хэмээн таах хүүхэд эдүгээ ховордсон байх. С.Ганзүгийн бүтээлийн гол хэрэглэгдэхүүн нь шидмэсээр боосон гүзээ. Уран бүтээлч өөрөө уг гүзээг үлээнэ. Хүүхдүүдийн тоглох дуртай бөмбөлөг биш нойтон гүзээг үлээнэ гэдэг тийм ч амар биш. Ямар ч байсан гүзээгээ үлээчихлээ. Амыг нь шидмэсээр боогоод гүзээгээ эргүүлж гарав. Тэгснээ гүзээнийхээ хийг гаргаад толгойдоо углав. Пеформанс ийнхүү өндөрлөлөө. Уран бүтээлч С.Ганзүг энэхүү перформанс бүтээлээ өнгөрсөн жилийн тавдугаар сарын 10-нд “Land Art of Mongolia 360” төслийн хүрээнд Венецийн 56-р олон улсын биенналийн нээлтийг тохиолдуулан Венец дахь UNESCO-гийн байранд анх удаа толилуулж байсан ажээ.  
Өнөөгийн нийгэмтэй тэрсэлдсэн, өнгөрсөн цаг, нүүдэлч ахуйгаа санагалзан өмөөрсөн гэмээр дээрх хоёр пеформансыг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө тайлж уншсан буй заа. Энэ бол 976 арт галерейгаас зохион байгуулсан гурван өдрийн цуврал арга хэмжээний эхний өдрийн үзүүлбэр байсан юм. Хоёр уран бүтээлчийн перформанс бүтээлийг үзсэний дараа уран бүтээлчид, судлаачдын дунд энэхүү үйл хөдлөлийн урлагийн талаар халуун яриа, мэтгэлцээн өрнөсөн. Харин хоёр дахь өдөр нь “Контемпорари урлаг: Урлаг уу, солиорол уу” хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан “Contemporary Art of Mongolia” үзэсгэлэнгийн хүрээнд инстоляц буюу өрөг урлагийн тодорхой жишээнүүдэд тулгуурласан хэлэлцүүлгийг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос уран бүтээлчид, урлаг сонирхогчид, дүрслэх урлагийн оюутнууд, сэтгүүлчдэд зориулан зохион байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр өнөөгийн дүрслэх урлагийн салбарын чиг хандлага хэрхэн тодорхойлогдож, үнэ цэнийг хэн тогтоож байгаа талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнөнө. Монголын шилдэг уран бүтээлчдийн бүтээл сайн байхаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юу хийх ёстой вэ? Бид гадаад орнуудад зохион байгуулагдаж буй үй түмэн үзэсгэлэн, олон улсын чанартай фестивал, биенналь, триенналь, үзэсгэлэн болон дуудалгат худалдааны зэрэглэл, цар хүрээ, ач холбогдол, давуу болон сул талын талаар хэр мэдэх вэ? Монголын хэвлэл мэдээлэл энэ талаар хэр бодит мэдээлэл өгдөг бол? Бид хязгаарлагдмал нөөц, боломжоо зөв үйлдэлд чиглүүлж чадаж байна уу? 976 арт галерейнхан эдгээр асуултуудад хариулт өгнө. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.