Бродскийд таалагдсан YELLOW SUBMARINE

2016.04.15 Баасан №043 /2074/

Ө.РАГЧААСҮРЭН
 
Хэзээ зохиосон: 1966 он
Зохиогч нь: Лэннон, Маккартни
Төрөл: Рок      

Энэ дууг Пол голлон зохиожээ. Дуу зохиогдсоны дараа "Битлз" гурав дахь киногоо энэ дуугаараа сэдэвлэн хийхээр ажилдаа орцгоов. Дуу Англидаа хөгжмийн зах зээл дээр тэргүүлж, Америкт  бас л цойлсон хэдий ч, Жон Лэнноны “Бид Есүс Христээс илүү алдартай” гэж хэлсэн үймээнч үгнээс болоод дэд байр руу шилжсэн. 
Дуунд эхлээд олон янзын өнгөтэй усанд шумбагч завинуудын тухай өгүүлж байснаа сүүлдээ ганцхан шар завь нь үлджээ. Маккартни найз бүсгүй Жейн Эшерийн гэрт амьдарч байсан тэр үед энэ дуу зохиох санаа төрсөн юм. Пол 1980 онд ярихдаа “Нэгэн шөнө би унтахаар хэвтээд зүүрмэглэж байхад миний толгойд, усан доогуур явдаг шар завин дээр бид бүгд хамтдаа байгаагаар уран санаа орж ирсэн. Тэгээд л өглөө нь шууд энэ төсөөллөө цаасан дээр буулгаж, хөгжмийн ард суун аяыг нь тоглосон” гэжээ. “Шар завины тухай бодол минь яг хүүхдийн гэнэн цайлган мөрөөдөл зөгнөл байсныг би анзаарсан. Энэ л надад бөөн олз болсон. Тэр хэвээр нь хүүхдийн дүрслэлээр цааш нь үргэлжлүүлсэн нь оносон. Хүүхдүүдэд энэ сонин үлгэрийг ярьж өгч байгаа өвөөгийн дүрд биднээс Ринго яг тохирсон. Тэр угаасаа хүүхдүүдтэй учраа амархан ололцдог, өгөөмөр сайхан зантай. Ийм учраас тэр өөрөө гоцлон дуулсан нь бүүр ч болоод явчихсан. Түүний хоолой дуундаа бүрэн тохирсон” хэмээн Пол хэлжээ.
Та нар Англи улсад очиж, Ливэрпүүл хот орохдоо Жон Лэнноны нэрэмжит нисэх онгоцны буудал дээрх 51 фүүтийн өндөртэй шар өнгийн шумбагч завины  төмөр хөшөөг заавал сонирхоорой. Арван таван метр илүү өндөр лут эд байгаа. Тэгэхээр 1 фүүт нь ямар хэмжээтэй болж байна вэ? Бодоод олчиход түвэггүй. Энэ байгууламжийг Британийн  хөлөг онгоцны  “Cammell  Laird” үйлдвэрийн "Битлз"-ийн фэнүүд нь урлажээ. Дуугаар нь яг ижил нэртэй хүүхэлдэйн хөгжилтэй киног 1969 онд бүтээв. Мөн  “Electronic Arts” компаниас “Yellow Submarine” дуугаар компьютер тоглоом гаргасан. Америкийн иргэн, Орос үндэстэн нэрт яруу найрагч Иосиф Бродский Нобелийн шагнал хүртэхээсээ өмнө 1960-аад онд Зөвлөлтийн хүүхдийн “Костёр”  сэтгүүлд энэ дууг анх орчуулан нийтэлжээ. Найрагч Бродскийд, Лэннон, Маккартни хоёрын бичсэн дууны шүлэг нь тун ч сонирхолтой  санагдсан гэдэг. Энэ дуугаа зохиоход оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хамтлагийнхаа жолооч Альф Биккнеллд манай дөрөв их л элгэмсгээр талархал илэрхийлж, түүний нэрийг цомгон дээрээ бичиж үлдээсэн юм.  
Далайн гүний түрлэгийг сөрөн шумбах шар хөлгийн замд усан дотор ямар сонин өвөрмөц чимээ гарч байна гэж санана. Салхи шуурга  хүүгэн исгэрэхэд цахлай  ганганан  нисэлдэж,  аянга цахилгаантай бороо асгаран, хүчит давлагаан нүргэлэн  хуйлрах нь сүрдмээр. Шумбагч завины дохио хангинан хөлгийн бүхээгт  хонх жингэнэж, онгоцны ахмад цагаан хоолой барин  чангаар “Нээлхийг  хурдан хаагаарай!...Бүх хурдаараа урагшаа!...” хэмээн  тушаана. Шүгэл  тасхийн үлээх дуунаар гүйлдэн  жагсах усан цэргүүдийн гутлын товшилт дэргэд юм шиг ойрхон. Тэгтэл тэнгисийн ус  хүрхрэх чимээтэй зэрэгцэн үлээвэр хөгжмийн аялгуунд усан цэргийн марш цогтойгоор тодрон  гарч ирэх нь сүртэй... Далайн мандал дээр ил гарсан  шар завин дээр өвгөн далайчин олон хүүхэд тойруулан суулгаад хуучилж сууна. Тэр гадаад их тэнгист өнгөрүүлсэн амьдралынхаа сонирхолтой адал явдлуудаас ярина. Түүний ярианы амтанд орсон хүүхдүүд өвөөгийн бавгар цагаан сахалтай аманд орох шахжээ. Тэнгисийн салхинд өвгөний урт буурал халимаг үс сүртэй гэгч нь дэрвэлзэн хийсэж, хааяа нэг  сорох махир гаанснаас нь нарийн цэнхэр утаа дээш суунаглана. Түүний очтон гялалзах хурц нүд, усан цэргийн малгайн хос тууз, цаана нь мэлтэлзэх далайн мандал, тэнгэрт хаяарах үүлс бүгд цэнхэр өнгөтэй. Харин энд усанд шумбагч шар хөлөг л ганцаараа алтран туяарч нүд  гялбуулсаар...
Тийм ээ, өвгөн далайчин Ринго биднийг хөлгийн тавцан дээр гарч ирэхийг ийнхүү урилаа. Тэр гоцлон дуулж байна. Түүний бөмбөрийн цохилт бас хэц хэнгэргийн товшуур ээлжлэн сонсогдоно. Энэ бүхнийг яаж амжуулав аа гэж бодогдохоор. Жон, Пол, Жорж гурав өөрсдийн гитараа тоглонгоо хоолойн түрлэг нэмж хажуугаар нь бас сонин өвөрмөц чимээ хийж өгсөөр. Харин энэ цоглог аялгуу чинь юу билээ? Тийм ээ, энэ цэргийн марш байна. Та нар зөв мэдэрлээ. Тэр тусмаа бүүр 1906 онд хөгжмийн зохиолч Г.Криер, Ч.Хелмер хоёрын зохиосон  “Le Reve Passe” усан цэргийн маршийн хэсгээс цууриатаж байна. Уншигчид минь, одоо та нарынхаа мэдрэмжийг шалган оньсого таалгах хором ирлээ. Дууны дунд хэсэгт 1:35-аас 1:40 минутанд нэг яриа гарна. Ямар хэлээр яг юу гэж хэлнэ вэ? Анхааралтай сонсоорой...

Yellow Submarine

Lennon, McCartney  

In the town where I was born 
Lived a man who sailed to sea 
And he told us of his life 
In the land of submarines 
So we sailed up to the sun 
Till we found a sea of green 
And we lived beneath the waves 
in our yellow submarine.
We all live in a yellow submarine 
Yellow submarine, yellow submarine 
We all live in a yellow submarine 
Yellow submarine, yellow submarine.
And our friends are all aboard 
Many more of them live next door 
And the band begins to play.
We all live in a yellow submarine 
Yellow submarine, yellow submarine 
We all live in a yellow submarine 
Yellow submarine, yellow submarine.
(Full speed ahead Mr. Boatswain, full speed ahead 
Full speed ahead it is, Sgt. 
Cut the cable, drop the cable 
Aye, Sir, aye Captain, captain) 
As we live a life of ease 
Every one of us has all we need 
Sky of blue and sea of green 
In our yellow submarine. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.