Тос даасан өгүүллэгийг тань тэсч ядан хүлээе

2016.04.15 Баасан №043 /2074/

Б.Цэнд-Аюуш

“Азийн цэнхэр уул” тэргүүтэн өгүүллэг, тууж, “Суварган цэнхэр уулс”, “Загийн алим” зэрэг олны сэтгэлд хоногшсон кино зохиолуудыг туурвисан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Санжийн Пүрэвийн бие чилээрхээд удаж буй. Тэрээр эмчилгээ хийлгэхээр өчигдөр БНХАУ-ыг зорилоо. Буурал зохиолчийн эмчилгээний зардал чамгүй олон оронтой  тоонд багтаж байгаа ажээ. Тиймээс уран зохиолын хүрээнийхэн, зохиолч, яруу найрагчид, түүнийг хайрлан хүндэтгэдэг уншигчид, шавь нар, нутаг усныхан, хилийн чанадад суугаа монголчууд,  гадаадын уншигчид гээд олон хүн түүний эмчилгээнд зориулан сэтгэлийн хандив цуглуулах сайн санааны аяныг өрнүүлсэн юм. 
Зохиолч Д.Энхболд, Х.Болор-Эрдэнэ нар анх санаачлан С.Пүрэв зохиолчийн эмчилгээний зардлыг цуглуулах аяныг эхлүүлсэн ажээ. Сайхан сэтгэлийн энэ аян хилийн чанадад ч өрнөсөн байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудаас гадна Германы эрдэмтэн Ирина Зобова, Өвөрмонголын Б.Дүүрэнжаргал тэргүүтэй зохиолч, яруу найрагчид эмчилгээний зардалд хандив өргөжээ. С.Пүрэв баавай энэ бүхэнд баярлаж байгаагаа хэлж, “Би ер нь очоод л эдгэрчихнэ гэдэгтээ итгэлтэй байна. Өөрт нэг совин төрөөд байгаа” гэсэн юм. Сэтгэлийн дэм мөнгөнөөс ч илүү гэдэг энэ билээ. Олон хүний халуун сэтгэл С.Пүрэв баавайг хөл дээр нь босгожээ. Түүнийг Бээжинд очиход нь элэг нэгт өвөрмонгол зохиолчид угтан авч, эмнэлэгт нь хэвтүүлж, бүх талаар туслахаа илэрхийлсэн байна. Мөн “Чингис хаан” киноны уран бүтээлчид түүнийг Бээжинд тосч авахаар болжээ. “Монгол хүний оюун билиг цэлмэг, санаа сэтгэл аугаа уужим байсан цагт бид их зүйлийг хийх юм байна гэдгийг ойлгож л сууна даа” хэмээн өгүүлэх Санжийн Пүрэв баавай удахгүй эдгэрч ирээд “Тэр жилийн тэр нэгэн өдөр” кино зохиолоо тууж болгон бичиж дуусган, бас бус өгүүллэгүүдээ гараас гаргана гэдгээ ч хэллээ. Буурал зохиолчийн тос даасан монгол өгүүллэгүүдийг тэсч ядан хүлээх л үлдлээ дээ, бидэнд. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.