Н.Энхболд: Цэцийн шийдвэрийг л харъя

2016.04.15 Баасан №043 /2074/

Г.Балжинням

УИХ-ын гишүүн Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-МАН-ын бүлгээс УИХ-ын даргад албан тушаалаасаа татгалзахыг шаардсан бичиг гардуулсан. Үүнийг олон янзын өнцгөөс тайлбарлаж байна. Жишээлбэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга шаардах бичгийг сонгууль дөхсөнтэй холбоотой улс төрийн шоу, цэвэр гүтгэлгийн агуулгатай зүйл гэсэн. Таны тайлбар юу байх бол?
-УИХ-ын дарга З.Энхболд өөрийн ажил, үүргээ ямар хэмжээнд гүйцэтгэж ирснийг олон нийт харж байгаа. УИХ-ын даргын албан тушаал дээр намын даргынх нь ажил, үүрэг давхацсан. Үүнээсээ болоод төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагааг буруу тийш нь залж байна. УИХ-ын дарга парламентын үйл ажиллагааг явуулахдаа намын бодлого шийдвэр, үзэл суртлаас ангид, бүх гишүүдэд тэгш хандах ёстой. Энэ шаардлагыг З.Энхболд биелүүлэхгүй байгаа учраас манай намын бүлгийн зүгээс албан тушаалаасаа сайн дураараа огцрох шаардлага хүргүүлсэн. Энэ бол сонгуулийн өмнөх шоу биш. Сонгуультай ямар ч холбоогүй асуудал. Бидний тавьсан шаардлагад УИХ-ын даргын гаргасан зарим шийдвэр, хурал удирдаж байгаа байдал зэргийг нь жишээгээр дурдсан байгаа шүү дээ. 
-Намын дарга хүн УИХ-ын дарга хийх нь буруу гэсэн үг үү?
-Ардчиллын, парламентын засаглалын замаар олон арван жил, олон зуун жил явж ирсэн улс орнуудын жишгийг авч үзэхэд УИХ-ын дарга буюу спикер нь намаасаа түдгэлздэг. Эсвэл парламентын даргаар нам бус хүнийг сонгох ёстой гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Манай улсын хувьд парламентын засаглалд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд янз бүрийн хувилбараар явж, оролдож ирсэн. Одоо дүгнэхэд аливаа намын дарга хүн УИХ-ын даргын албан тушаалыг давхар хашина гэдэг бол буруу зүйл юм гэдэг нь практикаар харагдаж байна. 
-Шаардах бичигт УИХ-ын дарга хариу ирүүлсэн үү?
-Хариу ирүүлнэ гэж найдаж байна. 
-МАН, МАХН сонгуульд эвсэх, эсэх асуудал ямар шатанд байгаа вэ. Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Дүгнэлт нь гарсан уу гэдэг сэдвээр яриагаа үргэлжлүүлье...
-Ажлын хэсэг ажиллаж байгаа. Албан ёсоор дүгнэлт гаргаж, танилцуулаагүй байна. Өмнө нь  нэг удаа намын Удирдах зөвлөлөөр ажлын хэсгийн ажлын явцтай танилцсан. Тодорхой чиглэлүүд өгсөн. Ер нь МАН, МАХН-ын угшил, улс төр, нийгмийн хөгжлийн асуудлын талаарх байр суурийн ойр төсөөтэй байдал, энэ намыг хагалсан түүх, сүүлийн сонгуулийн үр дүн болон өнөөдрийн Монголын нийгэм, эдийн засгийн байдал зэргийг харгалзаж үзээд сонгуульд аль болох эвсэж, хүчээ нэгтгэж орохыг эрмэлзэж байна. Энэ бол аль нэг намын бус улс орны нийтлэг эрх ашигт илүү зохицно. 
-Эвсэх тал дээр МАХН-аас тодорхой болзол тавьж байгаа байх?
-МАХН-аас ямар болзол тавих нь эцсийн байдлаар тодорхой болоогүй. Тавих болзлыг нь хүлээгээд байж байна.     
-Хүлээж авах боломжгүй болзол тавибал яах бол?
-Манай намын хувьд өнгөрсөн сонгуулийн үр дүн гэхээсээ илүү өнөөгийн байдал, ирээдүй рүү чиглэсэн бодлогоор асуудалд хандаж байгаа. Хүлээж авахын аргагүй болзол аль аль талаасаа тавибал хэцүү. Хугацаа богино байна. Ямар ч байсан хугацаандаа амжиж ажлын хэсэг дүгнэлтээ гаргах ёстой. 
-МАХН-аас гадна бие даагч гишүүдийг МАН-ын дарга М.Энхболд сонгуульд хүч нэмэхийг урьсан?
-Бие даагч гишүүдийн нам гэж байхгүй учраас эвсэнэ гэж ярихгүй байх. Харин манай намд элсэх тухай ойлголт байж болно. Ер нь сонгуульд улс төрийн бүх нам, эвсэл, нэр дэвшихийг горилогч нартай хамтарч ажиллахад бэлэн.   
-Сонгууль болоход хоёр сар гаруйхны хугацаа үлдлээ. Гэвч Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хувилбар яригдаж байна. Сонгуулийн хуульд одоо өөрчлөлт оруулах боломжтой юм уу. Хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж заагаагүй ч 2003 онд батлагдсан УИХ-ын тогтоолд "Сонгууль болохоос зургаан сарын өмнөх хугацаанд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно" гээд заачихсан байсан?   
-Сонгууль болохоос зургаан сарын өмнөх хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн УИХ-ын тогтоол хүчинтэй хэвээр байгаа. 
-Тэгвэл хууль, тогтоол хоёрын алийг нь дагаж, мөрдөх юм бэ?
-Хууль, УИХ-ын тогтоол хоёр хоёулаа нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт юм. 
-Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргана гэсэн үг үү. Жишээлбэл, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, жагсаалтын 28-ыг байхгүй болгох тухай асуудал Цэц дээр ирсэн гэсэн мэдээлэл байна?
-2011 онд Сонгуулийн хууль батлагдсаны дараа яг энэ асуудал Цэц дээр ирсэн байдаг. Цэц сонгуулийн тогтолцоо хосолсон байх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэр шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас сүүлд батлагдсан Сонгуулийн хуулийг боловсруулахдаа ч гэсэн хосолсон тогтолцоог оруулсан байгаа. Цэц дээр харин тийм асуудал очсон, эсэхийг мэдээгүй байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаад ирлээ. Хэрвээ тийм асуудал очсон бол Цэц ямар шийдвэр гаргахыг л харъя. 
-Сонгуулийн хуулиас гадна өөр нэг асуудал олон нийтийн анхааралд орж ирсэн. Тэр нь АТГ-ын дарга огцрох өргөдлөө өгсөн асуудал. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өргөдлийг нь хэлэлцээд Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гэнэт гаргасан энэ шийдвэрийг нь та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсад хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу өөрсдийн итгэл үнэмшлээрээ үйл ажиллагаагаа явуулахад маш хүнд болсон. Тэднийг үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байхад нь, шүүхээр асуудал шийдэгдээгүй байхад нь улстөрчид хөндлөнгөөс оролцох гэж оролддог боллоо. Хуулийн дагуу явагдаж байгаа хяналт, шалгалтын ажилд ч саад болохыг оролддог болсон байна. Энэ бүхэн нийгэмд маш буруу ойлголт төрүүлж байгаа юм. Шүүхээр эцсийн шийдвэр гарах хүртэл явагдаж байгаа хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хэн ч оролцох ёсгүй. Гэтэл одоо тэдгээр байгууллагуудын удирдлагуудыг ил, далд янз бүрийн хэлбэрээр дарамтлах, хуулийн байгууллагууд буруу зүйл хийж байна гэсэн ойлголтыг нийгэмд бий болголоо. Сүүлийн үед гарч байгаа энэ мэт зүйлүүдийг авч үзэхэд Монгол Улсад хууль үйлчилж байна уу үгүй юу, төр гэж байна уу үгүй юү гэсэн асуултыг олон хүн тавихад хүргэж байна. 
-Ийм дарамт, шахалтаас болж АТГ-ын дарга өргөдлөө өгсөн гэж та хардаж байна гэсэн үг үү?
-Тийм. Сонгууль болох гэж байгаа цаг хугацааны хувьд, мөн өнөөдөр шалгагдаж байгаа олон дуулиантай хэргүүдийг аваад үзсэн ч ямар нэгэн дарамт байсан байх гэсэн хар надад төрж байна. Н.Ганболд дарга зөвхөн эрүүл мэндийн шалтгааны улмаас өргөдлөө өгсөн гэж харахгүй байгаа.      
-АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар баталдаг. Гэвч хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн энэ эрхийг УИХ-д шилжүүлэх утгатай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлж болох уу?
-Энэ асуудлыг сонсоогүй юм байна. Ер нь бол манай улсад сүүлийн үед зөвхөн улс төрийн, тэр дундаа цаг үеийн шалтгаанаар аливаа хуулиудад олонхиороо хүч түрж өөрчлөлт оруулдаг явдал газар авсан. Энэ бол төрийн байгууллагын үйл ажиллагааны уламжлал, залгамж чанар, арай гэж тогтож байгаа төлөвшил, ёс зүй зэрэгтэй огт зохицохгүй асуудал юм. Хэрвээ өөрийн тань хэлж байгаа шиг тийм хууль үнэхээр санаачлах гэж байгаа бол мөн л улстөрчид, хууль хяналтын байгууллагуудын хооронд болж байгаа өнөөдрийн үйл явдалтай холбож үзэхээс өөр аргагүй. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.