Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр баталлаа

2016.04.15 Баасан №043 /2074/

Г.Ням

Сергей Лавров Монголд айлчлаад буцлаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайд тэрээр нэг өдрийн хугацаатай айлчилсан бөгөөд өчигдөр өглөөний 07.10 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардсан юм. 
Айлчлал хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээгээр эхэлсэн. Урилгыг нь хүлээн авч Монголд айлчилсан зочинтойгоо Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хамгийн эхэнд уулзаж хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж байгааг онцолсон юм. Мөн Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсоны дараа Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Дунд хугацааны хөтөлбөр байгуулснаар хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, хамтын ажиллагааны тодорхой  боломжууд нээгдэнэ гэдгийг Оросын Гадаад хэргийн сайд хэллээ. 
Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ онд болох Гурван талт дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг байгуулахаар ажиллаж байгааг дуулгасан юм.
Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай уулзсаных нь дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг Төрийн ордонд хүлээн авлаа. 
Энэ үеэр тэрээр Сергей Лавровт хандан гурван зүйлд хүсэлт тавьсан юм. Нэгдүгээрт, хоёр орны Төв банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп-хэлцэл хийх, хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах сонирхолтой байгааг тэрээр хэлсэн. Харин түүний дараа ОХУ-ын нутаг дэвсгэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэх “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг энэ оны 6 дугаар сард Ташкент хотноо болох Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр байгуулахыг Ерөнхий сайд санал болгосон юм. Түүнчлэн Эгийн голын усан цахилгаан станцын талаар мэдээлэл өглөө.  Гуравдугаарт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш Бүгд Найрамдах Буриад Улс жижиглэнгийн худалдаагаар ОХУ-д тэргүүлэх байр эзэлснийг тэмдэглээд цаашид Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Чит, Горно-Алтайск зэрэг хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдааг зохион байгуулах, энэ төрлийн арга хэмжээг хийхэд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн. 
Сергей Лавров энэхүү хүсэлтэд "Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргахад либералчлах чиглэлээр Оросын талаас арга хэмжээ авч байгаа. Монголын бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдаа болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулахад холбогдох дэмжлэг, хөнгөлөлттэй нөхцөл үзүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаны хүмүүстээ даалгаж ажиллана" хэмээн хариулсан юм. 
Мөн Оросын Гадаад хэргийн сайд Бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг хэлээд Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой санамж бичиг байгуулан, хамтран ажиллах санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.