Цэцээр замаа засуулж, Сонгуулийн хуулийг өөрчлөх хувилбар

2016.04.15 Баасан №043 /2074/

С.ШИЙЛЭГТӨМӨР

АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд хоёрын шинэ тохиролцооны сургийн тухай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө чих дэлсч байлаа. Тэднийг Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар тохирч, цэвэр мажоритараар 2016 оны сонгуулийг явуулахаар ярьсан гэж байв. Бүр жагсаалтын 28 мандатын 18-ыг нь хотод, үлдсэн 10-ыг нь орон нутгийн тойргуудад нэмэхээр тохирсон тухай хэвлэлүүд бичиж байсан юм. Гэхдээ энэхүү мэдээлэл ортой эсэх нь өчигдрийг хүртэл эргэлзээтэй байв. Юу гэвэл, ээлжит сонгуулиас өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуулийг өөрчлөх нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх магадлал маш бага учраас тэр л дээ. Хэдийгээр санаатай, санамсаргүйн аль нь боловч УИХ-аас Сонгуулийн хуулийг батлахдаа “зургаан сарын дотор өөрчлөлт оруулж болохгүй” гэдэг заалтыг мартсан ч нийгэм, дээр нь улс төрийн бусад намууд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх байсан. Харин өчигдрөөс эхлэн хоёр Энхболдын тохиролцоо үнэний ортой болж, бүр хэрэгжих бололцоо ч бүрдэж мэдэхээр болжээ. Шуудхан хэлэхэд, тохиролцоо үнэн бол тэдний замыг Үндсэн хуулийн Цэц засч өгч магадгүй нь. 
Одоо энэ тухай өгүүлье. Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1.1 дэх заалт буюу “хувь тэнцүүлсэн (пропорциональ)”, 120 дугаар зүйлийн гурав дахь дахь хэсэг “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэсэн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг шүүхээр болсон тухайгаа өчигдөр зарлалаа.

Иргэн Д.Банзрагч, Ц.Намсрай нар дээрх заалтууд нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, мөн тус зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно”, хорин гуравдугаар зүйлийн 1-т “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэн Цэцэд ханджээ. Цэц тэдний мэдээллийг нягтлаад маргаан үүсгэж энэ сарын 22-нд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болсон байна. 

Уг нь манай улс холимог тогтолцоогоор анх удаа сонгууль явуулах гэж байгаа юм биш. 2012 оны сонгууль ч тойргоос сонгогдох 48, жагсаалтаар сонгогдох 28 гэсэн хувилбараар явагдсан. Энэ тогтолцоог зохицуулсан хуулийн заалт ч Цэцэд анх удаагаа очиж байгаа юм биш. 2012 оны сонгуулийн өмнө нэр бүхий иргэд яг энэ асуудлаар Цэцэд хандаж байсан юм. Гэвч маргаан үүсгэхээс татгалзаж байлаа. Харин энэ удаад хоёр Энхболд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр тохиролцсон гэх мэдээллийн араас Цэц дунд суудлын хуралдаанаа товлосон нь анхаарал татаж байна. Шууд хуулийн төсөл санаачлаад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм бол дээр өгүүлсэнчлэн шүүмжлэлд өртөнө. Харин Цэц Үндсэн хуультай зөрчилдөж байна гээд дүгнэчих юм бол дүгнэлтийг нь УИХ хүлээж аваад хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Учир нь, Цэц их суудлын хуралдаанаараа өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн тохиолдол байдаггүй юм. Нөгөөтэйгүүр, Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад хуульдаа өөрчлөлт оруулчих юм бол МАНАН үгсэн хуйвалдаж хуульдаа өөрчлөлт орууллаа гэх шүүмжлэлд өртөхгүй. Сайндаа л Цэцэд захиалга өгч шийдвэр гаргууллаа гээд өнгөрнө. Дээр нь 2012 оны сонгуулиар жагсаалтаар долоон гишүүн нь сонгогдсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн улстөржилтийг давж гарахад ч дөхөмтэй. Тэд завсарлага авч болох ч Цэцийн дүгнэлт нэгэнт Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж гарвал үйлчлэл нь түр түдгэлзэнэ. Тиймээс хуулийг өөрчлүүлэхгүй байх боломжийг эвслийн бүлэгт олгохгүй гэсэн үг л дээ. Нөгөөтэйгүүр, хоёр Энхболд тохиролцсон тухай мэдээлэл нь Цэцийн дунд суудлын хуралдааны товтой бараг зэрэгцэн олон нийтэд хүрсэн учраас энэ нь санаандгүй давхцал гэдэгт ч итгэхэд бэрх юм. Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэх нь ойлгомжтой, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан гишүүн мэтгэлцээндээ ялагдах нь ч ойлгомжтой гэж ч хэлж болохоор байна. Хоёр намын дарга Энхболдууд үнэхээр л Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр тохиролцсон нь үнэн бол тэд ч Цэц дээр ийм зүйл болохыг мэдэж байгаа. Үгүй юм аа гэхэд ингээсэй гэж хүсч байгаа болов уу. 
МАН-ынхан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлэхийн өмнө хомилог тогтолцоог эсэргүүцэж байсныг санаж байгаа байх. Бүр холимог тогтолцоог эсэргүүцэж сонгуулийн тогтолцоогоо ард нийтээс асуух тухай тогтоолын төсөл хүртэл өргөн барьж байлаа. Тиймээс энэ удаад ч Сонгуулийн тухай хуулийг өөрчилж 100 хувь мажоритар болгохыг дэмжих нь мэдээж. АН-ынхан ч ялгаагүй дэмжиж байгаа бололтой. Үүний нэг илрэл нь Ш.Түвдэндорж тэргүүтэй гишүүд жагсаалтын 28-аас зургааг нь хасч, нийслэлийн тойргуудад нэмэх агуулгатай хуулийн төслөө одоог хүртэл өргөн бариагүй явдал. Уг нь Ш.Түвдэндорж гишүүн өнгөрсөн долоо хоногт “Өнөө, маргаашгүй төслөө өргөн барина” хэмээн ярьж байсан юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт сонгуулийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөхөөр болсон учраас төслөө өргөн барих шаардлагагүй гэж үзсэн байхыг ч үгүйсгэхгүй. 
Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй. Харин намууд нэр дэвшигчээ тодруулах хугацаа буюу ирэх тавдугаар сарын 5-наас өмнө л өөрчилсөн байх шаардлагатай. Хуульдаа өөрчлөлт оруулсныхаа дараа тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслөө дахин хэлэлцэж тойргуудын мандатын тоог нэмэхэд л болох юм. Харин энэ өөрчлөлт хоёр том намд ашигтай тусах ч жижиг намуудад халтай байх нь гарцаагүй.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.