Л.Эрдэнэчимэг: ЦЕГ-ын даргыг солихгүй бол Засгийн газрыг унагах алхам хийнэ

2016.04.13 Лхагва №042 /2073/

С.ШИЙЛЭГТӨМӨР

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс дараахь тодруулгыг авлаа.

-“Их тэнгэр”-т болсон бүлгийн хурлын үеэр Х.Баттулга гишүүн “МоАХ-ныхоо хоёр сайдыг Засгийн газраас гаргана” гэж хэлсэн тухай мэдээлэл бий. Энэ үнэн үү? 
-МоАХ Засгийн газарт дөрвөн сайдтай. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Зам, тээврийн сайд М.Зориг нар бол МоАХ-ны квотоор Засгийн газарт ажиллаж байгаа. Баривчилгаа, нэгжлэгийг ЦЕГ-аас хийж байгаа. ЦЕГ-ын даргыг томилдог Ерөнхий сайд хэрэв энэ хууль бус үйлдлээ зогсоохгүй бол МоАХ-ны квотоор ажллаж байгаа дөрвөн сайдаа манайх эргүүлэн татна гэсэн шаардлага тавьж байгаа.
-Хүчний байгууллагуудын удирдлагыг солихгүй бол тэднээр дамжуулан нэг нэгнээ намнах явдал арилахгүй юм байна гэж үзсэн гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Энэ бол бодитой мэдээлэл. ЦЕГ-ын даргын томилгоог Ерөнхий сайд өөрөө хийдэг ч одоо захирч чадахаа больчихлоо. Ерөнхий сайд “Би энэ асуудлыг ЦЕГ-т тавина” гэдэг боловч юу ч өөрчлөгдсөнгүй. Энэ хооронд маш олон баривчилгаа явагдлаа. Ялангуяа, эмэгтэйчүүдийг баривчлах явдал их байна. Уржигдар л гэхэд бас нэг эмэгтэйг баривчилсан. Харин бид үдийн хойно суллаж авсан. Хэрэв Ерөнхий сайд ЦЕГ-ын даргынхаа хууль бус үйл ажиллагааг зогсоож чадахгүй бол бид сайд нараа татаж, Засгийн газрыг унагаах үйл ажиллагаа явуулахаас өөр арга алга. 
-Бүр цаашлаад намаасаа гарах тухай ч ярьж байгаа юу?
-Бид намаасаа гарах тухай огт яриагүй.
-АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдана. Уг хурлаар дотоод маргаанаа цэгцэлж чадах болов уу?
-ҮЗХ-ны хурлаар зөвхөн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл, энэ сарын 20 гэхэд намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгч аудит хийлгэсэн байх шаардлагатай. Гэхдээ манай ҮЗХ-ны хурал нэлээд нээлттэй, эрх чөлөөтэй болдог учраас намын эв нэгдлийн асуудлаа ярьж л таарна. 
-ЦЕГ-аас “Баянгол” зочид буудалд болсон үйл явдлыг УИХ-ын гишүүд улстөржүүлэн дэвэргэж байна гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Та тэнд байсан гишүүнийхээ хувьд юу хэлэх вэ?
-Жирийн нэг компанийг шалгах гэж байгаа юм бол яагаад тусгай албаны бүрэн зэвсэглэсэн 20 гаруй залуу, хоёр том автобус дүүрэн цагдаа нар ирсэн юм бэ. Энэ нь тухайн үйл явдлыг зүгээр нэг жижиг зүйл  биш гэдгийг нотолж байгаа юм. Бид очиж УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээр хамгаалалт хийсэн. Ингээгүй бол юу болох байсныг хэлж мэдэхгүй байна. Уг нь Х.Баттулга гишүүнтэй холбоотой асуудал анх төмөр замтай холбоотойгоор гарсан биз дээ. Гэтэл одоо хувийн компани руу нь явж байна. Өмнө нь бас өөр хүмүүст иймэрхүү байдлаар хэрэг тулгаж байсан. Ер нь сонгуулийн өмнө нэр дэвших гэж байгаа хүмүүсийг онилсон үйл ажиллагаа их явагдах юм шиг байна. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг эргүүлэн татах тухай 20 гаруй заалт бий.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.