Ерөнхий сайд Азийн хөрөнгө оруулагчдын чуулганд илтгэл тавилаа

2016.04.08 Баасан №040 /2071/

“Credit Suisse” банкнаас зохион байгуулж буй Азийн хөрөнгө оруулагчдын ес дэх удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавилаа. “2015 он Монгол Улсын эдийн засгийн хувьд хүнд жил байсан. Гэсэн ч Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засагтаа тодорхой ахиц дэвшил гаргалаа” гэж Ерөнхий сайд хэлээд эдийн засгийн нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулалтыг татахаар хийж буй ажлууд, улс төрийн тогтвортой нөхцөл байдлыг онцлон ярилаа. Илтгэлийн дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Тус арга хэмжээ нь Азийн бүс нутгийн хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалтын нэг бөгөөд энэ үеэр Засгийн газрын санхүүжилтийн талаар голчлон ярилцсан юм. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Credit Suisse” банкны удирдах албан тушаалтнуудтай уулзлаа. Уулзалтад “Хөгжиж буй зах зээл” санхүүгийн группийн захирал Саураб Банглани, дэд захирал Али Алам, Монгол Улстай хамтран ажиллах үйл ажиллагаанд оролцож байсан “Credit Suisse” банкны багийн гишүүд болох Нэйл Харвэй, Паул Трегидо, Дерек Армстронг нар оролцлоо. Монголын талаас Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ерөнхий консул Б.Отгонжаргал, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, “Эрдэнэс Монгол” компанийн гүй­цэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцов. Монгол Улсын Хөгжлийн банк “Credit Suisse” банктай 2014 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Засгийн газар тус банктай хамтарч богино хугацаанд бонд гаргах, хамтарсан зээлийн хэлбэрээр нийт 750 сая ам.доллар босгож чадсан гэдгийг Ерөнхий сайд онцлоод харилцан ашигтай, хамтын ажиллагааны талаар “Credit Suisse” банкны удирдах ажилтнуудтай санал солилцлоо.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.