М.Зоригт: АСЕМ-ын үеэр дотоодын нислэгийг Налайх руу шилжүүлнэ

2016.04.08 Баасан №040 /2071/

Г.Ням

Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд М.Зоригт оролцож, мэдээлэл хий­лээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд Хө­шигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулсан юм. Зам, тээврийн сайд М.Зоригтын хэлснээр шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил 75.1 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна. Ирэх оны нэгдүгээр сард багтаан барилгын ажлыг нь дуусгаж, тавдугаар сард хүлээлгэн өгөх аж. Үүнтэй холбогдуулан Монгол Улс, БНХАУ-ын хооронд ши­нээр агаарын хаалга нээж, Хятадын дотоодын нислэгүүдийг Монголын агаарын зайгаар дамжин өнгөрүүлэх талаар тохиролцсон байна. Энэ нь нислэгийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв. 
Түүнээс гадна МИАТ болон “Аэромонголиа” ХХК-иуд хамтран Улаанбаатар-Ховдын чиглэлд “Боинг 737-800” маркийн онгоцоор нислэг үйлдэхээр болжээ. Ховдод “Боинг”-оор очсон зорчигчдыг “Фоккер-50” онгоцоор Баян-Өлгий, Завхан зэрэг зэргэлдээх аймгуудад хүргэснээр ба­руун айм­гуудын нислэгийн тийзийн үнэ 40 хүртэл хувиар хямдарч, үйлчилгээний чанар дээшлэх давуу талтай аж. Мөн 2008 онд гүй­цэт­гэхээр гэрээ байгуулж найман жил гацаж байгаа Говь-Алтай, Завхан айм­гийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан­гийн барилгын ажлыг дуусгаж баяр наадмаас өмнө ашиглалтад хүлээлгэн өгнө гэлээ.
Харин төмөр замын салбарт Төмөртэй-Хандгайт чиглэлийн 33.4 км төмөр замыг суурь бүтэц, бу­сад барилга байгууламжийн хамт монголчууд өөрсдөө барьж, анхны ачаа тээврийн эхлүүлснийг салбарын сайд онцоллоо. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ хавар эхлүүлэхээр болжээ.
Улсын хэмжээнд зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг дөрөв­дүгээр сарын 18-нд эхлүүлнэ гэдгийг тэрээр хэлээд, автозамын салбарт 2016 онд 30 чиглэлийн 3203.55 км авто зам болон долоон байршилд 1346.6 метр төмөр бетонон гүүр барих төлөвлөгөө гаргасан гэдгийг дуулгалаа. 
Зам, тээврийн сайд ийн мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 
-Тавантолгой-Гашуун сухайт чиг­лэлийн төмөр замын  бүтээн бай­гуулалтын санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?
-Санхүүжилтийн хувьд ямар ч асуудал байхгүй. БНХАУ-тай огт­лолц­лын цэгээ тогтох, ТЭЗҮ-ийг нарийв­чилж боловсруулах ажлууд л байгаа. Хэлэлцээр амжилттай явж байгаа. 
-Нарийн цариг тавихаар тогтож байгааг та дэмжиж байгаа юу?
-Царигийн асуудлыг би шийд­дэггүй. Манай яам ч шийдэхгүй. УИХ нарийн царигтай төмөр зам тавих шийдвэр гаргачихсан байгаа.
-АСЕМ-ын дээд хэмжээний уул­залтад ирэх зочдод үйлчлэх машин бэлэн болсон уу?
-Дөрөв, тавхан улсын төрийн тэргүүнд зориулсан аюулгүй байдлыг сахин хамгаалах, сум нэвтрэхгүй машин авсан. Дээр нь цагдаагийн бай­гууллагад 50 приус машин аваад байна. Өндөр төвшний зочдод төрийн үйлчилгээний унаа тэргээр үйлчилнэ. Мөн манай зарим залуучууд өөрсдийн машинаа үйлчилгээнд явуулах санал гаргасан. Тиймээс АСЕМ-ыг зохион байгуулахдаа үр дүнгүй зардал гаргахгүй байгаа.
-Энэ уулзалтын үеэр өөрсдөө машин авчрах хэр хүмүүс байгаа вэ?
-ОХУ ямар ч байсан авчирна. Тэр­нээс гадна цөөн хэдэн улс байгаа гэсэн мэдээлэл байна. 
-АСЕМ-ын үеэр дотоодын нис­лэгийг Буянт-Ухаа дахь онгоцны буудлаас хийхгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Буянт-Ухаа дахь онгоцны буудалд бууж, суух зам, онгоцны зогсоолыг өргөтгөх гээд маш олон ажил эхэлсэн. АСЕМ-тай холбогдуулж хоёр хоног дотоодын нислэгийг Буянт-Ухаа онгоцны буудлаас нисгэхгүй. Харин Налайх дүүргийн цаана байрлах Цэргийн онгоцны буудал дээрээс нисгэж, буулгахаар төлөвлөсөн.
-Энэ сараас хөдөө орон нутгийн нислэг 40 хувь хүртэл хямдарч бай­гаа. Энэ нь агаарын тээврийн ком­паниудад ашигтай байж чадах уу? 
-Өнгөрсөн жил “Изинис Эйрвэйз” дотоодын агаарын тээврийн ком­панийг дам­пуу­руулсан. Өнөөдөр Зам, тээврийн  яам дахин  нэг ч  агаарын тээв­рийн  компанийг  ийм байдалд оруу­лахгүйн төлөө ажиллана. Тиймээс бүх  чиг­лэлийн  нислэг тухайн  компанид ашиг­тай байх ёстой. Нислэгийн тариф 40 хувь хүртэл хямдарч байгаа нь зөв менежмент. Одоо бол ганцхан Улаан­баатараас хөдөө орон нутаг руу том онгоц нисч байна. Үүний оронд том онгоц Ховд аймагт аваачиж буулгаад тэндээс жижиг онгоцоор ойрхон зайд зөөвөл тээвэр логистикийн зөв зохион байгуулалттай болно. Өөрөөр хэлбэл,  эдийн засгийн аргаар тээвэр логистикийг зохицуулна гэсэн үг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.