Д.Жаргалсайхан: Олимпод 30-33 тамирчинтай оролцож медалийн буухиаг үргэлжлүүлнэ

2016.04.08 Баасан №040 /2071/

Д.ЖАВХЛАН 

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Доржсүрэнгийн Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр энэ албыг аваад нэг сар болж байгаа юм. Гэхдээ тэрээр энэ салбарт шинэ хүн биш.

-Та спортын салбарт хэзээнээс ажилласан бэ?
-1989 онд Монголын оюутны спортын холбоо байгуулагдсан түүхтэй. Тэр жил энэ холбоонд анх ажилд ороод өдийг хүртэл спорттой нөхөрлөж явна. 30-аад жил болж байна. Би тэгэхэд оюутан байсан л даа. Дараа нь, 1991 онд Монголын спортын төв байгууллагад мэргэжилтнээр ажилласан. Тэнд өөрийгөө нэлээд идэвх чармайлттай ажилласан гэж боддог. Ингэж спортын салбар руу орсон. Оны өмнөхөн гавьяат дасгалжуулагч хэмээх хүндтэй шагнал хүртсэн. 
-Та Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал болоод нэг сар боллоо. Олимп хаяанд тулсан хариуцлагатай цаг үед энэ салбарыг хариуцан авч байна. Тиймээс олимпод хамаг анхаарлаа хандуулж байгаа байх?
-Би ажлаа аваад нэг их удалгүй. Зарим албанд бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ бүтцээрээ “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан болон эрхээ авахаар зорьж байгаа баг тамирчдаа илүү эрчимтэй бэлтгэнэ. Мөн баг тамирчин, дасгалжуулагчдын сахилга бат, зохион байгуулалтад өндөр шаардлага тавьж ажиллана. 
-Хэдхэн хоногийн өмнө олимпийн наадмын нээлт, хаалт болох хотод очоод ирсэн. Явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцахгүй юу?
-Эрүүл мэнд, спортын яамны бодлого хэрэгжилтийн газрын дарга Бакытжан, Үндэсний шигшээ багийн албаны дарга асан Ц.Одонбаяр бид хэд Рио де Жанейро хотын олимпийн бэлтгэлийн бааз, тамирчдын байрлах байр зэргийг үзэж танилцаад ирлээ. Манай баг тамирчид урд нь олимпод оролцохдоо тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө олимп болох орны хөрш улсад бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Цаг агаар, цагийн зөрүүгээ тохируулах гэж тэр шүү дээ. Энэ удаагийн олимп болох Бразил улсын цаг агаар, цагийн зөрүү бидэнд том шалгуур болох нь ойлгомжтой. Бразил манайхаас 12 цагийн зөрүүтэй, дээр нь их өндрийн бүст оршдог улс шүү дээ. 
-Манай тамирчид олимпоос хэд хоногийн өмнө Бразилийг зорих вэ?
-Эрдэмтдийн судалгаагаар хоногт нэг цагийн зөрүү арилдаг юм байна. Тэгэхээр бид цагийн зөрүүгээ арилгахын тулд багадаа л 12 хоног хэрэгтэй. Ямар ч байсан 10 хоногийн өмнө Бразилд очно гэж төлөвлөсөн. Монголын баг тамирчдын бэлтгэлийн баазыг олимп болох хотоос холгүй байхаар шийдвэрлэсэн. Тэнд манай баг тамирчид эх орондоо бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийж, хооллож, амардаг вэ, тэр жишигт тааруулах ажлыг эртнээс зохион байгуулахаар ажиллаж байна. 
-Зардал мөнгөө хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Энэ оны улсын төсөвт суулгасан байгаа. Манай бэлтгэлийн баазад тогооч, эмч, бариач, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын баг явна. Олимпод өндөр амжилт үзүүлэхийн тулд олон салбарын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг ашиглах нь эерэг нөлөө үзүүлдэг. Манай Ерөнхий сайд, салбар хариуцсан яам, Сангийн яамныхан эдийн засгийн хямралтай хэцүү үед спортынхныгоо ойлгож олимпийн санхүүжилтийг дэмжин ажиллаж байгаа. Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс одоогоор гурван тэрбум гаруй төгрөгийн зарлага гарсан. Үүнээс 1.5 тэрбум төгрөгийг олимпийн наадмын эрх хүртэх тэмцээнд оролцох замын зардал зэрэгт зарцуулсан. Мөн гаднын бэлтгэл цугларалтад зориулж 600 гаруй сая төгрөг зарцуулсан. Удахгүй Монголд чөлөөт бөхийн олимпийн наадмын эрх олгох дэлхийн тэмцээн болно. Үүний бэлтгэл болон шаардлагатай дэвжээ, бокс, таэквондо, байт харваа зэрэг спортын тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлнэ. Мөн тамирчдын эм, витаминжуулалт, шигшээ багийн хувцас, Монголын бүх ард түмний их наадмын зохион байгуулалт, шагнал урамшуулалд зориулах мөнгийг шийдвэрлэж байгаа. 
-Монголын шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин хэр байна вэ?
-Манай шигшээ багийн бэлтгэл хийдэг орчин гаднынхантай харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай. Манай төвөөс баг тамирчдынхаа бэлтгэл хийх орчин нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч байгаа. 
-Шигшээ багийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?
-Өөрчлөлт оруулах бодол алга. Олимп болтол энэ богино хугацаанд шигшээ багийн төрөл, дасгалжуулагч, тамирчдыг өөрчлөх нь сайн зүйл биш. Олимп өнгөртөл өөрчлөхгүй. Энэ тухайгаа шигшээ багийн ахлах дасгалжуулагчидтай хийсэн хурлын үеэр хэлсэн. Гэхдээ олимпийн наадамд оролцох эрхээ хүртсэн тамирчдын хувьд, бэртэл гэмтэл, амжилт буурсан зэргээс шалтгаалан доороос нь илүү сайн тамирчин гарч ирвэл өөрчилж болно. Энэ бүхнийг дан ганц шигшээ баг шийдчихдэг юм биш. Салбар хариуцсан яамны мэргэжилтэн, багш дасгалжуулагчийн саналаар шийдвэрлэнэ. 
-Уучлаарай, олимп болтол богино хугацаанд Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захиралыг солих нь буруу гэж хэлэх хүн байна?
-Би “Рио-2016” олимпийн наадмын бэлтгэл ажилд эхнээсээ л оролцож явсан хүн. 2012 оны есдүгээр сард ССАЖЯ байгуулагдахад “Рио”-гийн олимпийн шигшээ багийн бүтэц бүрэлдэхүүн, боловсон хүчний тал дээр анхаарч ажиллаж байсан. Олимпод амжилт гаргах, муу оролцох эс нь баг хамт олны ажлын үр дүнтэй холбоотой асуудал юм. Бид “Рио-2016” олимпийн наадамд 30-33 эрхтэй оролцохоор зорьж байна. Би энэ богино хугацаанд өмнөх дарга нараас дутахааргүй ажиллана. 
-Мэдээж Риогийн олимпод оролцох баг тамирчид эх орондоо илүү олон медаль авчрахыг зорьж байгаа байх. Төдөн медаль авчих байх даа гэсэн таамаг танд байна уу?
-“Бээжин-2008”-оос хүртсэн алтан медаль, “Лондон-2012”-оос авсан нийт таван медалийн буухиаг үргэлжлүүлэх зорилт тавьсан. Баг тамирчид ч, бид ч хичээж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.