Киноны тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ

2016.04.08 Баасан №040 /2071/

Г.САНЧИР

БСШУЯ-наас Киноны тухай хуулийг төслийг санаачлан боловсруулаад байна. Ийнхүү кино урлагийн салбарын харилцааг зохицуулах бие даасан хуулийн төслийг анх удаа санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Одоогоор уг хуулийн төслийн талаар Засгийн газраас санал авсан бөгөөд бүх яамд болон мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж дуусчээ. Тиймээс БСШУ-ы сайд Л.Гантөмөр Киноны тухай хуулийн төслийг тун удахгүй өргөн барих юм байна. 
Өнөөдөр манай улсад жилд дунджаар 30-40 орчим уран сайхны кино бүтээгдэж, үзэгчдийн хүртээл болж байгаа нь сайн талтай боловч уран бүтээлчид, кино үзвэрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах, удирдан зохион байгуулахад баримтлах хууль эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн юм. Мөн киноны талаар төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, зорилгыг хэрэгжүүлэх, бодлого, стратегийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байгаа учраас киноны үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, кино үйлдвэрлэлийн санхүүжилт, кино үзвэрийн үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.
Киноны тухай хуулийн төсөл таван бүлэг 16 зүйлтэй бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төрөөс кино урлагийн талаар баримтлах бодлого чиглэл тодорхой болж, кино урлагийн салбарт эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх боломж бүрдэж, шинэ дэвшилтэт технологи бүхий дэд бүтэцтэй болох, улмаар үндэсний кино дэлхийд өрсөлдөх боломж бий болно гэж үзэж байна. Энэхүү хуулийн төслийн талаар БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөрөөс тодруулахад, “Энэ бол киноны салбарт цоо шинэ зохицуулалт болно. Соёл, урлагийг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээрээ онцлог юм. Мөн киноны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол Улсаа сурталчлах нэг гол суваг бий болно гэж үзэж байгаа. Нөгөө талаар киночдын эрхийг хамгаалах боломж бүрдэнэ. Монголд оюуны өмчид тулгуурласан соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Киноны тухай хууль маш чухал гэж үзэж БСШУ-ы сайд Л.Гантөмөр энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барихад бэлэн болоод байна” гэлээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.