Д.Ариунболд: Арабууд Монголд ирж бидний тоглолтыг үзнэ

2016.04.08 Баасан №040 /2071/

Б.Бадамгарав

“Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдтой ярилцлаа.

-Танай хамтлаг оны дараа аялан тоглолтоо хийсэн. Ямар улс оронд уран бүтээлээ толилуулав?
-Манай хамтлагийн ихэнх тоглолт гаднын зах зээлд болдог. Он гараад Арабын нэгдсэн Эмират, Япон зэрэг улсуудаар тоглолтоо хийсэн. Энэ сард бас гадаадад тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Мөн шинэ цомог гаргах төлөвлөгөөтэй байна. Ер нь гадаадад аялан тоглолт хийж, наадмуудад оролцохоор дотооддоо тоглох боломж, цаг зав хомс байдаг. 

-Энэ жил Монголдоо тоглолт хийнэ биз дээ?
-Өнгөрсөн жилийн долдугаар сард Чойжин ламын сүм музейтэй хамтарч тоглолтоо хийсэн. Энэ нь “Авьяаслаг Азичууд” шоунд оролцсон тайлангаа ард түмэндээ өргөн барьсан тоглолт болсон. Энэ жил бие даасан тоглолтоо хийх бодол байна. Яг хугацаа товлож хэлэхэд бэрх.

-“Авьяаслаг Азичууд” шоу танай хамтлагийг олон улсын төвшинд таниулж чадсан. Үүнээс хойш аялан тоглолтын урилга ирэх нь эрс ихэссэн байх?
-Тив хамарсан наадам учраас олны анхаарлын төвд байдаг. Тэндээс продюссерууд шинэ залуу хүмүүсийг олж хардаг. Энэ утгаараа бид шоунд оролцсон. Шилдэгт шалгарч, улсынхаа нэрийг гаргасандаа маш их баяртай байдаг. Манай урлаг өвөрмөц, гайхалтай учраас тэд үнэхээр сайхан хүлээж авсан. Шоуны дараа тоглолтын урилга ч их ирдэг болсон.

-Арабын нэгдсэн Эмират улсад тоглолтоо хийсэн анхны монгол хамтлаг байх. Тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Бид өмнө нь дэлхийн олон орноор явсан. Гэхдээ арабын ертөнц бол маш өөр ертөнц юм байна лээ. Тэр дундаа Саудын Араб бол шашин шүтлэгийнхээ гол цөм нь. Тэнд хаалттай хотууд ч бий. Баячууд нь хэт баяжсан, дундаж анги гэж байдаггүй шахуу юм байна лээ. Баячууд нь дэлхийн том том одыг гэртээ урьж дуулуулдаг. Ийм улсад манай хамтлаг том театрт нь тоглоход хүмүүс ам сайтай байсан. Маш их сонирхож байлаа. Зургадугаар сард "Хөсөгтөн" хамтлагийн тоглолтыг үзнэ гэж арабаас санал ирсэн. 

-Зургадугаар сард дахин Арабыг зорих нь ээ?
-Тэд Монголд ирж, бидний тоглолтыг үзнэ. Ардын урлаг ямар хүчтэй, аялал жуулчлалд хэр нөлөө үзүүлдэг нь эндээс харагдаж байгаа байх. Бид  ноднин томоохон арга хэмжээнүүдэд оролцсон. Биднийг тоглосны хүчинд аялагч, жуулчлагчдын тоо нэмэгдсэн гэдгийг зарим хүн хэлж байсныг сонсоход таатай байсан шүү. 

-Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж гуайн мэндэлсний 65 жилийн ой тохиож, хөгжмийн өдрүүд нь болж байна. Таныг шавь нь гэж сонссон. Багшийнхаа талаар дурсахгүй юу?
-Би багшийнхаа отгон шавь нарын нэг. Урлагийн салбарт ажиллаж байгаад сургуульд орсон болохоор ангийнхаа хөгшин оюутан байлаа. Манай багш олон жил багшилсан туршлагатай хүн учраас хэнд яаж заавал түргэн хугацаанд юм сурах вэ гэдгийг их сайн мэддэг. Надад ачаалал их өгдөг байсан. Намайг бусдыгаа бодвол нас тогтсон, бүтээл хэрхэн хийх арга барил, утга учрыг мэддэг учраас бусдаасаа их цаг зарцуулах ёстой гэдэг байсан. Эцсийн амьсгалаа хураах хүртлээ хөгжмийн төлөө зүтгэсэн хүн дээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.