Сонгууль зохион байгуулах зардлын хэмжээг баталлаа

2016.04.08 Баасан №040 /2071/

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанаар өчигдөр УИХ бо­лон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн зард­лын хэмжээг тогтоох тухай тог­тоолын төслийг хэлэлцэн баталлаа. 2016 оны төсвийг батлахдаа СЕХ-ны төсөвт сонгуулийн зардлын хэмжээг 16.4 тэрбумаар тооцон баталжээ. Анх СЕХ 17 тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэж үзэж байжээ. Гэвч Сангийн яам 2012 оны сонгуулийн зардлын хэмжээнээс 400 сая төгрөгөөр бууруулж 16.4 тэрбум болгосон байна. СЕХ энэхүү төсвөө саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, сонгуулийн зо­хион байгуулалтад ажиллаж байгаа хүмүүсийг цалинжуулах зэрэг олон зүйлд зарцуулахаар төлөвлөжээ. Ту­хайлбал, саналын хуудас хэвлүүлэхэд 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар тө­лөв­лөсөн байна. СЕХ-ноос гадна Улсын бүртгэл, статистикийн ерөн­хий газар (УБСЕГ)-ын төсөвт 3.6 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ­хүү санхүүжилтийг сонгогчдын бүрт­гэлийг гаргах зэрэгт зарцуулах юм байна. Тухайлбал, сонгогчдын нэрсийн жагсаалтыг багтаасан нэгдсэн сервер хийхэд нэг тэрбумыг нь зарцуулахаар төлөвлөжээ. 3.6 тэрбум төгрөг нь УБСЕГ-ын тооцоолсноор хийхээр тө­лөвлөсөн ажлуудыг нь санхүүжүүлж хүрэхгүй ажээ. Учир нь, өмнөх гурван сонгуулиар ашиг­ласан, агуулахад хад­галагдаж буй нөүт­бүүкнүүдийнх нь батерей  сууж, дахин ашиглах боломжгүй болжээ. Эдгээр нөүтбүүкнүүдийн батрейг нь шинэчлэхэд 277 сая төгрөг шаард­лагатай юм байна. Мөн нэмж 200 нөүтбүүк авах шаардлагатай байгаа бөгөөд үүнд нийтдээ 360 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.


Сонгууль зохион байгуулах ажилд оролцдог дараагийн байгууллага бол ЦЕГ. Саналын хуудас, санал ху­раах байрыг 24 цаг хамгаалалтад авч ажиллах цагдаагийн ажилчдын цалин урамшууллаас эхлээд нийтдээ 706.9 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Үүнийгээ 2016 оны төсөв батлагдахын өмнө Сангийн яаманд танилцуулсан боловч төсөвт нь суулгаж өгөөгүй аж. Учир нь, өмнөх сонгуулиудаар энэ зардлыг СЕХ-ны төсвөөс гаргадаг байжээ. Тиймээс энэ жишгийнхээ дагуу СЕХ-ны 16.4 тэрбум төгрөгийн төсвөөс гарах ёстой гэж тооцсон байна. Гэвч ингэх боломжгүй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн учирлаж байлаа. Учир нь, Сонгуулийн тухай хуулийг 2016 оны төсвийн дараа батлахдаа СЕХ-ны төсвөөс ЦЕГ руу шилжүүлэх боломжгүйгээр хуульчилжээ. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ын 16.4 тэрбум төгрөгийн төсвийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Харин УБСЕГ-т шаардлагатай нэмэлт санхүүжилт, ЦЕГ-ын санхүүжилтыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах үүрэг өглөө.


Хэлэлцүүлгийн үед УИХ-ын ги­шүүн Д.Дэмбэрэл “Өмнөх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ху­га­­цаа 30 хоног байсан бол шинэ хуу­­лиар 18 хоног болж багассан. Тий­мээс сонгуулийн зардал бүр илүү багасах ёстой юм биш үү” гэж байв. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн тайлбарласнаар бол сонгогчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор зар­дал нэмэгдэж байгаа ажээ. 2012 оны сонгуулиар 1.7 сая сонгогчтой бай­сан бол энэ удаагийн сонгуулиар урьд­чилсан байдлаар хоёр сая гаруй сон­гогч санал өгнө гэсэн тооцоо гарчээ. Үүнийг дагаад хэсгийн хороо 186, тэнд ажиллах хүмүүсийн тоо 5000-аар нэмэгдэх юм байна. Хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүсийг 192 мянган төгрөгөөр цалинжуулна гэж тооцжээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.