Эвдрэх, эвлэрэхийг “Их тэнгэр”-т шийднэ

2016.04.08 Баасан №040 /2071/

Д.ДАМДИНЖАВ

Ардчилсан нам  байгуулагд­саны 26 жилийн ой өчигдөр тохиолоо. Харамсалтай нь, тэд баярлаж чадсангүй. Баярлах сөхөө ч байсангүй. Учир нь намын дотоод хагарал ил цагаандаа гарч, улмаар улс төрийн түгшүүртэй байдлыг бий болгоод байна. Фракцуудын зөрчил гэж шаналдаг байсан тус нам жилийн өмнө буюу 25 жилийнхээ ойн баяраар “Фракцгүй нам болсон”-оо зарлаж байв. Гэтэл өдгөө фракцуудын зөрчил нь арилаагүйгээр  барахгүй лидерүүдийн хагарал,  хуваагдал гэх  шинэ  зовлон нэмэгдлээ. Сүүлийн өдрүүдэд АН-ын лидерүүд бүгд ээлж дараалан мэдэгдлүүд хийсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын өөр өөр цагт, өөр өөр нөхцөл байдалд үндсэндээ АН-ын дотоод хагарлыг ил зарлалаа. Тэдний үг мэснээс ч илүү хатуу ширүүн, маш халуун, бас ноцтой мэдэгдлүүд байв. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттерчидтэй уулзалт хийх үеэрээ намын нөхрөө далд утгаар дайрсан үгийг хэлсэн юм. Тэрээр “Хараад байхад хуулиас зугтдаг даварсан хоёр этгээд л Монголд байна. Улс төрийн хүрээнд шүү. Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа зугтаалгадаг, тархи угаасан захиалгат нэвтрүүлгээр бусдыг гүтгэдэг, хүмүүсийг хагаралдуулдаг, хөлсний би­чээс­тэй цөөхөн хүн байна” гэж мэдэгдэв. Хэнийг хэлсэн тухайд олон нийт тааж цөхсөнгүй. Нэгэн цагт анд нөхөр байсан АН-ын хоёр лидерийн дунд ан цав үүссэн нь ингэж тодорхой болов. Тэгвэл удалгүй УИХ-ын дарга З.Энхболд бас нэг шуугиулсан мэдэгдэл хийлээ. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиг­ладаг гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн зөв­шөөрч, үүнд цаад утгаараа Ерөн­­хийлөгчийг буруут­гаж байгаагаа илэрхийлэв. З.Энхболд “Би энэ үл бүтэх хуу­­лийн байгууллагад ажиллаж байгаа компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Зайлуулахгүй байгаа. Шүүгчийг хэн томилдог вэ. Прокурорыг хэн томилдог вэ. Ерөнхийлөгч томилдог. Харин би хэнийг томилдог вэ. 

Хэнийг ч биш” гэж шууд мэдэгдсэн юм. Гэвч энэ хүртэл хэн нь ч хэн нэгний нэрийг цохон нэрлэхээс зайлсхийж байлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын лидерүүдийн дунд зөрчил тэмцэл байгаа нь илэрхий болсон ч харьцангуй далд, нуугдмал өрнөж байв.  Тэгтэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдлийн тухайд өөрийн зөвлөх Л.Гансүхийн хэргээс үүдсэн бухимдлаа илэрхийлэх биз гэсэн төсөөлөл, хүлээлт байсан юм. Гэтэл тэр жинхэнэ бөмбөг тэсэллээ. Н.Алтанхуягийн мэдэгдэл зүгээр нэг гомдол, шүүмжлэл өдүүлэх төдий зорилготой байсангүй. Тэрээр эрс тэмцэгч, эсэргүүцэгчийн дүрээр мэдэгдлээ хийсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг ил шулуун тэмцэл зарласан хэрэг боллоо. Тэрээр “Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж, хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэсэн. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон” гэдгийг хэлээд, хамгийн гол нь энэ бүхний гол эзэн бол ноён Ц.Элбэгдорж гэж шууд мэдэгдэв. 

Өмнө нь ийнхүү шууд нэр цохсон шүүмжлэл улс төрд ховор байсан. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэх зэргээр нэр усыг нь нууцалсан, илчилж буй мэт боловч үнэн хэрэгтээ илчлэхээс эмээж болгоомжилсон шинжтэй мэдэгдлийг манай улстөрчид хийж ирсэн. Харин Н.Алтанхуяг тэгсэнгүй, эргэлзсэнгүй, эмээсэнгүй. 1996 оноос хойш 10 гаруй жилийн дараа олонхи болж, улмаар төрийн гурван өндөрлөгийг эзэмших болсон АН-ын одоогийн алтан боломж бол Н.Алтанхуягийн гавьяатай салшгүй холбоотой. Тиймээс гавьяаг нь шударга бусаар булаан авсан журмын нөхөддөө бухимдаж явдаг нь нууц биш. 


Түүний мэдэгдэл үнэндээ АН-д төдийгүй Монголын улс төрд асар их доргилт өгч, чамгүй дуулиан дагуулсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний мэдэгдлийг тайван хүлээж авсан мэт дүр эсгэхийг хичээсэн. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэм хэмжээнд хийгдэж буй энгийн л нэгэн улстөрчийн байр суурь гэж харагдуулахыг хүссэн гэхэд болно. Хэвлэлээр Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн мэдэгдэлд хариу өглөө гэсэн мэдээлэл их гарсан ч тэр үнэндээ хариу өгөөгүй байгаа. Ерөнхийлөгч өөрийн твиттерт “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гэж бичсэнээр түүний хариу реакц төгссөн билээ. Үүнийг зарим хүн “Ерөнхийлөгч Н.Алтанхуягийг аргадав” гэх тайлалтайгаар хүлээн авав. УИХ-ын хаврын чуулганы нээлтэд үг хэлэхдээ Н.Алтанхуягийн мэдэгдлийн хүрээнд тайлбар өгөх байх гэж бодсон ч Ц.Элбэгдорж үг хэлэлгүй өнгөрлөө. Магадгүй хүлээзнэх, харзнах шаардлага үүссэн байж ч мэднэ. 


УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд “Жудагт Монгол” хөдөлгөөний жагсаал дээр хэлсэн үгэндээ мөн л хатуухан байр суурь, халуухан мэдэгдлийг хийсэн. Тэр ирэх сонгуульд сонгож болохгүй улстөрчдийн нэрсийг зарлахдаа өөрийн намаас гурван хүнийг нэр цохсон юм. Тэд бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар. Энэ нь өөрийн намын төлөөллөө сонгож болохгүй гэж уриалсан анхны тохиолдол болов уу. Үүгээр Ардчилсан намд асар том ан цав, ангал үүсээд зогсохгүй томоохон хуваагдлын үр үндэс ч бүрэлдсэн байж мэдэх дүр зураг харагдаж эхлэв.  


Тиймээс тэд яаралтай түргэн авч, ирэх бямба гаригт өргөтгөсөн хуралдаан хийхээр болжээ. Энэ хуралдаан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Нийслэлийн намын хороо, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж оролцуулахаар болсон гэнэ. Их тэнгэрт болох тус хуралдаанаар хэлэлцэх сэдэв тодорхой аж. Тиймдээ ч энэ хурлаа “Эв нэгдлийн хурал” гэж нэрлэж буй сурагтай. Гол зорилго нь нэг нэгнийхээ гэдсэнд хөлөө жийлцэж байгаа нөхдийг  эвлэрүүлэх, ойлголцуулахыг хичээх биз. Хоорондын эв эеээ хичээх тухай мессеж нэлээд хэд хоногийн өмнөөс эрчимтэй түгэх болсон нь ийм учиртай аж. Гэвч дээрх эрс хатуу мэдэгдлүүдийг хийсэн улстөрчдөд цаашид нэг намд багтаж шингэх орон зай үлдсэн эсэхийг хэлэх аргагүй. Гагцхүү эвлэрэх шаардлага бий гэдэг ганцхан эрх ашиг дээр тэд ямартай ч нэгдэж буй бололтой. Сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдлээ. АН-ынхан одоогийн удирдлагынхаа шийдвэрээр Үндэсний зөвлөлдөх хороогоо хүртэл хуралдуулж дийлэхгүй байгаа. Ийм нөхцөлд нам болон фракцыг тэргүүлж буй лидерүүд хэл ам, эв зүйгээ ололцох нь АН-ын хамгийн чухал зорилт болж хувирлаа. Тэд эвлэрэх, эсвэл эвдрэхийн торгон зааг дээр зогсож байна. Хэрхэхийг “Их тэнгэр” мэднэ. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.