БНХАУ “шатахууны цорго”-оо хаалаа

2016.04.08 Баасан №040 /2071/

Х.БАТСАЙХАН

БНХАУ Хойд Солонгос руу цутгаж байсан “шатахууны цорго”-оо өчигдрөөс хаалаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу дэлхийн улс орнууд БНАСАУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч буй. Тэдгээрээс хойдууд хамгийн хүнд тусч байгаа нь БНХАУ-ын хориг болж байна. Урд хөршийн Худалдааны яамнаас баталсан БНАСАУ-аас худалдан авах, худалдахыг хориглосон барааны жагсаалтад газрын тосны бүтээгдэхүүн орсон юм. Гэхдээ бүрмөсөн хориглоогүй “Хэрвээ иргэний нисэхийн салбарт юм уу, хүмүүнлэгийн зорилгоор ашиглах бол онгоцны түлш экспортолж болно” гэсэн “зүүлт” хийж өгсөн байна. Үүний тулд БНАСАУ, БНХАУ-ын аж ахуйн нэгж тухайн шатахууныг пуужингийн түлш болгохгүй, цөмийн хөтөлбөрт ашиглахгүй гэдгээ гаалийн байгууллагад нотлох шаардлагатай аж. 


БНАСАУ-ын орлогын гол эх үүсвэр болох нүүрс, алт жагсаалтад багтсан нь яваандаа тус улсын эдийн засгийг сүйрүүлэх хэмжээнд хүргэж мэдэхийг шинжээчид таамаглан бичсээр байна. Хойдууд БНХАУ-д хийх нүүрсний экспортоо өнгөрсөн жил 2014 оныхоос 27 хувиар нэмэгдүүлж, 20 сая тоннд хүргээд байсан юм. БНХАУ гаднаас авдаг нүүрснийхээ хэмжээг өнгөрсөн жил 30 хувь бууруулан атлаа БНАСАУ-аас авах хэмжээгээ нэмэгдүүлсэн нь Бээжин, Пхеньян хоёрын харилцааг “Дулаан байна” гэж дүгнэх шалтгаан болж байсан. Тийм ч учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хоригт нэгдсэн нь “гэнэтийн бэлэг” болсон юм. 


Гадаад худалдааны нийт эргэлтийнхээ 80-90 хаалгаснаар БНАСАУ-ыг 60 гаруй жил засагласан эцэг хүү Кимүүдийн ноёрхол эцэс болно гэж таамаглахад улам амархан болж байна. АНУ-аас ОХУ-д суух Элчин сайд Жон Теффт энэ удаагийн хориг олон улсын зүгээс сүүлийн 20 гаруй жилд тавьж байсан хоригоос хавьгүй илүү чанга байх болно гэсэн нь үүнийг баталж байгаа юм. Түүний хэлснээс үзвэл АНУ БНАСАУ-д дахин шинэ хориг тавихаар бэлтгэж байгаа аж.  


БНХАУ ийнхүү БНАСАУ-тай хийх худалдаагаа бүрэн зогсоосон ч транзит буюу дамжин өнгөрөх тээврийн хувьд ямар ч асуудал гарахгүй гэдгийг Хятадын тал онцолж байна. “Ройтерс” агентлаг энэ талаар мэдээлэхдээ “Хэрвээ хориг дамжин өнгөрөх тээвэрт хамаатай байсан бол Монгол Улсын эрх ашигт эрсдэл үүсэх байлаа. Учир нь, далайд гарцгүй монголчууд БНАСАУ-ын Насон боомтыг түрээсээр ашиглах гэрээ байгуулсан юм” хэмээн бичжээ. 

 

Монголын “HBOil JSC” компани БНАСАУ-ын “Sungri Chemical Complex” газрын тос бо­ловс­руулах цогцолборын 20 хувийг 2013 онд худалдаж авсан байдаг. НҮБ хориг тавьсны дараа БНСУ-ын “KOREA JOONGANG DAILY” сонинд “Монголын компани хоригтой холбоотойгоор БНАСАУ-аас гарч явсан” гэсэн мэдээлэл гарсан ч компанийн зүгээс үгүйсгэж, сонины мэдээг ташаа гээд БНАСАУ-аас гарах биш, харилцаагаа харин ч гүнзгийрүүлж, газрын тосны хайгуулын төсөл хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.