Хариу тулааны өмнө...

2016.04.08 Баасан №040 /2071/

Х.БАТСАЙХАН

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд шалгарч үлдсэн “Вольфсбург”-“Реал”, ПСЖ-“Ман сити” багийн эхний тоглолт ярих сонинтой, дурсах юмтай болж өнгөрлөө.   

 

“Вольфсбург”-“Реал” Мадрид 2:0
Гоол: 18 Родригес, 25 Арнольд
“Реал” Мадрид Германы даруухан баг “Вольфсбург”-т 0:2-өөр “гөвшүүлж”, Сантьяго Бернабеуд өрсөлдөгчөө гурван гоолын зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай болж хоцорсныг “дуулиан” гэж нэрлэж болно. “Вольфсбург” Луй Ван Гаалын удирдлагад очсоноосоо хойш орон гаран тоглолт гаргаж буй “Манчестер Юнайтед”-аас өөр онцлоод хэлчих өрсөлдөгчгүй “В” хэсгээс гарч ирж, хасагдах шатанд харьцангуй сул “Брюгге”-г ялсан учраас Испанийн багийн ялалтад эргэлзсэн хүн бараг байгаагүй. Гэтэл “Чононууд” оддоор дүүрэн өрсөлдөгчдөө байрлал бүрт дээрэлхүүлсэн ч “Гэрийн нохойн сүүл гэдэргээ” гэдэг үгийг баталж, 2:0-ээр буулгаж авсан юм. Ингэснээр тэд “Эзэн хааны” гэгддэг домогт багтай анх таараад л шууд буулгаж авсан гайхалтай түүхийн эзэд болов. Тоглолтын гол баатраар 21 настай залуу хагас хамгаалагч Макс Арнольд тодорсон бол “Реал”-ын хожигдлын буруутан нь Г.Бэйл, К.Роналду нар боллоо. Тэд тоглолтын турш 68 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу 21 удаа өшиглөөд тавхан удаа хаалга оножээ. Харин талбайн эздийн зохион байгуулсан хуруу дарам цөөн довтолгоо тухай бүрт хаалга руу чиглэсэн аюултай цохилтоор төгсч байв. “Реал”-чууд сүүлдээ амжилтгүй тоглолтдоо бухимдан маш бүдүүлэг ширүүн тоглосон.


-“Вольфсбург” тэмцээнд анх ороод шөвгийн наймд үлдсэн. Хариу тоглолтод нэг бөмбөгийн зөрүүтэй хожигдоход л тэд “Аваргуудын лиг” нэртэй болсноос хойш  анхны оролдлогоороо хагас шигшээд шалгарсан түүхэн амжилтын эзэд болно. 
-“Вольфсбург” Евроцомын тэмцээнд Испанийн багтай хоёр удаа таарахдаа нэг хожиж, нэг хожигдсон. 1999-2000 оны улиралд “Атлетико”-д хожигдож, (2:3, 1:2) 2009-10 оны улиралд “Вильярреал”-ыг хожиж (4:1, 2:2) байв.  
-“Реал” Германд зочилсон сүүлийн гурван тоглолтдоо ялалт байгуулсан цувралаа таслуулав. Тэд “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны эхний тоглолтод дийлдсэн найман тохиолдол бүртээ тэмцээнээс мултарч байжээ.  
-К.Роналду энэ жил 2013-14 оны улиралд 17 гоол оруулсан дээд амжилтаа эвдэх графикаар явж буй. Гэхдээ дээд амжилт тогтоохын тулд шөвгийн дөрөвт зайлшгүй үлдэх ёстой. 

 

ПСЖ-“Ман сити” 2:2
Гоол: 41 Ибрагимович, 59 Рабьо-38 Кевин де Брюйне, 72 Фернандиньо 
“Хэтэвч зузаантнуудын тэмцэл” гэгдсэн удаах тоглолтод Араб эзэдтэй “Манчестер Сити”, Францын ПСЖ тулж, 2:2-оор тэнцлээ. Тоглолт эхлээд дөнгөж 14 секунд өнгөрч байхад ПСЖ-ийн хамгаалагч Д.Луиз торгуулийн талбайдаа С.Агуэрог дэгээдэн унагаж, “Хамгийн хурдан “шар хуудас” авсан тоглогч” гэдгээр тэмцээний түүхэнд бичигдэх болов. Харамсалтай нь энэхүү эрх түүний хариу тоглолтод орох эрхийг нь хязгаарласан юм. Хоёр баг тоглолтын турш ээлжлэн санаачилгыг авч, гоол оруулан довтолсон тоглолт үзүүлснийг бодолцвол тэнцээ шударга үр дүн мөн. Гэвч боломжоо ашигласан бол ПСЖ хожих боломж хангалттай байсан. Гурвын гурван хамгаалагч нь хоорондоо будилж Фернандиньод боломж олгоогүй бол, З.Ибрагимович торгуулийн цохилтоо алдаагүй бол, өөрт олдсон 100 хувийн боломжийг “салхинд хийсгээгүй” бол Парисчууд энэ тоглолтод яалт ч үгүй хожих л байлаа.  
-Хоёр баг өмнө нь хоорондоо цорын ганц удаа “учирч” байв. 2008 онд “Этихад”-д болсон уг тоглолтод хоёр баг мөн л 0:0-ээр тэнцжээ.   
-“Ман сити” анх удаа хасагдах шатанд үлдсэн бол ПСЖ энэ тэмцээнд түрүүлж үзээгүй. 
-З.Ибрагимович “Аваргуудын лиг”-т хийсэн сүүлийн таван тоглолтдоо дараалан гоолдсон гэсэн сүрдэм амжилттайгаар Англид очно.

Хариу тоглолт
IV.12
“Реал”-“Вольфсбург”
“Ман сити”-ПСЖ
IV.13
“Атлетико”-“Барселона”
“Бенфика”-“Бавари”

 

Хэн юу хэлэв

Л.Блан: З.Ибрагимович маш муу тоглолоо
“Бидний хувьд тааламжгүй үр дүнтэй тоглолт болчихлоо. Статистик харвал бид хүссэн тоглолтоо үзүүлж чадсан. Гэвч “Ман сити”-гийн тоглогчдын ур чадвараас болоод хэд, хэдэн алдаа гаргачихлаа. Хэдий гоол оруулсан ч гэсэн З.Ибрагимович маш муу тоглолоо. Гэхдээ бид хагас шигшээд үлдэнэ”

М.Пеллегрини: ПСЖ хоёр дахь гоолоо отон тоглолтоос оруулсан
“Тоглолтын хувь заяа шийдэгдээгүй байна. Бид эхний гоолыг алдахдаа хоёр алдаа гаргасан, харин ПСЖ-ийн оруулсан хоёр дахь гоол нь отон тоглолтоос орсон. Бид хэрвээ цаашаа явъя л гэж байгаа бол энэ удаагийнх шиг тоглож болохгүй”.

З.Зидан: Хожигдоно гэж бодоогүй
Биднийг ингэж хожигдоно гэж хэн ч, тэр тусмаа би төсөөлөөгүй болохоор хожигдол их хүнд туслаа. Гоолдох боломж байсан ч ашиглаж чадсангүй. Гэхдээ бүх зүйл дуусчихаагүй байна. Бидэнд бүхнийг өөрчлөх 90 минут бий. Хөгжөөн дэмжигчдийнхээ хүчээр үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. 

Д.Хеккинг: Та нар харлаа шүү дээ, хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж үгүй
“2:0 гэдэг бол маш том давуу тал. Бид эхлээд гоол оруулах, дараа нь “Реал”-ын довтолгоог няцаах шаардлагатай байсан. Тоглолтын өмнө намайг ингэж хэлэхэд итгэх хүн байгаагүй. Харин одоо бүгд харлаа шүү дээ. Хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж үгүй. Өнөөдөр манай багаас Бруно Энрике гайхалтай тоглосон. Түүнийг “Реал”-д тоглохыг нь хармаар байна”.  

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.