Н.Цогзолмаа: Чихрийн шижинд хэрэглэх дөрвөн төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

2016.04.08 Баасан №040 /2071/

Б.БАДАМГАРАВ

Чихрийн шижин өвчний талаар Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цогзолмаагаас дараахь тодруулгыг авлаа.

-Чихрийн шижингийн өвчлөл манай улсад ямар хэмжээнд байгаа вэ?
-2014 оны байдлаар манай улсын 15 хүн  тутмын нэг нь чихрийн шижинтэй гэсэн судалгаа байдаг. Энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Ялангуяа хүүхэд, залуус энэ өвчнөөр өввлөх нь ихэсч байна. 

-Энэ өвчнөөр өвдөх шалтгаан нь юу вэ?
-Гол шалтгаан нь амьдралын буруу хэвшил. Хангалттай хэмжээний дасгал хөдөлгөөн хийхгүй байгаагийн улмаас таван хүн тутмын нэг нь таргалалттай, гурван хүний нэг нь илүүдэл жинтэй байна. Мөн илчлэг  ихтэй хоол хүнс хэрэглэдэг. Тиймээс чихрийн шижин өвчнөөр өвчилдөг.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байж, эрүүл амьдралын хэв маягийг сонговол энэ өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн боломж бий.

-Чихрийн шижин өвчинд уудаг эм, тариа нь хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтсан байдаг уу?
-Улсаас эм, тарианы зардлыг зуун хувь даадаг байсан. Харин өнгөрсөн сарын 26-нд Нийгмийн даатгалын зөвлөлийн 08 тоот тогтоолоор чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэх Гликлазид, Глимепирид, Метформин, Вилдаглиптин зэрэг дөрвөн төрлийн эмийг даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулсан. 

-Бүрэн эдгэрэх боломжтой юу?
-Бүрэн эдгэрдэг өвчин. Биеийн хөдөлгөөнөө сайжруулж, амьдралын зөв хэвшлийг сонгож, хоол хүнсээ тохируулан хэрэглэвэл өвчтөнүүдийн 70 гаруй хувь бүрэн эдгэрдэг. Гэхдээ бүрэн эдгэрэх боломжгүй цөөн тохиолдол бий. 

-Өвчний улмаас үүсэх хүндрэл юу байдаг вэ?
-Эмчилгээ хийлгэхгүй удаан явсанаас үүдэн хамгийн түрүүнд зүрх судасны хүндрэл үүсч, судас хатуурдаг. Ингэснээр зүрх, тархи дотоод цусан хангамж муудна. Монголд нүдний хараа муудах, бөөрний өвчлөл үүсэх, хөлний судас задрах, шархалсан тохиолдолд эдгэхгүй байх зэрэг хүндрэл их гардаг.

-Эцэг, эх нь чихрийн шижинтэй бол хүүхдэд нь заавал удамшдаг уу. Удамшихгүй байх боломж хэр байдаг вэ?
-Удамшдаг. Гэхдээ удамшсан байлаа ч өвчлөл илрэхгүй, хүндрэхгүй байх боломж бий. Хоол хүнсээ тохируулаагүй улмаас бага насанд нь илэрдэг. Зарим тохиолдолд хожуу үед ч илэрнэ. Тиймээс залуус чихрийн шижинтэй бол ирээдүйд төрөх хүүхдээ энэ өвчний хүндрэлээс сэргийлэхийн тулд зөв амьдралын хэвшлийг сонгох нь чухал.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.