Д.Дорлигжав: Бидний байгаа царай л энэ

2016.04.08 Баасан №040 /2071/

Ч.ГАНГЭРЭЛ

Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай ярилцлаа. 

-Та бид хоёр АН байгуу­лагд­саны 26 жилийн ойн өдөр ярилцаж байна. Гадна талаас харахад энэ баяраа АН хуваагдлаар, дотоод зөрчлөөр угтаж байх шиг санагдах юм. Дотор нь байгаа хүний хувьд энэ өдрүүдэд өрнөж буй үйл явдалд ямар тайлбар хийх вэ?
-Тийм ээ, 26 жилийн өмнө АН анх байгуулагдаж, Их хур­­лаа хийж байлаа. Тэгэхэд Э.Бат-Үүл намын дарга, би дэд дар­гаар сонгогдож байсан юм. Тийм учраас АН-ыг үүсгэлцэж яв­сан журмын нөхөддөө, бүх ги­­шүүддээ юуны өмнө бая­рын мэнд хүргэе. Тэр үе бол Мон­голд нэгээс илүү нам байж бол­доггүй, тэр нь зөвхөн ком­мунист нам л байсныг тас­лан зогсоож, анхны олон нам үүсэх үндэс суурь тавигдсан. Мон­голын нийгмийн амьдралд түү­хэн эргэлт болсон өдөр л дөө. 
Өөрийн чинь асуултын ту­хайд Монголын улс төрийн намуудын аль алинд нь л асуудал байна. Бүх намд ил далд, хурц зөөлөн гээд янз бүрийн хэлбэрийн асуудал байх шиг. Энэ нь нэг талаас манай монголчуудын байж байгаа царай юмуу даа. Нөгөө талаас нь харвал аливаа намын амьдралд байдаг л зүйл бололтой юм. Бид л болохоо байчихаад байна уу гээд гадна дотно явахдаа олон юм ажигласан. Ямар хэмжээнд байна гэдэг нь өөр ч гаднын улс орнуудын намд ч мэтгэлцэх, сөргөлдөх янз бүрийн асуудал байдаг юм билээ. Миний хувьд Монголын улс төрийн намуудын байгаа байдалд шүүмжлэлтэй ханддаг. Энэ бүхний цаад үндэс шалтгаан, уг уурхай нь бүлэг фракц гэдэг юмнаас үүдэлтэйг ч хэлж ирсэн. Гэхдээ энэ зөвхөн АН-ын биш, хуучин, шинэ бүх нам, бүр дөнгөж төрж байгаа намуудын ч асуудал болчихоод байна. Бүх нам л гурвалжин, дөрвөлжин асуудалтай явна. Шалтгаан нь хэн нэгнийг, эсвэл ямар нэгэн эрх ашгийг дагаж тойрсон бүлэглэл үүсээд, тэрийгээ фракц, жигүүр гэж нэрлэснээс үүдэлтэй зөрчил. Их хурцдаад ирэхээрээ янз бүрийн л ааш араншингаар илэрч байна. Энэ бол Монголын улс төрд байгаа муу зүйл. Тийм учраас ч энийг арилгая, фракц гэдэг нэрийг хүлээн зөвшөөрүүлээд бүлэглэж, талцаж байгааг больё гэж байгаа юм. Жижиг эрх ашгаас болж том эрх ашиг хохирдог, ажил удааширдаг, хүмүүсийн сэтгэл санааг тав­гүй болгодог юмнаасаа салах хэрэгтэй. Би үүнийгээ улс төрийн намуудад уриалаад зогсохгүй тодорхой санаачилга гаргаад явж байгаа. 


-Фракцгүй болохын тулд яах ёстой юм бэ. АН-ын дарга З.Энхболд анх сонгогдсоныхоо дараа “Фракцгүй нам” бол­но гэж зарлаж бай­сан. Гэвч түүнээс хойш фракцууд шинээр мэндэлсээр, төрсөөр байна шүү дээ?
-Харин тийм, АН-ын зо­рилго нь тэр. Намын дарга ч бодлогоо тэгж тодорхойлсон. Үүнийг бодитой болгохын тулд би хуульч хүний хувьд фракцыг дүрмээрээ хориглоё, фракцаар асуудал шийддэг биш бодлогын нам больё гэж байгаа. Гаднын улс орнуудад бодлого яаж тодорхойлж байна, бодлогоо яаж ярьж байна гээд дэвшилтэд зүйлсийг нь дуурайх хэрэгтэй. Хэдэн улстөрч би мундаг, би мэддэг гэхээс илүүтэй тодорхой асуудлаар судалгааны том байгууллагад захиалга өгдөг. Тэндээс гарч ирсэн хувил­барууд дээрээ маргадаг болох нь хэвийн үзэгдэл. Түүнээс жижиг эрх ашгаас болж мар­гадаг байж таарахгүй. Энэ бүхнийг зохицуулсан өөрч­лөлтийг АН-ын дүрэмд оруу­лах төсөл бэлэн болчихсон. Удахгүй намын даргадаа өргөн барина. Намын бүх шатны бай­гууллагаар хэлэлцүүлэг хийгээд сонгуулийн наана болох хурлаараа дүрмийн өөрч­лөлтөө баталгаажуулъя гэж байгаа.  Нөгөө талаас Мон­голын төлөвшиж байгаа нийт на­муудын хувьд адилхан тог­лоомын дүрэмтэй байх ёстой. Тэр үүднээс Улс төрийн намын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулах төсөл боловсруулаад яамдаас санал авч явна. Энийгээ цаашдаа хууль болгуулах санаатай байна. 

-Дүрэмдээ фракцгүй гээд оруулчихаж болно л доо. Гэхдээ хувь хүний харилцааг яаж зохицуулах юм бэ. Фракц гэсэн албан ёсны нэргүй фракцууд амьдарсаар л байна ш дээ?
-Хувь хүмүүсийн харил­цааг үгүйсгээгүй ээ. Олон нам нийлэхэд хуучин намын угш­лаараа нөхөрлөдөг, найзалдаг, юмаа ярьдаг бол байх л асуудал. Хэн ч үүнийг хориглож чадах­гүй. Гол нь улс төрийн тодорхой шийдвэр гаргахдаа л энэ зарчмаар хандаж болохгүй гэж байгаа юм.


-АН бол таван намын нэгдэл. Тэр өнцгөөс харвал харин ч фракц байх ёстой юм биш үү?
-Түүх ярьвал 5-6 биш, 10-аад нам нийлж АН-ыг бай­гуулсан. Хуучин өөр, өөр намд байсан хүмүүс хуучин угшлаараа юмаа ярих, хөөрөх бол байх асуудал, үгүйсгэхгүй. Гэтэл түүнийх нь хажуугаар ямар ч намын угшилгүй, “ингэж давуу тал олж болдог юм байна” гэсэн хандлагаар цоо шинээр фракцууд үүсч байна. Тиймээс энэ буруу хандлагыг таслан зогсоох ёстой биз дээ.  

-Ер нь улстөрчдийг хуу­лиар, дүрмээр барихад хэцүү болсон юм биш үү. Эрх ашиг нь хөндөгдвөл юуг ч шийддэг, бас юуг ч шийдэггүй ш дээ. Жишээ нь, энэ бүхнийг зохицуулах зорилготой Улс төрийн намын тухай хуулийн төсөл УИХ-ын босго давж чадалгүй буцсан. 
-АН асуудлаа шийдэж чадах уу, үгүй юү гэдгийг гишүүдээрээ хэлэлцүүлье. Үзье, харъя. УИХ-ын гишүүдэд Улс төрийн намын хуульд өөрчлөлт хийгээд олж харсан зүйлээ цэгцлээд явах улс төрийн эр зориг байна уу гэдгийг ч харъя. 

-Дүрмийн төсөл боловсруулах болсон таны гол шалтгаан юу юм бэ?
-Тал талд л энэ дүрэм болохгүй нь гэж гоочлоод, ямар муухай юм бэ гээд харамсаад суух биш хэн нэгэн хүн са­наачилга гаргах хэрэгтэй. Юмыг хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Нэг шийдлийн зүг рүү хөдлөх хэрэгтэй л дээ. Тэр үүднээс би гаргаж тавьж байгаа юм. Энэ бол ганцхан АН-ын  асуудал ч биш. Улс төрийн бүх намын амьдралд байгаа зүйл учраас улстөрч хүний хувьд засах ёстой л гэж харсан. 

-Фракцуудыг хамгийн их өдөөдөг зүйл бол албан тушаалын томилгоо, нэр дэвшүүлэх эрх. Таны боловсруулсан төслөөр энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Мэдээж улс төрийн томилгоо бол улс төрийн намын л шийдэл байх ёстой. Тэгэхдээ тэнд хэн нэгний хүлээн зөвшөөрөгдөх гэж асуудал бий. Намын дарга шийднэ гэсэн бол намын дарга л шийд. Бодлогын зөвлөл шийднэ гэсэн бол тэр нь л шийдэг. Энэ хүн хариуцна гэсэн бол тэр л хариуцдаг, түүнийг нь хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Түүнээс тэр нь дэвшүүллээ, би дэмжихгүй гэж болохгүй. 

-Тэгвэл хэсэг бүлэг хүнд л хэтэрхий их эрх мэдэл төвлөрөх юм биш үү?
-Очих ёстой газраа эрх мэдэл нь очих ёстой. Тэр хүн бүх насаараа сонгогдож байгаа биш. Зөв бурууг нь амьдрал харуулна ш дээ. Намын хамт олон ч хараад өгнө. Бодлогын зөвлөл дээр яриад буруу зөрүү нь гараад ирнэ. Тэгээд тэр Бодлогын зөвлөл нь судлаад, яриад гаргаад ирсэн юман дээрээ үндэслэж шийдвэр гаргахыг л “Бодлогын нам” гэж хэлээд байгаа юм. Түүнээс ямар нэгэн тооцоо, судалгаа, гаргалгаа байхгүйгээр хэдүү­лэх­нээ сууж байгаад л “би ингэмээр байна, чи тэгэх үү” гэж тохироод гаргаж байгаа зүйл бол бодлого биш. Хоёр гурван хүн хувийн асуудлаа тэгж шийдэж болохоос төрийн бодлогыг тэгж шийдэж бо­лохгүй. Үүний цаана улс орны, ард түмний эрх ашиг гэж бий.

-Одоо тэгвэл АН ямар нам байгаа вэ?
-Одоо бол алдаж оноод л явж байна. Ганцхан АН ч гэхгүй бүх нам тийм байгаа. Өнөөдрийн бидний байж байгаа царай энэ шүү дээ гэж би түрүүнд хэлсэн. Тийм л байгаа. 

-Хоёр том нам хүнд байдалд орчихлоо, намын дарга, генсекүүд нь зангидаж чадахгүй байна гэх хүн байна. АН-ын хувьд асуудал ямар байгаа вэ. Таны бодлоор...?
-Хүмүүс янз янзын л бодолтой ш дээ. Хувь хүнд нь асуудал байж болно. Гэхдээ нэг хүний асуудлыг шийдсэнээр бүх асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Бүх болох, болохгүй юм бүхэн энэ фракц гэдэг юмнаас эхтэй. Тийм учраас энэ урхагаа л арилгах ёстой. Бүх юмны эхлэл эндээс л тавигдсан.

 
-Фракцгүй болох энэ санаачилга нам дотроо хэр дэмжлэг хүлээж байгаа вэ?
-Эрүүл ухаантай хүмүүс дэмжмээр л юм. Улс төрийн зориг гаргаад буруу зөрүүгээ харсан үедээ шийдэх л хэрэгтэй. Энэ бол улс оронд маань хэрэгтэй юм даа гэж асуудалд хандаж чадах бүх хүн дэмжих байх. Гэхдээ би нийт намын байгууллагуудаар хэлэлцүүлье гэж байгаа. Энэ бол нийт намын гишүүдийн үзэл санааг тээж авч байж, тэрний үндсэн дээр шийдвэрээ гаргая гэсэн санаа. 

-Сонгуулийн өмнө цаг тулгаж фракцгүй болно гэдэг нь нам дотроо асуудал үүсгэхгүй юу?
-Асуудал үүсгэнэ. Буруу, зөв гээд ярих байх. Гол нь яриад шийдэл гаргах нь чухал. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.