“Шударга ёс”-ын томилгоонд АН оролцож эхлэв үү?

2016.04.08 Баасан №040 /2071/

С.ШИЙЛЭГТӨМӨР

УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн Г.Уянга нарыг “Шударга ёс” эвслийн бүлгээс албан ёсоор гарч байгааг УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр чуулганы индэр дээрээс танилцууллаа. Уг нь энэ танилцуулгатай зэрэгцэн УИХ-ын шинэ дэд дарга, мөн эвслийн бүлгийн шинэ дарга зарлагдах учиртай байв. Гэвч анх 11-үүлээ байсан эвслийн бүлгийн хагарал наймуулаа болсон ч дундрах болоогүй бололтой. Бүлгийн дарга Н.Батцэрэгийн хэлж байснаар өчигдрөөс өмнө тодрох учиртай шинэ дарга нарын нэрс эцэслэхгүй байгаа нь олон шалтгаантай аж. Эх сурвалжийн хэлснээр энэ маргаанд АН орж ирснээр “Шударга ёс” эвслийн томилгоонууд гацаад буй бололтой юм. Гэхдээ энэ тухай хожим өгүүлье. 

 

2012 оны сонгуулиар УИХ-д анх удаа гуравдагч хүчний орон зайг хангалттай дүүргэсэн улс төрийн хүчин бол МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Тэд 11 суудалтай, албан ёсны бүлэгтэй, бүр Засгийн газарт төлөөлөлтэй болсон. Гэхдээ дотоод хагарал, үл ойлголцол нь үргэлжилсээр эцэстээ УИХ-д бүлэг байгуулах хуулийн доод босго болох наймхан гишүүнтэй л үлдээд байна. Энэ наймаас өдгөө хоёр нь л сул гишүүн. Бусад нь бүгд “давхар дээл”-тэй яваа улстөрчид. Сануулъя. 

 

Ц.Оюунбаатар-Шадар сайд,
З.Баянсэлэнгэ-Барилга, хот байгуулалтын сайд, “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга,  
Ц.Цолмон-Батлан хамгаалахын сайд, 
Н.Батцэрэг-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга,
Ч.Улаан-Төсвийн байнгын хорооны дарга, 
М.Сономпил-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга. 

 

Үлдсэн хоёр нь бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Баасанхүү. Одоохондоо “давхар дээл”-гүй яваа тэдний хувьд бүлгээсээ гарсан Л.Цогийн оронд УИХ-ын дэд дарга, гурван “давхар дээл” нь хүнддээд байгаа Н.Батцэрэгээс бүлгийн даргын албан тушаалыг авах боломжтой. Гэвч дахиад л эвслийн бүлгийн до­тоод тохирооноос болж энэ бүхэн гацчихаад байгаа аж. Юу гэвэл, 2012 оны сонгуулийн дараа энэ парламент анх байгуулагдах үед албан тушаалын хуваарилалт хийхдээ МАХН, МҮАН-ынхан УИХ-ын дэд дарга, бүлгийн даргын суудлыг нэг нэгээр нь авахаар тохирч байсан аж. Бүр гишүүдээ хоёр, хоёр  жилээр  ээлжлэн томилох шийдвэрт тухайн үед хүрч байсан юм байна. Тиймээс энэ удаад Н.Батцэрэгийн оронд МАХН-ын, Л.Цогийн оронд МҮАН-ын гишүүн томилогдох ёстой аж. Гэвч бодит байдал дээр МҮАН-аас УИХ-ын дэд даргаар томилж болох ганц хүн нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил болчихсон байна. Угаасаа эвслийн бүлэгт МҮАН-аас Н.Батцэрэг, М.Сономпил хоёр л үлдээд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талаас О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ынхан бүлгийн даргаа өөрсдөө авна, үгүй бол бүлгээсээ гарна гэж шахаж буй. Иймээс одоо яригдаж байгаа хамгийн бодитой яриа бол Д.Тэрбишдагва “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, М.Сономпил УИХ-ын дэд дарга болох хувилбар аж. Энэ тохиолдолд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог яах вэ гэдэг асуудал үүсчээ. Дээр цухас өгүүлсэн АН-ынхан “Шударга ёс” эвслийн бүлгийн дотоод томилгоонд оролцох болсон шалтгаан нь ч энэ. Юу гэвэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын суудал гэдэг хэн дуртайг нь тавьдаг албан тушаал биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд оролцдог, гадаад, дотоод томоохон гэрээ хэлцэлд гардан хяналт тавьдаг, бас шалгалт оруулах эрх мэдэл нь бусад Байнгын хорооноос илүү. Дэргэдээ хяналт шалгалт явуулах чиг үүрэг бүхий Тусгай хяналтын дэд хороотой.

 

Тиймээс энэ суудлыг АН-ынхан О.Баасанхүүд өгөхөөс эмээж буй бололтой. Түүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар тавих нь “Шударга ёс” эвсэлд асуудал биш боловч эрх баригч АН-ын хувьд аюул болж мэдэх юм. О.Баасанхүү бол хэн нэгэнд амархан захирагдахаа больсон улстөрч. Сонгууль дөхсөн энэ үед юу ч сэдэж мэдэх нэгэн. Тиймээс л энэ шалтгаанаар АН-ынхан М.Сономпилийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлбэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог өөр нэг Байнгын хороогоор солих хувилбарыг “Шударга ёс” эвсэлд санал болгосон бололтой. Мэдээж тэр тохиолдолд асуудал “Шударга ёс” эвслээс хальж, АН-ын бүлэгт ч хамаатай болно. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.