Дорноговьчуудаас Засаг даргадаа тавьсан дүн-"МУУ", "ОНЦ МУУ"

2016.04.06 Лхагва №039 (2070)

Г.Мөнгөнчимэг 

Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлж байгаа "Ардын үг" зөвлөлдөх аян Дорноговь аймагт амжилттай явагдаж өнгөрлөө. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын тайланг иргэдээр хэлэлцүүлж дүгнүүлэхийг зорилгоо болгосон энэ аяны эхний зөвлөлдөх санал асуулгыг явуулах аймгаар говийн бүсийг төлөөлүүлэн Дорноговь аймгийг сонгосон юм.
Зөвлөлдөх санал асуулгын өмнө нийт иргэдийг төлөөлөх түүврээс суурь үнэлгээ авах судалгаа хийгдсэн. МЕК агентлагаас явуулсан энэхүү судалгаагаар Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад тогтмол оршин суудаг нийт 800 хариулагчаас 2016 оны 3-р сарын 21-24-ний өдрүүдэд сурвалжлагын асуумжаар мэдээллийг цуглуулсан болно. Судалгааны түүврийн хэмжээг аймгийн төв, сумдад оршин суудаг 21-ээс дээш насны иргэдийн тоонд тулгуурлан тогтоосон болно. Тухайн суманд оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан. Киш гридийн аргаар сонгосон түүвэрлэлтийн төлөөлөх чадвар нь:
Итгэлцлийн түвшин: 95%; 
Алдааны магадлал: 5%;
D-Day буюу Зөвлөлдөх санал асуулга 2016 оны 4-р сарын 2-ны өдөр Сайншанд хотын Саран хөхөө театрын байранд явагдлаа. Зөвлөлдөх санал асуулгад мөн санамсаргүй түүврээр иргэдийг төлөөлүүлэн оролцуулахаар 300 иргэнийг сонгож зөвлөлдөх уулзалтын урилга, шаардагдах мэдээллийн багцтай хүргүүлсэн. Уулзалтанд уригдсан иргэдээс 266 нь хүрэлцэн ирж зөвлөлдөх санал асуулгад оролцлоо. 
Урьдчилсан судалгаа болон Зөвлөлдөх уулзалтын түүврийн бүтэц дараахь байдалтай байв.
Монголд анх удаа явагдсан Улаанбаатарын Зөвлөлдөх ардчиллын уулзалтад 317 хүн оролцож байсан. Сая гаруй хүнтэй хотыг ийм тооны хүн төлөөлөх бүрэн чадвартай гэж үзэж байсан жишгээр 266 иргэн Дорноговийн нийт иргэдийг төлөөлөх боломжтой гэж үзэн Зөвлөлдөх уулзалт эхэллээ. 
 Зөвлөлдөх санал асуулгыг дараахь зохион байгуулалттайгаар хийв. 
-Дорноговь аймгийн Засаг даргын тайланг сонсох
-Иргэд тодруулах, лавлах асуултууд тавьж хариулт авах
-Шүүмжлэлт санаа бодол бүхий иргэд Засаг даргын тайлангийн талаарх байр суурь, дүгнэлтээ илэрхийлэх
-Жижиг бүлгүүдэд иргэд хуваагдан тайланг хэлэлцэх
-Нууц санал хураалтаар Засаг даргын тайланд үнэлэлт өгөх
Уг нь энэ зөвлөлдөх уулзалтад Дорноговь, Говьсүмбэр аймгийг УИХ-д төлөөлөхөөр сонгогдсон эрхэм гишүүн Ж.Батсуурийг оролцож, тайлангаа тавихыг урьсан ч татгалзсан хариу өгсөн. Тойргийнх нь иргэд түүнд шууд л "муу" дүн тавьж байгаа бөгөөд өөрөө ч үүнийг эрт мэдэрсэн тул иргэдтэй уулзахаас зайлсхийв бололтой. Зөвлөлдөх уулзалтын үеэр үг хэлсэн олон иргэд Ж.Батсуурийг "заавал ирэх ёстой байсан", "сонгогдсоноосоо хойш бараагаа харуулаагүй", "аймгийн иргэдийн эрх ашгийн төлөө юу ч хийгээгүй", "биднийг харах нүүргүй" хэмээн шүүмжилж байлаа. Иргэдийн хандлага, Ж.Батсуурь гишүүний зугталт зэргээс баримжаалбал тэрээр Дорноговиос хулжиж байгаа бололтой.
Засаг дарга П.Ганхуяг харин иргэдийн зөвлөлдөх уулзалтад хүндэтгэлтэй хандан ажил хариуцсан албатуудын хамтаар ирж 2 цаг хэртэй үргэлжилсэн тайланг тавилаа. Түүний тайлангаас сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлуудаа нэгийг ч үлдээхгүй тайлагнахаар хичээсэн шинж харагдаж байсан. 
Зөвлөлдөх уулзалтад оролцогчдоос Засаг даргад хандан тайлангийн зарим ажлуудын сул тал, доголдлын талаар асууж эхлэх үед танхимын уур амьсгал сөргөлдөөний байдалд шилжив. Учир нь өөрт нь таагүй асуултууд ирэх үед Засаг дарга П.Ганхуяг бухимдлаа барьж чадахгүй уцаарлах, "асуулт асуухаар алга ташаад унадаг чинь яаж байгаа юм" хэмээн танхим руу зандрах зэрэг авир гаргасан бөгөөд танхимаас "оновчтой асуулт тул дэмжиж байна" гэсэн хариу сонсогдож байлаа. П.Ганхуягийн хувьд шүүмжлэлд эмзэг, өөрийгөө өмгөөлөх сэтгэхүйтэй хүн болох нь энэ үед тод ажиглагдсан болно.
Түр завсарлаад эргэн цугларч шүүмжлэлт санаа бодлыг сонсох хуралдаанд П.Ганхуяг танхимд үзэгдсэнгүй. Eagle ТВ-ийн сурвалжлагч завсарлагын үеэр зарим нэг зүйлийг тодруулах ярилцлага авсанд бухимдаад явчихсан гэсэн тайлбарыг зарим хүмүүс өгөв.  
Засаг даргын тайланд шүүмжлэлтэй хандаж байгаа иргэдийн байр суурийг сонсох нь Зөвлөлдөх уулзалтыг мэдээллийн тэнцвэртэй байдалд явуулах тогтсон зарчмын дагуу хийгдэж байгааг дутуу ойлгосон аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд "манай даргыг мууллаа", "хийсэн бүтээснийг харлуулах гэлээ" гэх зэрэг гомдол, эсэргүүцэл гаргаж байлаа. Шүүмжлэлтэй хандаж байгаа иргэдийн олонхи нь П.Ганхуягийг хийх ёстойгоо хийгээгүй, хийсэн ажлууд нь чанаргүй, дутуу дулимаг, тендер шалгаруулалт нь байнга будлиантай явагддаг гэсэн зүйлсийг давтамжтай дурдсан байна. Зарим иргэн "хөрш Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь аймгуудын удирдлагаас өнгөрсөн 4 жилд хийж бүтээсэнтэй харьцуулахад манай аймаг даанч харамсмаар байдалд байна. Ялангуяа П.Ганхуягтай яг адилхан 8 жил Засаг даргын албыг хашсан Сүхбаатар аймгийн Засаг даргын хийж амжуулсныг харахаар даанч яав даа гэх сэтгэгдэл эрхгүй төрдөг гэх үнэлгээг хэлж байлаа. Зөвлөлдөх уулзалтын үеэр гарсан нэг зохисгүй зүйл нь урилгагүй хүн танхимд орж ирэн "Энэ зааланд Засаг дарга П.Ганхуягийг харлуулахаар зориуд бэлтгэгдсэн хүмүүс цугласан байна. Улс төрийн намын явуулга" гэх зэрэг үгсийг хашгичиж байлаа. Гэвч иргэдийн төлөөлөл үүнд тайван хандаж, уурлаж бухимдахын оронд эсрэгээр түүнийг алга ташин хөөн гаргав. 
Засаг даргын тайлан болон тайланд шүүмжлэлтэй хандаж байгаа иргэдийн үзэл бодлыг тэнцвэртэйгээр хүлээн авч мэдээлэлжсэн иргэд 20 бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг хийсэн нь маш идэвхтэй халуун уур амьсгалд өрнөлөө. Зохион байгуулагчдын зүгээс иргэдийг ийм идэвх санаачлагатай, эрүүл саруул байдлаар оролцно гэсэн хүлээлт байгаагүйг энд дурдах хэрэгтэй байх. 
Иргэд самбар дээр  бичиж, зурж, хоорондоо мэтгэлцэх зэргээр цаг гаруй зөвлөлдсний эцэст нууц санал асуулгаар Засаг даргынхаа тайланд үнэлэлт өгөв. 
Нууцаар өгсөн үнэлэлт ба урьдчилсан судлагааны дүн хоёрын хооронд маш бага зөрөө байсан нь түүвэр зохих төвшинд хийгдэж, иргэдийг төлөөлөх чадамжтай байсныг нотлолоо. 
Дорноговь аймгийн иргэдийн Зөвлөлдөх санал асуулгаар аймгийнхаа Засаг даргын тайланд өгсөн үнэлгээ ба урьдчилсан судалгааны дүн хоёр дараахь байдалтай. 
800 иргэнээс авсан урьдчилсан санал асуулга болон Зөвлөлдөх санал асуулгын нийт дүнг харьцуулбал аймгийн Засаг даргын зүгээс өнгөрсөн дөрвөн жилд хийж гүйцэтгэсэн ажлуудад иргэд боломжит таван онооноос 2,71;  2,48 гэсэн оноо өгсөн байдлаас харахад Зөвлөлдөх уулзалтын үеэр авсан мэдээллээс үндэслэсэн Засаг даргын үнэлэмж 0,23 нэгжээр унажээ. Мэдээлэлжээгүй иргэд Засаг даргадаа бараг л 3 гэсэн дүн тавих гэж байсан бол мэдээлэлжсэний дараахь бодит үнэлэмж 2,48  буюу сурлагаар бол муухан гэсэн дүн тавьжээ. Эх орны алтан гурав гэж муухай үг байсан. Энэ бол үлгэн салган сурдаг хүүхдүүдийн өөрсдийгөө тайвшруулдаг үг байлаа. Тэгвэл Дорноговь аймгийн Засаг дарга иргэдээсээ алтан гурав ч авч чадсангүй. Аймгийн иргэдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх чадварт нь бүр ч муу үнэлгээ өгөв. 800 иргэнээс авсан судлагаагаар энэ дүн 1,64 байсан бол зөвлөлдөх санал асуулгаар иргэд түүнд 1,5 гэсэн дүн тавив. Энэ нь дээр үеийн сурлагын дэвтрээр бол "онц муу" гэсэн үнэлгээ билээ.Хэрвээ УИХ дахь Дорноговьчуудын төлөөлөл болох эрхэм гишүүн Ж.Батсуурь хүрэлцэн ирж тайлангаа тавьсан бол П.Ганхуягаас дээрдэхээргүй дүн тавиулах байсан байх. П.Ганхуягийн хувьд иргэдээсээ "муу", "онц муу" үнэлгээ авсан нь бодитой агаад зүйл тогтлын дагуух дүн гэж олонхи иргэд үзэж байна. Бидний хувьд Засаг дарга П.Ганхуягийн иргэдийнхээ итгэлийг алдаж, муугаар үнэлэгдэх болсон шалтгаануудыг иргэдийн өгсөн мэдээлүүдийг сурвалжилж, магадлаж тогтоосон. Удахгүй цувралаар олон нийтэд толилуулах болно. Ингэхдээ зөвхөн баримт, нотлогоонд тулгуурлаж байгаагаа урьдчилан мэдэгдье.  

"Ардын үг" зөвлөлдөх аяныг зохион байгуулагчид хэн нэгнийг муучлан гутаах, аль нэг талыг дэмжих зорилго огт агуулаагүй бөгөөд иргэдийн оролцоо, иргэдийн санаа бодлыг хангах иргэдээр сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын ажлыг бодитоор үнэлүүлэхийг үндсэн чиг баримжаагаа болгон бүхий л тэнцвэрийг ханган ажилласан болно. Монголын медиа корпораци, Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн нийгэм, улс төрийн салбарт Зөвлөлдөх ардчиллыг хэм хэмжээ болгон нэвтрүүлэх, институцичлэхийг зорьж байгаа бөгөөд дараа дараагийн Зөвлөлдөх аяныг аймаг, хотуудаар өрнүүлэх болно.

Бусад аймагтай харьцуулахад Дорноговь хөгжсөнгүй
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн иргэн Ганбат: 
-Засаг дарга П.Ганхуягийн танилцуулсан тайланг нэгд нэгэнгүй сонслоо. Дорноговь аймаг өмнөхөөсөө хэд дахин хөгжлөө л гэж ярих юм. Хэдэн орон сууц баригдсан нь үнэн. Гэхдээ бусад олон аймагтай харьцуулаад үзвэл энэ бол хөгжил биш юм аа гэдэг нь харагдана. Сүхбаатар аймгийг л жишээ болгоод харьцуулаад үзье л дээ. Тэнгэр газар шиг зөрүү гарч ирэхийг захын хүн мэдэж байгаа. Интернэт орчинд Сүхбаатар аймаг хэрхэн хөгжсөн талаар зурган мэдээлэл өчигдөрхөн би харсан. Хөгжлийн төв Дорноговь гэж нэрлэдэг. Одоо харин Дорноговь биш, Сүхбаатар хөгжлийн төв аймаг болчихоод байгаа юм биш үү. Түүнээс гадна бидэнд тараасан мөрийн хөтөлбөр дээр 3D кино театр барина гэсэн байна. Энэ ажлыг хэн гэдэг хүний, ямар нэртэй компани хариуцан ажиллаж байгаа юм бэ. Баригдчихвал сайн л байна. Залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг ч гэсэн газартай болно. Асуухаар бүгд зураг төсөв нь хийгдсэн, тэрнээс цаашлаагүй л байх юм. Яг энэ асуудлыг хэдхэн хоногийн өмнө Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг ирэхэд нь асуусан. Тоймтой хариу хэлэхгүй юм. Сүхбаатараас гадна Хэнтий аймгийг жишээ болгож ярьж болно. Би гурван жилийн өмнө очиж байсан. Тэгэхэд байдаг л нэг аймгийн төв байсан. Харин өнгөрсөн жил Залуучуудын холбооныхонтой очиход танихын аргагүй өөрчлөгдсөн байсан. Шинэ баригдсан спорт цогцолбор нь яасан ч гоё юм. Засаг даргын хувьд асуулт асуухад алгаа таших шаардлага байгаа юм уу гэж загнах юм. Энэ бидний эрхийн асуудал ш дээ. Ерөнхий сайдаас юм асууж байхад хүртэл хурдан асуултаа тавь гэж загнасан. Жаахан ёс зүйтэй баймаар юм. Тэгээд эцэст нь хэлэхэд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг сүүлийн дөрвөн жил бус найман жилийн хугацаанд маш муу ажилласан гэж дүгнэж байна. 

Өрөөлийн хийснийг өөртөө нааж болохгүй 
Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Жанчивсүрэн: 

-“Ардын үг” зөвлөлдөх аяныг санаачлан зохион байгуулж байгаад гүн талархал илэрхийлж байна. Засаг дарга П.Ганхуяг өөрийн тайландаа дандаа нэг өнцгөөс харсан зүйлүүдийг танилцууллаа. Өөрсдийнх нь хийсэн юм ч байна, өрөөлийн хийснийг өөртөө наасан ч зүйл байна. Олон зүйлийг ярьж болох ч цаг хугацаагаа бодолцоод ганц, нэгхэн асуудалд шүүмжлэлтэй хандаж явдгаа хэлье. Сайншанд хотын төв талбайг та бүхэн харсан байх. Би насаараа Дорноговьд амьдарсан хүн. 1998 оноос өмнө энэ төв талбай их гоё байсан. Ногоон байгууламж, цэцэг навчтай. Тухайн үед Монгол Улсад байхгүй усан оргилууртай байсан шүү дээ. Гэтэл одоо байж байгаа царайг нь хар. Гандаж, гундаад, эвдэрсэн. Энэ ганцхан жишээнээс харахад одоогийн удирдлагууд түрүүчийнхээ сайн сайхан зүйлийг үргэлжүүлэх, засч сайжруулах тал дээр анхаарахаа байжээ. Тэгээд мөрийн хөтөлбөр гэж хөдөлмөрчдийн тархийг угаасан цаас гаргаж өгдөг. Дандаа болж байгаа, бүтэж байгаа гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээрээ яг эсрэгээрээ байна шүү дээ. Төрийн албан хаагчдын тоо мөн сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдсэн. 1998 онд гэхэд гурван багийн даргатай байсан. Одоо харин нэг багт 20 орчим хүн ажиллаж байна. Энэ бол маш буруу зүйл. Төрийн албыг ийм нүсэр болгож болохгүй.     

П.Ганхуяг дарга худал хэллээ
Дорноговь аймгийн иргэн Лхагважав:

-Монгол Улсын хэмжээнд эрчим хүчгүй хоёр сум байгаа. Хоёулаа манай аймгийнх. Засаг дарга П.Ганхуяг Мандах, Хатанбулаг гэсэн хоёр сумыг төвлөрсөн цахилгаанд холбох ажлыг хийж байгаа гэж хэллээ. Энэ орон нутгийн иргэний хувьд хариуцлагатайгаар хэлэхэд П.Ганхуяг дарга худал хэллээ. Төвийн цахилгаанд холбох ямар ч ажил хийгдэхгүй байгаа. Бүгд зогсонги байдалтай байна. 2016 оны төсөвт харин тодорхой хэмжээний мөнгө суулгасан байгаа. Манай орон нутаг ер нь төвийн эрчим хүчний системээс шууд хараат амьдарч байна. Жишээлбэл, эмнэлэгт яаралтай мэс засал болж байхад тог тасарвал яах вэ. Өвлийн хүйтэнд цахилгаангүй болвол аймаг тэр чигтээ дулаан, цэвэр усаар тасарна. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд ирээд Дорноговь аймгийн иргэдтэй “Соёмбо” цогцолборт уулзахад хүчдэл 4 минут гаруй хугацаанд тасарч, онигоо боллоо. Цаашлаад нутаг орны нэр шүү дээ. Тэгэхээр аваарын нөөц үүсгүүр заавал байх ёстой гэдгийг сануулъя. Дүрэм, журамдаа заавал байх ёстой гэж заасан байдаг. Харамсалтай нь энэ чиглэлд ямар ч ажил хийгдэхгүй байна. Бүх байгууллага дизель станцтай, тэр нь автоматаар асдаг системтэй байх ёстой юм. Энэ саналыг минь хүлээн авч ажиллаач гэж хүсч байна. Үүнтэй холбоотой тендерийн асуудал гарч ирсэн. Цахилгаан, шугам сүлжээний асуудлаар ямар ч мэдлэггүй хүмүүс тендер зарлаад, хяналт тавьж байна. Тийм эрх өгөх ёсгүй. Засаг дарга өөрөө тайлан тавьж байхдаа хэллээ шүү дээ. "Боловсон хүчний дутагдалтай байдлыг бодолцож үзээрэй" гэж. Үнэхээр дутагдалтай байгаа юм бол ядаж нарийн мэргэжил, ур ухаан шаардсан төслүүдэд тендер зарлахдаа мэддэг хүмүүсийг нь авчирч, түүнд хяналт тавиулж ажиллах ёстой. Зөвхөн цахилгааны чиглэлд бус барилгын салбарт ч тендер зарлахдаа хяналттай, хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. Орон нутгийн компаниуддаа тендерийн давуу эрх эдлүүлмээр байгаа юм. Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажилламаар байна. Ядаж л ариун цэврийн цаас аймагтаа үйлдвэрлээд эхэлбэл орон нутгийн иргэд дотоодын компанидаа хөрөнгө оруулалт хийж эхэлнэ шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрлэл байхгүй болохоор Эрээн хоттой ойрхныг ч хэлэх үү, Дорноговийн иргэдийн бүх мөнгө Хятад руу урсаж байна. Буруу бодлого л яваад байгаагийн шинж. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй. 

Тендер шалгаруулалт ашиг сонирхлын зөрчилтэй байна 
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн иргэн Болд: 

-Засаг даргын үйл ажиллагааны тайланд Даланжаргалан сумын танилцуулга багтсан байна. Харамсалтай нь таван багтай сумыг дөрвөн багтай гэж бичжээ. Ингэж андуурч болохгүй. Түүнээс гадна Даланжаргалан суманд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барина гэж төлөвлөсөн байсан. Гэвч тайлантай танилцахад эдийн засгийн эх үүсвэргүй учраас бүтээн байгуулалт хийгдэх боломжгүй гэсэн байна. Энэ цэцэрлэгийн асуудал ингээд мартагдаж байгаа нь ойлгомжтой боллоо. Даланжаргалан сумын залуучууд урлаг, спортын арга хэмжээнд алгасахгүй оролцдог. Чамгүй амжилт гаргадаг. Гэвч спорт заал манай суманд алга. Ингэхээр яаж хөгжих юм бэ. Бүрэн эрхийнхээ хугацаанд аль нэгийг нь барьдаггүй юм аа гэхэд эхлүүлээд өгөөсэй. Үлдсэнийг нь дараагийн хүн нь хийчих байлгүй. Бондын мөнгөөр өч, төчнөөн бүтээн байгуулалт хийгдлээ л гэх юм. Манай аймагт харин ирэхгүй юм, тэр мөнгөнөөс нь. Орон нутгийн компаниудаа голоод хаанахын, хэнийх нь мэдэгдэхгүй компанид тендерийг нь өгчихдөг. Ажлаа их сайн хийдэг юм байлгүй гэхээр тийм биш. 143 сая төгрөгөөр Хүүхдийн парк хийлээ гэсэн. Одоо нөгөөх нь хүүхдийн цэцэрлэгийн талбайгаас дор юм байна шүү дээ. Гэрэлтэй цамхаг бас босголоо гэсэн. Гэрэл нь асахаа байсан. Тендер өгөхдөө хариуцлагагүй ханддаг юм бол орон нутаг хэрэглэгч гэдэг утгаараа хяналт тавьдаг, хариуцлага тооцдог, шахаж шаарддаг байх хэрэгтэй. Ер нь эцсийн дүндээ энэ бүх үйл ажиллагаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар байгаа шүү гэдгийг хэлье. 

Бидэнтэй нэг ч удаа нүүр тулж уулзаагүй 
Сайншанд сумын 4 багийн иргэн Жанчивдорж: 

-Аймгийн Засаг даргын танилцуулсан тайланг сонслоо. Зөвхөн тайлангаар хязгаарлагдахгүй, маш муу ажилласан гэж иргэн хүний хувьд дүгнэж байгаагаа илэрхийлье. Хэдхэн жишээ хэлье. Маш олон орон сууц барилаа гэж өөрөө хэлж байна. Харамсалтай нь чанарын асуудлыг нэг ч ярьсангүй. Аймагт баригдсан орон сууцнууд маш чанаргүй баригдсан. Халаалт муу, дээрээс нь халуун усанд нэг нь ч холбогдоогүй. Аймгийн төвийн орон сууцнууд бүгд халуун усгүй шүү дээ. Манай аймгийн хэмжээнд 1000 орчим өндөр настан байдаг юм билээ. Гэтэл өндөр настнууддаа анхаарсан бодлого хэрэгжүүлдэггүй. Ядаж л Ахмадын өргөө гэж байх ёстой биз дээ. Дараагийн хэлэх зүйл бол архидалт. Ажилгүйдэл их дээр архидалт нэмэгдчихэж байгаа юм. Зуун ямаанд жаран ухна гэгчээр архи зарж байгаа дэлгүүр хэдэн зуу байна. Үүнд хязгаар тавьж өгөх хэрэгтэй байх. Ажилгүй маш олон залуучууд байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Одоо ч тэгээд бүрэн эрхийнх нь хугацаа дууслаа даа. Тайлантай нь холбогдуулаад ард иргэд асуулт асуухаар дандаа худлаа ярих юм. П.Ганхуяг найман жилийн хугацаанд ажиллахдаа бидэнтэй нүүр тулж уулзан тайлангаа тавиад, асуултад хариулж байсан удаа байхгүй. Тэгээд ажил хийдэггүй. Таван жил царцсан төрөх эмнэлгийн барилгыг л харчих. Гэтэл хувийн хөрөнгө оруулалтаар хэдхэн сарын дотор хоёр цэцэрлэг, нэг эмнэлэг барьчихлаа ш дээ. Сэтгэл байвал юм хийж болдгийг бид харлаа. 

Төрийн алба бүхэлдээ улстөржсөн

Дорноговь аймгийн Айраг сумын иргэн Зоригт: 
-Орон нутгийн сан хөмрөгт хуваарилсан мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан тохиолдлууд их гарах боллоо. Түүнээс гадна орон нутаг, цаашлаад Монгол Улсын хөгжлийг удаашруулсан нэг зүйл нь улс төр буюу нам хоорондын зөрчил гэж би харж явдаг. Багийн Засаг даргаас эхлээд төрийн алба гээд бүгд улстөржсөн. Сургуулийн захирал, багш зэргийг сонгон шалгаруулах асуудал хүртэл улс төртэй холбогдсон. Шалгалт авч эхлээгүй байхад тэнцээгүй хүмүүсийн нэр тодорчихсон байх юм. Төрийн албаны залгамж чанар алдагдсан байна. Айраг суманд л гэхэд монгол хэл, математикийн багшгүй хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Сургалтын байгууллага нь сургалтын менежергүй гурван сар боллоо. Цэцэрлэгийн эрхлэгч нь л гэхэд А4-ийн цаасан дээр долоон өгүүлбэртэй албан бичиг бичихдээ 21 алдаа гаргаж байна. Ийм томилгоо хийж болохгүй биз дээ. Төрийн алба чадваргүй боловсон хүчнээр дүүрч байгаагийн шинж болов уу. Үүнийг дагаад Айраг сумын дунд сургуулийн сурагчдын сурлагын чанар эрс муудсан. Улстөржсөн томилгоо эцэстээ ямар ч гэмгүй хүүхдүүдэд муугаар нөлөөлж байна шүү дээ. 

Өндөр настнууддаа анхаармаар байна 
Сайншанд сумын 2 багийн иргэн, өндөр настан: 

-Өндөр настан хүн учраас ахмадууддаа зориулсан хэд хэдэн санал хэлэх гэсэн юм. Дорноговийн эмнэлэг зөвхөн өндөр настнууддаа зориулж дотрын эмч, мэдрэлийн эмч, таван сувилагч хэрэгтэй байна. Гэртээ байгаа өндөр настнуудад тариа, дусал хийгээд өгчихдөг хангалттай боловсон хүчинтэй болох хэрэгтэй гэсэн санал хүргүүлье. Тэдний цалинг хувь хүн, өндөр настан, төр гаргах ёстой гэж боддог юм. Түүнээс гадна цахилгаан сүлжээндээ маш сайн анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна. Жаахан хүчтэй шуурахаар л тоггүй болчих юм. Арга хэмжээ авмаар байна. 

Архидалтыг багасгах хэрэгтэй 
Дорноговь аймгийн өндөр настан Банди: 

-П.Ганхуягт хандаж нэг л зүйл хэлье. Аймгийн Засаг дарга байх хугацаандаа ядаж 30-40 насны залуусыг ажилтай болгож өгөх хэрэгтэй. Тэгвэл хүмүүс сайнаар дурсч мэднэ. Дээрээс нь архидалтыг багасгах хэрэгтэй байна. Улаанбаатар хотынх шиг энд тэндгүй нийтийн бие засах газар байгуулах хэрэгтэй гэдэг санал дэвшүүлж байна. Хоёр, гуравхан сарын дотор энэ хэдхэн ажлыг хийчихвэл гавьяа байгуулсан гэж үзье. 

Алт, жонш олборлогчид байгалийг сүйтгэж байна
Сайншанд сумын 3 дугаар багийн иргэн Дэлгэрсайхан:

-Хэд хэдэн санал байгаагаа хэлье. Нэгдүгээрт, орон нутгийн орлого биелэхгүй байх шиг байна. Хүмүүс халамжийн мөнгөө авч чадахгүй байгаагаас ингэж харагдлаа. Тэргэнцэртэй дүү маань сүүлийн гурван сарын тэтгэмжээ авч чадаагүй байна. Орон нутгийн удирдлагууд, татварын байгууллага үүнд анхаараач. Мөнгөө авч чадахгүй байгаа олон иргэн байгаа байх. Хоёрдугаарт, би өөрөө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул. Сайхандулаан сумын Зээгийн хөтөлд алт илрээд сэндийчээд хаячихсан байгаа. Зээгийн хөтөлд зөвхөн Сайхандулаан сумын иргэд алт олборлоогүй. Бараг 21 аймгийн нинжа нар ирсэн байдаг. Үүний улмаас тэр хавийн хогны асуудал дийлдэхээ байсан. Байгаль орчныг маш ихээр бохирдуулж байна. Тиймээс тэнд байгаа хогийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, арга хэмжээ авч өгөөч гэж хүсч байна. Гуравдугаарт, Сайхандулаан, Айраг сумын заагт Ачааны шанд, Төгрөгийн ус гэсэн хоёр амтай, хоорондоо таван метрийн зайтай усны нөөц их худгууд байсан юм. Гэтэл 10 орчим жилийн өмнөөс жонш олборлож эхэлснээс болж нэг нь ширгэж, нөгөөх нь 1000 мал усалж дийлэхээ байсан. Тэрхүү худагийг бараадан 7000 гаруй малтай 10 гаруй айл аж төрдөг юм. Үүнийг мөн анхааралдаа аваасай гэж хүсэх байна. Мал төрийн хамгаалалтад байдаг гэдэг шүү дээ. Мал, малчид ундны усгүй болох аюулд хүрээд байна. 

Төсвийн мөнгийг хувийн компанийн халаасанд хийж болохгүй
Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн багш Норжин:
 
-Тендер нэрээр мөнгө завшдаг тохиолдол маш их байна. Ганцхан жишээ хэлье. Би Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн багш хүн. Нэгдүгээр сургуулийн өмнө машины зогсоол барьсан байгаа. Машины зогсоол барих санаачилгыг би өөрөө  гаргаад, зардал мөнгийг нь 2014 онд барилгын материалын хамгийн дээд үнээр тооцож гаргасан. Ингэж тооцоход нийт 30 сая төгрөг орох юм байна гэсэн дүн гаргасан. Гэтэл 65 сая төгрөгөөр тэрхүү машины зогсоолыг бий болгосон. Засаг дарга П.Ганхуяг тайлангаа танилцуулахдаа энэ тухай дурдсан. Замын сангийн хөрөнгөөр барьсан гэлээ. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж хардаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж шамшигдуулж болохгүй биз дээ. Бүтээн байгуулалт нэрийдлээр төсвийн мөнгийг үргүй зарж, зарим нэгэн компанийн халаасанд хийж болохгүй. Танил тал гэдэг зүйл хэрээс хэтэрсэн. Хоёрдугаарт, дунд сургуулийн хүүхдүүд крантны ус их уудаг. Бусад газартай харьцуулахад говийн усны чанар муу, хатуулаг ихтэй байдаг шүү дээ. Ингээд бодохоор сургуулийн хүүхдүүд усаар дамжуулж маш их хэмжээний хор авч байна. Алсдаа эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Тиймээс аймгийн хэмжээнд биш юм гэхэд сургуульд ирж байгаа усны аман дээр бага оврын цэвэршүүлэх станц байгуулж өгөх хэрэгтэй байна. Өнгөрсөн жил яг энэ асуудлаар орон нутгийн удирдлагуудад хандсан боловч дорвитой зүйл хийсэнгүй. 

Хүүхэд, залуучуудын чиглэлээр дорвитой ажил хийсэнгүй 
Сайншанд сумын 2 дугаар багийн иргэн, Анагаахын сургуулийн багш Отгончимэг: 

-Эрүүл мэндийн байгууллагын гол чиг үүрэг бол ард түмэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх асуудал байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд манай аймагт шинэ төрөх эмнэлэг бий болно гэж ярьснаас хойш таван жил өнгөрчээ. Гэтэл үүний цаана эхчүүд, хүүхдүүд, нярайн эрүүл мэнд энэ салбарын тулгамдсан асуудал болоод байна. Төсвийн хөрөнгөөр таван жил баригдаад дуусахгүй байхад Анагаахын сургуулийн хашаанд хувийн хөрөнгө оруулалтаар хэдхэн сарын дотор “Мандах наран” хэмээх эмнэлэг баригдчихлаа. Энэ эмнэлэг баригдсанаар манай сургуулийн оюутнууд дадлага хийх, судалгаа шинжилгээний ажил хийх, ахмадуудад эрүүл мэндийн үйлчилгээ ойртох зэрэг маш олон сайн зүйлүүдийг авчирсан. Хоёрдугаарт, өсвөр үе залуучуудын бодлогод эрүүл мэндийн боловсролын асуудал хамгийн чухал байр суурь эзэлдэг. Харин Засаг даргын тайлан, мөрийн хөтөлбөрт энэ талаар тусгайлсан бодлого бичигдээгүй байна. Дорвитой ажил ч хийсэнгүй. Тиймээс энэ асуудалд аль аль талаасаа анхаарал хандуулж эхний ээлжинд өсвөр үеийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах саналтай байна. Гуравдугаарт, Дорноговь аймгийн сурагчид суурь боловсрол, тэр дундаа хими, биологийн мэдлэгээрээ бусад аймгуудтай харьцуулахад нэлээд доогуур үзүүлэлттэй байгаа гэсэн мэдээлэл авсан. Тэгэхээр сургалтын чанарт ЕБС-иуд анхаарч ажиллах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. 

Хүн рүүгээ чиглэсэн хөгжлийн бодлого алга 
Сайншанд сумын 3 дугаар багийн иргэн Байгальтуяа:  

-Засаг даргын тайланг сонслоо. Тайланд зөвхөн бүтээн байгуулалтын ажлыг ярьснаас биш яг хүн рүүгээ чиглэсэн, хөгжлийн тухай нэг ч дурдсангүй. Үүний нэг жишээ бол Хүүхэд, залуучуудыг бодлого гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан боловч эмэгтэйчүүдэд хандсан бодлого огт байхгүй байна. Бодлого битгий хэл "эмэгтэй" гэсэн үг ороогүй байна шүү дээ. Эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх сэтгэл байсан бол ядаж хүн бүхний яриад байгаа төрөх эмнэлгийг ашиглалтад оруулчих байсан болов уу. Энэ аймаг эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн бодлогогүй болохоор эмнэлэгээ хүртэл босгохгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Улс орны хэмжээнд, аймгийн хэмжээнд, орон нутгийн хэмжээнд эмэгтэйчүүд бидэнд тулгамдаж байгаа маш олон асуудал байна. Хүчирхийлэл, халдлагад хүртэл өртсөн олон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байхад бидний эрхийг хамгаалах ганц ч гэсэн төв яагаад Дорноговь аймагт маань байхгүй байгаа юм бэ. Засаг даргын мөрийн хөтөлбөрт төв байгуулна гэчихсэн байсан. Гэтэл одоо хүртэл алга л байна. Одоо эмэгтэйчүүдэд манай аймаг анхаарал хандуулах цаг нь болсон. Улс орон даяар эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалсан бодлого явуулж байна. "Ардын үг" аян бидний үгийг удирдах албан тушаалтнуудад дамжуулж өгнө гэдэгт итгэж байна. 

Төсвийн хөрөнгийг үр ашиггүй төсөл, хөтөлбөрт зарцуулжээ 
Сайншанд сумын иргэн Оюунчимэг: 

-Аймгийн Засаг даргын тайлантай танилцаад нэг л дүгнэлтэд хүрлээ. Тэр нь төсвийн хөрөнгийг маш ач холбогдолгүй төсөл хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулжээ. Үүнтэй холбогдуулж хэдэн санал хэлье. Төсвийн мөнгөөр барьсан барилга болон хувийн хэвшлийнхний өөрсдийн хөрөнгөөр барьсан яг ижил барилгын хөрөнгө оруулалтыг харахад 5-200 сая төгрөгийн зөрүүтэй байна. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж иргэд хардах нь аргагүй ш дээ. Төсөв мөнгөө хэмнэе гээд л байсан, яг түүнд чиглэсэн бодлого бариагүй байгаа нь харагдаж байна. Гэр хорооллыг бохирын шугам сүлжээтэй холбоно гэж мөн ярьж байсан. Харин энэ асуудалд аймгийн Засаг дарга хариулт өгсөнгүй. Жаахан асуудалтай төсөл, хөтөлбөрүүдийнх нь талаар асуухаар ерөөсөө хариулт өгөхгүй юм. П.Ганхуяг гэдэг хүн Дорноговь аймгийн Засаг даргаар найман жил ажиллалаа. Гэтэл бүтэн найман жилийн хугацаанд ядаж цэвэрлэх байгууламж барьсангүй. Сайншандынхны бохир ус ил хаягдаж, урсдаг. Энэ мэтийн чухал асуудалд хөрөнгөө зарах ёстой байхгүй юу. Тэгээд хөрөнгө оруулалтынх нь ихэнх хэсэг зөвхөн зураг төсөлд нь зарцуулагдсан байна. Сүүлд нь хэлэхэд аймгийн Засаг даргын тавьсан тайлан маш хангалтгүй байна. Иргэн хүний хувьд ийм л дүгнэлт хэлье дээ. Тэгээд асуусан асуултад худлаа хариулаад байх юм. 

15 тэрбум  төгрөг хаачсан бэ
Замын-Үүд сумын иргэн Дунгармаа: 

-Замын-Үүд суманд төсөвлөсөн 15 тэрбум төгрөгийн талаар ярих олон зүйл байна. Энэ мөнгөөр спорт цогцолбор, эмнэлэг, сургууль барина гэсэн боловч гүйцэтгэж дууссан нэг ч барилга байхгүй гэдгийг тэнд амьдарч байгаа иргэн хүний хувьд хариуцлагатайгаар хэлье. Харин 15 тэрбум төгрөг хаашаа орчихов оо. Эрүүл мэндийн газрынх нь мэргэжилтэн тун хариуцлагагүй зүйл хэллээ. 20 мянган хүнд 70 ортой эмнэлэг хангалттай гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Хэн, хэзээ өвдөхөө мэдэхгүй шүү дээ. Замын-Үүд суманд хувийн хэвшлийнхний барьсан барилга хэдхэн сарын дотор ашиглалтад орчих юм. Харин төсвийн хөрөнгөөр барих барилга хэдэн жилээр царцчихдаг. Шалтгаан нь юунд байдаг юм бэ. 15 тэрбум төгрөг нь дууссан гэж байгаа атлаа Замын-Үүд сумын 20 жилийн ой болоход "Замын-Үүд-20" гэсэн гэрэлтүүлэгтэй самбарууд өлгөхөд 20 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Энэ ч гайгүй, Эрээнээс хамгийн өндөр үнээр авахад 15 мянган төгрөг болох цэцгийн баглаа 150 ширхэгийг авч гэрлийн шон дээр байрлуулсан байдаг. Түүний төсөвт 55 сая төгрөг зарцуулсан байдаг. Арай дэндүү идэж, ууж байгаа юм биш үү. Тэр мөнгө чинь энгийн иргэдийн өгсөн татвар шүү дээ. Замын-Үүдийн өнгө төрх нэмэгдлээ л гээд яриад байна. Хэдэн хувийн хэвшлийнхний л хийсэн бүтээн байгуулалт ш дээ. Сонгуулийн жил болоод тэр юм уу эхлээд үнэгүй Эрээн рүү аялуулна, дараа нь 10 мянга, тэгээд 68 юаниар аялуулж байгаа гэсэн. Энэ мөнгө хаанаас гараад байгаа юм. Алга болсон 15 тэрбумаас уу. Сүүлд хүртэл Улаанбаатар хот руу хоёр хоногийн аялалд бүртгэж байна гэж дуулсан. Бүх юм үнэгүй, зөвхөн халаасныхаа мөнгөтэй яваарай гэж зарласан гэсэн. Ингэж болохгүй ш дээ. Энэ буруу бодлого, буруу зүйлээ зогсоогооч гэж хэлмээр байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвтэй болгож өгөөч гэж дахиад гуйя
Сайншанд сумын 3 дугаар багийн иргэн Содномпунцаг: 

-Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг хүн. Дорноговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого байдаггүй. Адилхан зовлонтой хэдэн эцэг, эхчүүд холбогдох дарга нараас ядаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сурч боловсрох төв бий болгооч гэж олон жил гуйж байна. Ерөөсөө тоодоггүй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, эрх чөлөө гэдэг зүйл манай аймагт лав алга. Сайншанд сумын хэмжээнд 2-15 насны 55 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Түүний 12 хүүхдэд “Ургах наран” цэцэрлэгийн хоёр өрөөг тохижуулж өгсөн байгаа. Харин үлдсэн хүүхдүүд нь сургуулийн насных. Сургуулийн насны тэдгээр хүүхдүүдэд сурах ямар ч орчин, нөхцөл байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр маанаг юм шиг боддог. Сурах боломжтой хүүхдүүд олон байдаг юм шүү дээ. Дорноговийн дарга нараас зөндөө гуйсан. Одоо “Ардын үг” аяны хүрээнд дахиад л гуйя. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хөгжлийн төвтэй болгож өгөөч гэж гуйя.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.