Нэг цагийн амьтай нэлээд урт амьдрал

2016.04.01 Баасан №037 (2068)

Г.Балжинням

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг Дорноговь аймагт хэрэгжүүлэхээр томилогдон ажиллаж буй ажлын хэсгийнхэн Сайншанд хотын Мэдээлэл холбооны байрны нэгдүгээр давхарт байрлаж байгаа юм. Орон нутгийн зуу зуун иргэдийг энэ байрандаа өглөөний 09.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хүлээн авч уулзан, асуусан асуулт бүрт нь хариулт хайж, мэдээлэл бэлтгэн хүргэсээр байна. 
Тогтсон энэ жишгийн дагуу өнгөрсөн лхагва гаригт буюу гуравдугаар сарын 28-нд “Ардын үг”-ээ төрд хүргэхээр таван настай хүүгээ дагуулсан нэгэн эмэгтэй орж ирсэн юм. Түүний тавьсан санал нь Дорновьговь аймгийн Мандах сумтай холбоотой асуудал байлаа. Нэрээ хэвлэлд гаргахыг хүсээгүй эмэгтэй “Мандах сумаас танайхныг зорьж ирлээ. Замын унаагаар ирсэн. Манай суманд өнөө үед байж болшгүй, бүр төсөөлөхөд ч бэрх нэг асуудал байна. Тэр нь тог цахилгаан. Тог цахилгаангүй хоёрхон сум байгаагийн нэг нь манайх. Өдөрт нэг цаг л тог, цахилгаантай байдаг. Орон нутгийн удирдлагууд болоод шийдвэр гаргагчдад санал хүсэлт удаа дараа тавьсан боловч одоог хүртэл дорвитой ажил хийсэнгүй. Тэгэхээр та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн “томчууд”-ад үгийг минь  дамжуулж өгнө үү. Энэ зөвхөн миний бус Мандах сумын нийт иргэдийн хүсэлт юм шүү” хэмээв. 
Эмэгтэйн өгсөн үүргийн дагуу Мандах сумын Засаг дарга Н.Отгонбаяртай холбогдон, маргааш нь бид замд гарлаа. Ардын гаргасан тэрхүү асуудлыг сурвалжлах багийн бүрэлдэхүүнд “Ардын эрх” сонины сэтгүүлч миний бие болон “Ийгл Ньюс” телевизийн сурвалжлагч У.Болортуяа, зураглаач П.Батбаатар, жолооч Д.Өлзийдэмбэрэл нар багтсан юм. 
Мандах сум Сайншандаас 170 км, Улаанбаатар хотоос 454 км зайтай оршдог, 1560 иргэн амьдардаг юм байна. Хоёрдугаар сарын 29-ний өглөө 06.30 цагт Сайншандаас хөдөлсөн бид хоёр цаг гаруйн дараа зорьсон газраа очсон юм. Мандах сумын Засаг дарга Н.Отгонбаяр хамгийн эхний эх сурвалж болж, мэдээлэл өглөө. 
Тэрээр “Японы тусламжаар хэдэн жилийн өмнө дизелиэр ажилладаг 100 квт-ын генератор цахилгаанд холбогдоогүй нэлээд хэдэн суманд өгсөн байдаг. Тэр генератороор өдөрт 20-21 цагийн хооронд нэг цаг л тог авдаг. Бусад үед нь тоггүй байдаг. Засгийн газрын хуралдаанаар төвлөрсөн цахилгаанд холбох шийдвэр гаргасан гэсэн. Гэвч одоог хүртэл ямар ч ажил хийгдсэнгүй” гэв.
Социализмын үед тог,  цахилгаантай байсан энэ сум нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд эрчим хүчнээс гадуур үлджээ. Сэргээгдэх эрчим хүчээр буюу нар, салхиар цахилгаан авдаг байсан ч автомат удирдлага нь эвдэрснээс болж зогссон байна. Хэд хэдэн удаа засварлах гэж оролдсон ч чадаагүй аж. Түүнээс хойш сүүлийн нэг жил зургаан сарын хугацаанд ийн өдөрт нэг цаг л тог, цахилгаан авдаг болжээ.
Нэг цагийн цахилгаанд нэг өрх сард хамгийн багадаа 12 мянган төгрөг төлдөг. Генераторыг нэг цаг залгахад 20 литр түлш шаардагддаг бөгөөд сард хэрэглэсэн түлшний мөнгийг Мандах сумын 120 өрхөд хуваан тооцдог юм. Төрийн байгууллагууд болон банкууд харин ажлын цагаар мотор залгаж үйл ажиллагаагаа явуулдаг.   

Тоггүйгээс үүдсэн түр “салалт” бүр салалт болох нь
Дорноговь аймгийн Мандах сумын амьдрал, орчинг илэрхийлэхийн тулд уртаас урт дүрслэл бичих шаардлагагүй. 1980-аад оны Монголын алдартай уран сайхны киноны нэг “Говийн зэрэглээ”-тэй тун адилхан гэхэд л болно. Энд тэндгүй моторын чимээ тачигнаад л. Ямар ч Candy crush, ямар ч PC тоглоомын газар байхгүй.
Засаг даргатай нь уулзсаны дараа бид Мандах сумын уугуул иргэн Ц.Мишигдорж гуайнд зочилсон юм. 56 настай тэрээр эхнэр Оюунгэрэл, нэг хүүгийн хамт амьдардаг. Нэгдүгээр багийн Засаг даргын алба хашдаг Ц.Мишигдорж гуай уг нь дөрвөн хүүхэдтэй. Гэвч сум нь тоггүй учраас гурван хүүхэд нь хот, хүрээ барааджээ. Том хүү нь санхүүч, бэр охин нь англи хэлний багш мэргэжилтэй. Тог, цахилгаантай бол аав, ээжийнхээ дэргэд байж, сум орон нутагтаа ажиллах юмсан гэж ярьдаг хэмээн Ц.Мишигдорж гуай хэлээд “Ач, зээтэйгээ хамт байхыг эмгэн бид их л хүсдэг юм. Сургууль, цэцэрлэг нь амрахаар бид хоёр дээр ирдэг ч, хоёр, гуравхан хоноод л “өвөөгийнх тоггүй муухай” гээд буцаад явчихдаг. Жаахан хүүхдүүд тоггүй газар яаж ч удаан тогтох вэ дээ” хэмээн санаа алдлаа. 
Хөдөөгийн иргэдийн ид ажлын цаг оройны 19.00 цагаас эхэлдэг. Яг тог ирэх цагтай давхацдаг учраас зөвхөн Ц.Мишигдорж гуайнх ч бус Мандах сумын бүхий л иргэд маш олон “хэцүү” сонголтын өмнө ирдэг. Хэцүү ч гэж дээ, нэг цагийн амьтай нэлээд урт амьдралынхаа турш зурагт үзэх үү, хувцасаа угаах уу, хоол хийх үү, мал хуйгаа хаших уу, үнээгээ саах уу гэдгээ шийддэг. 
Тог ирэхэд Ц.Мишигдорж гуай зурагтаар мэдээ үзэнгээ, гурил зуурч хоолоо хийнэ. Харин түүний гэргий Оюунгэрэл угаалгын машин ажиллуулж, хажуугаар нь утсаа цэнэглэн хотод байгаа хүүхдүүдтэйгээ ярьдаг.  
Цөөн хүн амтай газрын багийн даргын бүртгэлд иргэдийнх нь бүх мэдээлэл бий. Бүгдийг нь таньдаг, бүгдийг нь мэддэг. Ц.Мишигдорж гуай яриагаа үргэлжлүүлэн тоггүйгээс болж гэр бүл салж байна гэсэн таагүй мэдээ дуулгасан юм. Түүний мэдэж байгаагаар гурван гэр бүл тоггүйгээс болж салсан бөгөөд эхнэр, нөхрийн нэг нь Мандах сумандаа үлдэж нөгөөх нь хүүхдээ дагуулан тогтой газар бараадан нүүсэн байна. Тог бараадсан түр салалт нь бүр салалт болсон гэдгийг ч тэрээр толгой сэгсрэн хэлсэн юм. 

“Салхи ширүүсч, хүчтэй шуураасай”
“Гуравдугаар сарын 4-нд миний утсанд Онцгой байдлын ерөнхий газраас гэсэн мэссэж ирсэн. Хүчтэй салхи, шуурга болно гэсэн анхааруулга. Манайхан бөөн баяр болсон ш дээ” хэмээн сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан С.Адъяа хэмээх эмэгтэй хэлэв. Лавлан асуувал, 14 м/секундээс дээш хурдтай салхи гарвал салхин сэнс нь ажиллаж, түр ч гэсэн тог, цахилгаан ирдэг байна. 
С.Адъяагийн хувьд Сум хөгжүүлэх сангаас таван сая төгрөгийн зээл авч, нарийн боовны цех нээжээ. Зээлсэн мөнгөөрөө 9 төрлийн тоног төхөөрөмж авсан байна. Хамгийн сүүлд цэргийн баяраар буюу гуравдугаар сарын 18-нд тортны захиалга түүнд иржээ. Захиалга ирсэн даруйд гурил өндгөө зуурч бэлдээд 20 цагийг хүлээсэн байна. Тог ирлээ, С.Адъяа нэг цагийн дотор таван ширхэг торт хийж амжив. Ашиг олдоггүй ч, зээлээ цаг хугацаанд төлөөд явдаг шүү хэмээсэн юм. С.Адъяад дахиад нэг цаг байвал 10 ширхэг торт хийж чадна.
Түүнтэй нэг өрөөнд эмчлүүлж байсан Амарбаясгалан харин үр хүүхдээ их санадаг тухайгаа ярьсан. Хүүхдүүд нь ирчихээд хоёр, гурав хоноод л буцдаг гэлээ. 
Юнител, Мобикомын салбартай. Эдгээр нь нарыг ашиглан эрчим хүч авдаг байна. Харин нар гарахгүй хоёр хоноход сүлжээгүй болчихдог. 
Түүнээс гадна Мандах сумын иргэдийн дунд тогны асуудлаар судалгаа явуулахад нийт иргэдийн 70 хувь нь 24 цагийн бус хоёр цагийн тогтой болохыг хүссэн байна. Зарим хүнсний дэлгүүрүүд нь мотороор хөргөгчөө ажиллуулдааг бол зарим нь хөргөгч ашиглах бүтээгдэхүүн худалдаалдаггүй юм. Худалдагч эмэгтэй “Тоггүй болохоор ихэнхдээ борцтой хоол иддэг. Эсвэл махаа утаж хэрэглэдэг. Ер нь өндөг салат, хиам их ховорхон хэрэглэдэг дээ. Та нар айлаар орвол борцтой шөлөөр л дайлах байх. Төвийн улсууд борцонд дуртай байдаг хойно та нарт таатай л байх байх даа” гээд инээлээ. 

“Амьдралын цаг”
Өдөр шувтарч, 20 цагийн хонх дуугарлаа. Түргэн алхсан хоёр настан гэрийн зүг яарна. Хэвлэлийнхэн хэмээн өөрсдийгөө танилцуултал, “Ээ ашгүй минь” хэмээн гэрийн эзэн гэртээ урьсан юм. Тог ирэх цагтай уралдаж, түргэн алхаж явав уу гэсэн асуултад “Тийм ээ. Найз хөгшчүүлийндээ хоол идээд сууж байтал тог ирсэн. Заримдаа тоггүй өдөр ч байдаг юм. Тэгэхээр нь идэж байсан хоолоо дуусгалгүй гэр рүүгээ яарч ирлээ. Хэдэн ач, зээтэйгээ удирдлага булаалдана даа” хэмээн хариуллаа. Хоёр хөгшин гурван ач, зээтэйгээ амьдардаг. Бага зээ Тулгаа “Тог ирэхээр баахан юм болдог юм. Том эгч солонгос кино үзэх гэнэ, би хүүхэлдэйн кино, эсвэл Бонго, Мишээл хоёрыг үзэх гэнэ, харин өвөө, эмээ хоёр мэдээ үзэх гээд. Дундуур нь реклам гарахаар ээлжлээд үздэг. Гурван зурагттай бол гоё. Гэхдээ тог хурдан тасарчихдаг”. 
Гэрийн эзэн бага зээгээрээ нарийн цэнэглэгч олуулаад утсаа залгангаа төмрийн харуул хангинууллаа. Олон жил шагай харвасан тэрээр “Хөгшрөөд ирэхээр олигтой нясалж чадахаа байсан. Тэгээд шагайн буу хийж байгаа юм. Өчигдөр тог ирэхэд бууныхаа доод хэсгийг бэлэн болгосон. Одоо дээд талыг нь янзлаад дуусна даа” гээд ажлаа үргэлжлүүлэв. 
Тэрээр насаараа хоршооны нягтлан хийж байгаа. Тэтгэвэрт гарах нас нь болсон боловч түүний ажлыг үргэлжлүүлэх залуу хүн байдаггүй гэнэ. Тоггүй газар залуу хүн ирэхгүй дээ гэлээ. Биднийг ийн ярилцах зуур гэр бүлийн хүн нь хоол хийж амжжээ. Борцтой шөлөөр дайлуулсан бид дараагийн хүнтэй уулзахаар гарлаа. 
Мандах сумын ИТХ-ын дарга П.Энхболд 20.57 цагт уулзав. Тэрээр “Бүх газарт санал хүргүүлж, хүсэлт тавьсан. Эрчим хүчний сайд Д.Зоригт, манай аймгаас сонгогдсон Ж.Батсуурь, аймгийн удирдлагууд гээд хандаж үзээгүй хүн, очоогүй газар үлдээгүй. Удахгүй холбож өгнө гээд л таг болчихдог. Петровисийн салбар шатахуун түгээх станц байдаг. Зөвхөн түлшний 800 мянган төгрөгийн өрөнд орсон байна. Увуулж, цувуулж төлнө дөө. Хэзээ төвийн цахилгаанд холбогдох нь тодорхойгүй л байна. Одоо ганц найдвар бий. Тэр нь Цагаан суваргын орд. Өөрөөр хэлбэл, Цагаан суваргын ордын үйл ажиллагаа эхэлбэл тэндээс шугам татаж, цахилгаантай болох боломжтой. Цагаан суваргын орд Оюутолгойгоос эрчим хүч авдаг. Тэрнээс гадна... өө тог тасарчихлаа”. Гурван минут үргэлжилсэн бидний яриа, харанхуй өрөөгөөр ийн хязгаарлагдав. 
Нэг цагийн амьтай нэлээд урт амьдрал дууссаны дараа “Ардын үг” аяны ажлын хэсгийн гишүүд бид эргэн аймгийн төвийг зорих боллоо. Мандах сумаас гарахын өмнө шатахуун түгээх станцад зогслоо. Түгээгч гарч ирэн моторын утсаа хэд хэд хүчтэй татан асаалаа. Харин биднийг хөдөлсний дараа буцаан унтраав.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.