Улаанбаатарыг Зөвлөлдөх ардчиллаар хөгжүүлэхийг хүсч байна

2016.03.30 Лхагва №036 (2067)

Төлөөллийн ардчиллын сул тал болох шийдвэр гаргалтанд иргэд итгэхээ больсон, засаг захиргаандаа сэтгэл ханамжгүй, гаргасан шийдвэрийг нь дэмжихгүй байх, эсэргүүцэх зэрэг түгээмэл үзэгдлүүдийг арилгах орчин үеийн арга зам нь яалт ч байхгүй Зөвлөлдөх ардчилал болохыг нотлох нэгэн үйл явдал хоёр оны зааг дээр болсон билээ. Энэ бол Иргэдийн оролцоо-Маргаашийн Улаанбаатар хэмээх Зөвлөлдөх санал асуулга байсан юм.
Улаанбаатарын иргэдийн анхдугаар зөвлөлдөх санал асуулга 2015 оны арванхоёрдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төрийн ордонд явагдсан билээ. Энэхүү Зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотын захиргаа санаачилж, Азийн сангийн дэмжлэгээр, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчиллын төвийн туслалцаатайгаар, Австралийн Засгийн газрын санхүүжилтээр зохион байгуулсан юм.
Зөвлөлдөх санал асуулга явуулахын өмнө санамсаргүй түүврийн аргаар нийслэлийн 1185 иргэдийг оролцуулсан судалгаа хийсэн. Дараа нь мөн санамсаргүй түүврийн аргаар 400 иргэнийг сонгож Зөвлөлдөх санал асуулгад оролцох урилга илгээсэн бөгөөд оролцох боломжтойгоо илэрхийлсэн 317 иргэн хоёр өдрийн турш зөвлөлдөж Нийслэлийн захиргаанаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 төсөл хөтөлбөрийг ач холбогдлоор нь эрэмбэлэн, үнэлж дүгнэсэн ажээ.
Социологийн томъёоллоор хүн ам зүй болон хэлэлцэх асуудалд хандаж байгаа хандлагын хувьд оролцогч 317 иргэд нь Нийслэлийн нийт хүн амыг төлөөлөх чадвартай. Үүнийг эхний 1185 иргэдээс авсан судалгаа болон Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн харьцуулалтад бараг ялгаа гараагүй явдал нотлов. 
Судалгааны түүвэрлэлт хийх, судалгаа явуулах болон судалгаа авах судлаачдыг сонгон ажиллуулах ажлыг “MMCG” зөвлөх компани гүйцэтгэж, Зөвлөлдөх санал асуулгын жижиг бүлгийн хэлэлцүүлгийг хөтлөх модераторуудыг “Зориг сан” сургаж, оролцуулсан байна. 
Зөвлөлдөх санал асуулгаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөөнд тусгагдсан 14 гол төслийг иргэдээр хэлэлцүүлэн эрэмблүүлэх зорилготой байсан. Учир нь эдгээр төслүүдийн санхүүжилтийг их хэмжээний зээлээр бүрдүүлэх тул Нийслэлийн Захиргаа зээл авахаасаа өмнө иргэдэд төслүүдийн талаарх мэдээллийг өгч, мэдээлэлжсэн иргэдээр 14 төслийн ач холбогдлыг хэрхэн эрэмбэлж, үнэлж байгааг тогтоохыг зорьжээ. Зөвлөлдөх уулзалтын өмнө нийт оролцогчдод төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тараасан бөгөөд оролцогчид мэдээлэлтэй танилцсан байдал нь дараахь төлөвтэй байв.
Зөвлөлдөх санал асуулгад оролц­сон иргэдийн 95 хувь нь зөвлөлдөх үйл явц “Ач холбогдолтой” хэмээн үнэлсэн байна.


Мэдээллийг хальт гүйлгэж уншсан             11.0%
Мэдээллийн талаас доош хувийг уншсан    9.2%
Мэдээллийн талыг нь уншсан                      19.6%
Мэдээллийн талаас дээш хувийг уншсан   20.2%
Мэдээлэлтэй бүрэн танилцсан                     40.1%


Улаанбаатарчуудыг төлөөлж буй 317 иргэний талаас нь илүү нь мэдээлэлтэй бүрэн танилцаагүй байдалтайгаар Зөвлөлдөх уулзалтыг эхлүүлсэн ч жижиг бүлгийн хэлэлцүүлгийн үеэр харилцан ярилцах, санал солилцох, мэтгэлцэх явцад мэдээлэл нь бүрэн болж ирсэн юм. Эндээс жижиг бүлгийн хэлэлцүүлгийн ач холбогдол тод харагдаж байлаа. 
Жижиг бүлгийн хэлэлцүүлгийн дараа нийт оролцогчоос Нийслэлийн захиргаа болон төслийн нэгжүүдийн удирдагчдад асуулт тавьж, тодруулга авснаар иргэдийн ойлголт, мэдээлэл бүрэн болж энэ нь саналаа ухамсартайгаар өгөхөд түлхэц өгсөн юм. Ингээд нууц санал хураалт явагдав. 
Зөвлөлдөх санал асуулгын дүн гарахад Нийслэлийн захиргааны анхлан эрэмбэлсэн дараалал эрс өөрчлөгдсөн. Иргэдийн саналаар 14 төслөөс найман төслийнх нь үнэлгээ мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Гурван төслийн үнэлгээ өсч, таван төслийн үнэлгээ буурсан байна. Зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлгийн явцад иргэд үндсэн гурван бүлэг асуудал дээр төвлөрч байгаа нь анзаарагджээ. Голлох асуудал нь байгаль орчин. Хамгийн их үнэлгээ авсан эхний зургаан төслийн дөрөв нь байгаль орчинтой холбоотой төслүүд байсан бөгөөд цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт болон хог хаягдалтай холбоотой асуудлуудыг шийдэх чиглэлтэй байсан. Сургууль цэцэрлэгийн барилгын дулаан тех­никийн шинэчлэлтийг хийх, Туул Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Эко парк байгуулах болон Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах төслүүдийг иргэд эхний ээлжийн ажлууд гэж үнэлсэн аж. Дараагийн бүлэг асуудал нь Үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн төвлөрлийг сааруулж, хотын төвөөс гаргахад чиглэсэн төслүүд байсан. Иргэд Налайх дүүрэгт байгуулагдах барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, Эмээлт орчим байгуулагдах хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслүүдийг дэмжсэн. Түүнчлэн “аюултай ба хортой хог хаягдал гаргах болон хадгалах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр компаниудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэсэн санааг иргэд маш хүчтэй дэмжсэн байна. 
Сүүлийн бүлэг асуудал нь өр, татвартай холбоотой байв. Метро (маш өндөр төсөвтэй) болон Экологийн коридор (орлогын эх үүсвэргүй) төслүүдийн үнэлгээ эрс доошилсон нь иргэд өр зээлийн эргэн төлөгдөх боломжийг ихээхэн тооцож, эрүүл хандаж байгаагийн шинж байв. 
Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 95 хувь нь зөвлөлдөх үйл явц “ач холбогдолтой” хэмээн үнэлсэн байна. Хэдийгээр ихэнх асуудалд эсрэг байр суурьтай  байсан ч иргэдээс асууж, оролцуулж байгаад нийт оролцогчдын 98 хувь нь сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Иргэдэд мэдээллийг тэнцвэртэй өгсөн эсэх талаар оролцогчид дараахь үнэлгээг өгчээ.


Бүрэн тэнцвэртэй мэдээлэл өгсөн               18.9%
Нэлээд тэнцвэртэй мэдээлэл өгсөн             53.9%
Зарим талаараа тэнцвэргүй мэдээлэл өгсөн 24.3%
Үнэлж мэдэхгүй                                              2.8%

Зөвлөлдөх санал асуулгын үйл явцыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Стэнфордын Их сургуулийн судлаач Г.Занданшатар нараар удирдуулсан Зөвлөх хороо хянаж байлаа.

Зөвлөх хорооны гишүүд:
Ерөнхий сайд асан Д.Содном
Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн
Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш-Ёндон 
Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц
Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Ариунаа
“MCS” группын Ерөнхийлөгч Ж.Од
Нийтлэлч Б.Батбаяр
Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн 
Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа 
МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ

Зөвлөлдөх санал асуулгын үр дүнтэй нь тодорхой болж, иргэдийн оролцоо ч сайн байгаа тул дараагийн Зөвлөлдөх санал асуулгыг Нийслэл хотын дүрэм болон Улаанбаатар хотын өөрийн засаглалыг сайжруулах асуудлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 
Улаанбаатарт явагдсан Зөвлөлдөх ардчиллын анхны оролдлогууд нь орон нутгийн Засаг захиргаа, улс төрийн намууд энэ аргачлалаар иргэдийн оролцоог хангаж, тэдний санал хүсэлтийг мөрийн хөтөлбөр болон шийдвэртээ тусгах боломжтойг харууллаа. Харилцааны хоёр замын тэнцвэртэй загварын бодит биелэл болсон Зөвлөлдөх ардчилал Монголын хөрсөнд амьдрахаар байна. Иргэдийн оролцоо, санаа бодлыг шийдвэр гаргалтанд тусгах үүнээс илүү үр дүнтэй аргыг хүмүүн төрөлхтөн одоогоор олж чадаагүй гэдэг нь үнэн ажээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.