Хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцдог хэвээрээ

2016.03.25 Баасан №034 (2065)

М.Алтанцэцэг

Хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцохоо болилоо гэдэг мэдээлэл өчигдөр гарч жолооч нарыг “баярлуулав”.  Мэдээлэлтэй холбоотой олон асуулт хүмүүсийн дунд өрнөсөн. Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Х.Гансүхээс дараахь зүйлийг тодрууллаа. 

-Хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага хүлээлгэхгүй гэсэн шийдвэр гарчээ. Тэгэхээр цагдаатай таарахгүй л бол торгуулахааргүй болсон гэсэн үг үү?
-Энэ ташаа мэдээлэл. Өнгөрсөн оны долдугаар  сарын 8-нд УИХ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль баталсан. Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 28-нд Хууль зүйн сайдын А/188 дугаар тушаал гарч бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах журмыг баталж есдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн. Тэр журмаар  замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илэрсэн зөрчилд бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах, торгох шийдвэрт гомдол  гаргах, торгох шийдвэрийг биелүүлэх, мэдээллийн сан бүрдүүлж хөтлөх, торгох шийдвэрийг бүртгэлээс хасах зэргийг шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, зөрчлийн оноо тооцох журамтай нийцүүлэн баталсан. Шинэ хууль, журам баталсан учраас 2013 онд НИТХ-аас гаргасан тогтоолыг л хүчингүй болсон хэрэг.
-Тэгэхээр хяналтын камераар зөрчил илрүүлэн гэрийн хаягаар торгууль явуулдаг хэвээрээ гэсэн үг үү?
-Хэвээрээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 
-НИТХ-ын хүчингүй болгосон тогтоолд юу гэж заасан байдаг юм бол?
-НИТХ-ын 2013 оны долдугаар сард баталсан А/80 дугаар тогтоол нь 1996 онд баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж гарсан юм. Тиймээс тэр тогтоол хүчингүй болсон. Харин шинээр баталсан хуулийг дагаж гарсан А/188 журмын дагуу торгуулийн хуудас илгээж байгаа. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.