Дорноговийнхон “Хаан хор”-той усаар ундаалдаг

2016.03.25 Баасан №034 (2065)

Г.Балжинням 

Хүн, мод хоёр. Нэг нь ургана, нөгөөх нь хөдөлнө, өснө. Харин аль алиных нь ургах, хөдлөхөд нэг зүйл л хамгийн гол хөдөлгөгч хүч болдог юм. Тэрхүү хүч нь УС.
“Ардын үг” зөвлөлдөх аян Дорноговь аймагт үргэлжилсээр. Монголын медиа корпорацаас томилогдон ажиллаж байгаа ажлын хэсэг ард түмний үгийг шийдвэр гаргагчид, орон нутгийн удирдлагуудад хүргэсээр байна. Тэгвэл энэ удаад бид орон нутгийн иргэдийн зүгээс асуудал болгон тавьж буй ундны ус сэдвийг онцолж байна. 
Дорноговь аймгийн дөрвөн замын уулзварын зүүн урд хэсэгт Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн шугамын автобус ирдэг. Оройн 21.30 цаг болж байсан юм. Улаанбаатар хотоос Дорноговьд тараагдах “Ардын эрх” сонины шинэ дугаарыг удахгүй ирэх автобуснаас тосохоор зогсож байлаа. Ингэх зуураа харин Дорноговь аймгийн Сайншанд хотын суугуул Л.Мягмарсүрэн буюу Мийгаатай 20 орчим минут “буу халсан” юм. 
Дорноговь аймагт “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян үргэлжилж байгааг дуулгаад, ажлын хэсгийн гишүүн хэмээн өөрийгөө танилцуулсан юм. Гэтэл танихгүй хүнтэй бүрэгхэн харьцаж байсан Мийгаа тэрхэн зуур олон асуултад хариулт өгсөн нэвтэрхий толь болон хувирлаа. Гар барин модон сандал дээр суугаад “За Дорноговьд ажиллаж байгааг чинь дуулсан. Иргэдийн үгийг нутгийн удирдлагууд, төрийн “томчууд”-ад хүргэж байгаа зөв, зүйтэй аян гэж харж байна. Бидэнд тулгамдаад байгаа хамгийн том нэг асуудал бол ундны ус” гээд олон зүйлийг ярьж өгсөн юм. 
Автобус ирж бидний яриа өндөрлөлөө. Харин салахдаа Мийгаа ундны усны талаар мэдээлэл гаргаж, олон нийт, цаашлаад нутгийн удирдлагуудад хүргэхийг “үүрэгдсэн” юм. Зөвхөн Л.Мягмарсүрэнгийн бус Дорноговийн нийт иргэд “үүрэгдэж” байгаа шүү гэдгийг ч мөн давтан хэлсэн.
Дорноговьчуудаас авсан үүргийнхээ дагуу маргааш өглөө нь хэд хэдэн газраар орж, албан тушаалтнаас эхлэн, усны чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагын ажилтнуудтай уулзлаа. "Ардын үг"-ийн асуултад хариу олохын тулд хамгийн эхэнд Дорноговь аймгийн нэгдүгээр сургуулийн эсрэг талд байрлах Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаанд очсон юм. Говийн усны сав газрын нэрээр нэрлэгдсэн тус газрын захиргааны хувьд Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дундговь гэсэн дөрвөн аймгийн 23 сумын нутаг дэвсгэрийн ундны усыг хайрлан хамгаалах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх чиглэлд ажилладаг юм. 
Дорноговь аймгийн хувьд Зээгийн хөтөл хэмээх газраас ундны усаа авч хэрэглэдэг байна. Зээгийн хөтөлийн усны ордод анх хайгуул хийж, нөөцийг нь 25 жил ашиглах боломжтой хэмээн тогтоож байжээ. Сав газрын захиргааны Газар доор усны нөөц ашиглалтын зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Д.Гансүхтэй энэ асуудлаар уулзаж, мэдээлэл авсан юм. Түүний хэлснээр хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр Зээгийн хөтлийн усны нөөц дуусах дөхжээ. 19 жил орчим Зээгийн хөтлөөс ундаалсан Дорноговьчууд ундны цэвэр усны өөр эх үүсвэртэй болох шаардлагатай байгаагаас үүдэн шинэ хайгуулыг эхлүүлсэн гэдгийг Д.Гансүх онцоллоо. Ундны усны шинэ эх үүсвэрийн хайгуулын ажлыг 2015 оноос эхлүүлсэн бөгөөд аймгийн төвөөс хойш зүүн хойно орших Алтанширээ сумын нутагт байх ордыг илрүүлсэн байна.  Нөөцийг нь эцэслэн тогтоогоогүй ажээ. 
Харин ард иргэдийн хамгийн их санаа зовж буй ундны усны чанар яагаад муудсан шалтгааныг тодруулахад “Говийн аймгийн иргэд 100 метрээс дээш гүнээс ундны усаа татаж хэрэглэдэг. Эрдэст чулуулгаас хамаарсан олон жилийн дарагдмал шингэн уусмал усанд байдаг юм. Үүнээс болоод усны чанар муу байдаг. Зөвхөн Дорноговь аймаг бус говийн бусад аймагт ч усны чанар муу байдаг юм” гэв. 
Улаанбаатар хотоос Дорноговьд ирсэн хүмүүст усны амт нь арай өөр санагдах юм. Дорноговь аймгийн зарим суманд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж байдаг байна. Гэхдээ гурван жил тутам солих шаардлагатай байдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарласан юм. Түүнээс гадна зарим сум гүний худгаас хэрэгцээгээ хангадаг бол аймгийн төвтэйгээ ойрхон сумдад зөөврийн хэлбэрээр ундны ус түгээдэг байна. Эрдсээс гадна энэ орон нутгийн ундны усанд фтор байх ёстой зохист хэмжээнээсээ илүү  агуулагддаг гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторын эрхлэгч Г.Мөнхтуяа хэлсэн юм. Хүний бие, эрүүл мэндэд хортой бодис Дорноговьчуудын хэрэглэж байгаа ундны усанд байгаа юу гэсэн асуултад тэрээр хариулт өгсөн юм. 
Мэргэжлийн хяналтын газрын лаборатор аймгийн төвийн урд хэсэгт байрлах бөгөөд орон нутгийн өмчит ус түгээх "Чандмань илч" хязгаарлагдмал хувьцаат компанид байрлаж байв. Биднийг очиход Г.Мөнхтуяа эрхлэгч тусгайлан савласан усны дээжүүдэд туршилт, судалгаа хийж байсан юм. Харин нэг ноцтой мэдээ нэмж дуулгасан нь өнөөгийн дорноговьчуудын хэрэглэж байгаа усанд хүнцэл хэмээх зохист хэмжээнээсээ хэтэрвэл хүний биед асар хортой бодис илэрсэн байна. Тэрээр “Сайншанд сумынхны одоо хэрэглэж байгаа ус эрдэсжилт ихтэй. Үүнээс болоод хүнцэл, фторын агууламжийн үзүүлэлт нэлээд өндөр гарсан. Хүнцэлийн хувьд улирлын чанартай ихсч, багасч байгаа бол фторын агууламж тогтмол өндөр гэсэн дүн гарч байна. Эдгээр химийн элементүүд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээсээ хэтэвэл ямар нэгэн байдлаар хүний биед хор болно. Жишээлбэл, Дорноговь аймгийн иргэд фтор ихтэй усан дээр фтортой оо хэрэглэдэг. Үүнээс болж шүд хорхойтоогүй хэрнээ шарлаж, цаашлаад палангүй болдог. Урт хугацаандаа маш хортой зүйл шүү дээ” гэв. 
Хүнцэлийн хувьд нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог байна. Хор уршгийн хувьд Wikipedia цахим хуудсанд тодорхой бичсэн байна. Тэнд бичсэнээр хүнцлийн илүүдэл үүссэн тохиолдолд үс унах, шингээлтийн замын өвчлөл, нүдний эвэрлэг бүрхэвч булингартах, хамрын хөндийн өвчлөл, хумс амархан гэмтэж хугарах, амт, үнэрийн хэт мэдрэмтгий болох зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг байна. Ихэнх нөхцөлд хүнцэл нь усан уусмал хэлбэрээр биологийн эргэлтэд ордог тул төрөл бүрийн хүнцлийн уусмал нь хамгийн хор хөнөөлтэй байдаг ажээ. Хүнцлийн хамгийн хортой нэгдэл нь арсин буюу хүнцэлт ус төрөгчийн хий. Мөн түүнийг “Хаан хор” хэмээн нэрлэдэг байна. 
Тэгвэл хэрэглэж байгаа ундны ус нь Дорноговьчуудын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ. Энэ асуудлаар Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Хишигдүүрэнтэй уулзсан юм. 
Тэрээр тоо баримт зэргээ цэгцлэн орон нутгийнхан уснаасаа болж ямар өвчин авч байгааг эхнээс нь ярьж өгсөн юм. Лабораторын эрхлэгч Г.Мөнхтуяагийн хэлсэн шиг хүнцлийн агууламж аймгийн төвийн болон Хатанбулаг сумын ундны усанд их байгааг юун түрүүнд онцоллоо. Дорноговийнхны хэрэглэж байгаа ундны усанд шинжилгээ хийхэд усны стандартад нийцэж байна гэсэн дүн гарсныг мөн дуулгалаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд аймгийн төвийн иргэдийн дунд элэг, цөс, бөөр, үе мөчний өвчлөл ихсч байгаа нь хатуулаг, эрдэс, хүнцэл зэрэг бодис ундны усанд их байгаатай холбоотой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. 
Д.Хишигдүүрэн мэргэжилтний бидэнд өгсөн статистикийн зарим мэдээллийг харвал сүүлийн таван жилийн хугацаанд жил тутам үе мөчөөр өвчлөгсдийн тоо 200, элэг цөс, хоол боловсруулар эрхтний өвчлөл жил тутам 800-гаар нэмэгдсэн байх юм. Гэхдээ үүнийг дан ганц ундны устай холбон тайлбарлаж болохгүй байх. Хүмүүсийн амьдралын хэв маяг, хөдөлгөөн, зөв хооллох дэглэм зэрэг нь ч үүнд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэдгийг үгүйсгэж болохгүй юм.
Мэргэжлийн хяналтын лаборатор байрлах "Чандмань илч" орон нутгийн өмчит компанийн хувьд Дорноговь аймгийн төвийн ундны усыг түгээдэг байгууллага юм. Зээгийн хөтөлийн усны ордоос өдөрт 1600 куб метр ус татдаг байна. Усны үнийн хувьд орон сууцны айлуудад 800, гэр хорооллын айлуудад хоёр төгрөгөөр борлуулдаг ажээ. 
"Чандмань илч" компанийн Ус хангамжийн албаны дарга Х.Бариадбаасанжав хүнцлийн агууламж зохист хэмжээнээс их байгаа гэдэгтээ санал нийлэхгүй байгаагаа хэлсэн юм. Монгол Улсын усны стандартад нийцсэн гэсэн дүгнэлт гарсныг хэлж байлаа. Гэхдээ 2011 онд Солонгосоос мэргэжлийн судлаачид ирж ундны усанд шинжилгээ хийсэн гэдгийг дуулгасан юм. Х.Бариадбаасанжав “Солонгосчууд хэдэн жилийн өмнө ирж Дорноговийн ундны усанд шинжилгээ хийсэн байдаг. Шинжилгээ хийгээд хүнцэл их байна гэсэн дүн гаргасан. Ингээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хүнцэл шүүх төхөөрөмж суулгасан” гэсэн юм. 
Гэвч биднийг очиход хүнцэл шүүгч тэрхүү төхөөрөмж нь эвдэрсэн байдалтай байв. Х.Бариадбаасанжавын хэлснээр тэрхүү төхөөрөмж нь 2013 оноос хойш нэг жилийн хугацаанд л ажилласан байна. Цахилгааны хэлбэлзэл болон ачаалал, усны бүтцээс болж эвдэрсэн гэх. 
Ганц байсан ус шүүх, цэвэршүүлэх төхөөрөмж нь эвдэрсэн учраас одоо "Чандмань илч" компанийн зүгээс ундны усанд халдваргүйжүүлэлт л хийж, хэрэглэгчдэд түгээж байгаа юм байна. 
Тэгвэл шинжилгээгээр тогтоогдсон ундны усан дахь хүнцэл, фтор зэрэг илүүдэлтэй бодисыг хэрхэн багасгаж, зохист хэмжээнд нь хүргэх вэ. Мөн орон нутгийн удирдлагууд, ундны усны чанарыг сайжруулах тал дээр ямар ажлууд хийж ирсэн бэ. Цаашид юу хийхээр төлөвлөсөн юм бэ.
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү “Усны аюулгүй байдлын орон нутаг дахь зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл хуралдаж, ундны усны чанарыг сайжруулах чиглэлд хийх ажлаа төлөвлөөд явж байна. Энэ онд ундны ус цэвэршүүлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлнэ. Хүнцэлийн хувьд хэлэхэд, Япон улсын усны лабораторт усныхаа дээжийг явуулж шинжлүүлсэн. Хүнцэл хлоржуулах төхөөрөмж суулгасан боловч тодорхой шалтгааны улмаас эвдэрсэн. Нэмэлт төхөөрөмж суулгах тал дээр санал тавьчихаад байж байна. Түүнээс гадна Дорноговь аймгийн 14 сумын усны дээжийг Улаанбаатар хотын төв лабораторт шинжлүүлэхээр хүргүүлсэн. Хариу нь хараахан ирээгүй байна. Цаашид цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг сумдад бий болгохоор ажиллаж байгаа” гэсэн юм. 
Мөн Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны Газар доор усны нөөц ашиглалтын зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Д.Гансүх хэлэхдээ, цэвэршүүлэх байгууламж байгуулахаас гадна эрдэсийн хэмжээг багасгахын тулд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг цеолитын ордыг ашиглах хэрэгтэй хэмээн санал болголоо. Цеолит нь өөрөө усны бохирдлыг шүүж авдаг бодис юм байна. Ундны усаа цэвэршүүлэх, шүүхийн тулд Дорнод аймгаас ирж Дорноговийн цеолитыг авдаг гэдгийг тэрээр хэлсэн юм. Тэгэхээр хамгийн хялбар бөгөөд боломжит хувилбар нь  эхний ээлжинд цеолитын ордоо ашиглах гэж харж байгаа юм байна. 
Харин Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Хишигдүүрэн ундны усыг заавал цэвэршүүлэх шаардлагагүй гэсэн тайлбарыг өглөө. Өөрөөр хэлбэл, ундны усыг цэвэршүүлэхдээ зөвхөн байх ёстой хэмжээнээс хэтэрсэн бодисыг нь шүүж авахгүй бол ямар ч хамаагүй шүүгч тавьчихаар усанд агуулагддаг хүний биед хэрэгтэй бодисуудыг давхар шүүгээд авчих эрсдэл учирч болзошгүйг сануулсан юм. 
Лабораторын эрхлэгч мөн ундны усны чанарыг сайжруулахын тулд юун түрүүнд фтор шүүгч ашиглах хэрэгтэй гэдгийг онцолж байна. 
Тэгэхээр яг өнөөгийн нөхцөлд Дорноговь аймгийн иргэд хүнцэлтэй ус хэрэглэж байна гэсэн үг. Зарим нь фторын агууламж хэт өндөр ус хэрэглэж байгаагаа ч мэдэхгүй тохиолдол бий гэдгийг мэргэжлийнхэн хэлж байсан юм. Фторын агууламж ихтэй гэдгийг бидний уулзсан зарим хүн өөр дээрээ жишээ авч ярьж байсан. Фтортой ус, фтортой оог зэрэг ашиглах нь алсдаа ямар нөхцөл байдалд хүргэж байгааг харлаа. Одоо харин хүнцэл...


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.