СӨХ, орон сууцны компани айлын цахилгааныг таслах эрхгүй

2016.03.23 Лхагва №033 (2064)

-Дээрх байгууллагууд цахилгааныг тань тасалдаг бол та холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй-

 

М.Алтанцэцэг

СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газруудын харьяа болон хувийн орон сууцны конторууд төлбөр тооцоогоо барагдуулахын тулд хэрэглэгчийн цахилгааныг таслах тохиолдол байнга гардаг. Гэхдээ Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ компаниас өөр байгууллага хэрэглэгчийн цахилгааныг таслах эрхгүй байдаг юм байна. Энэ талаар тус компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн ахлах инженер М.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Байр, СӨХ зэрэг хэрэглээний төлбөрөө төлөөгүй, хугацаа хожимдуулсан айлын цахилгааныг таслаад байдаг. Ер нь хэрэглэгчийн цахилгааныг таслахаа больсон юм биш үү? 
-Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг таслах эрх ямар ч СӨХ, орон сууцны конторт байхгүй. Зөвхөн манай компани Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Энэ хүрээнд  эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн цахилгааныг таслах эрх бий. Гэтэл орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдийн хэрэглээг нь хязгаарлаж байгаа юм. Тэд  ус, дулааны болон бусад төлбөр тооцоогоо барагдуулахын тулд  цахилгааныг нь таслаад байгаа хэрэг. 
-Хэрэглэгчид болохоор танайхыг л тасалчихлаа гээд байдаг шүү дээ.
-Тийм. Тэдний гаргаж байгаа  хууль бус үйлдлийн хохирогч нь хэрэглэгчид болж байгаа юм. Гэхдээ хэрэглэгч СӨХ, орон сууцны компани гэрлийг нь тасалсан гэдгийг ойлгохгүй манайд бухимдлаа илэрхийлдэг. Энэ нь бас аргагүй. Цахилгаанаа таслуулсан айл манайд хандаж буцааж залгуулна. Тодорхой хэмжээний төлбөр төлнө гээд зардал, чирэгдэл болдог. Тиймээс манай компани ОСНААУГ, СӨХ-ийн дээд зөвлөлд хандан хэрэглэгчдийг хохироон бухимдуулж, эрчим хүчийг тасралтгүй түгээн борлуулах  үйл ажиллагааг маань тасалдуулж байгаагаа зогсоохыг шаардаж албан бичиг удаа дараа явуулсан. Эдгээр газар манай гэрээт хэрэглэгчийн эрхэнд халдах нь бидний ажлын ачааллыг нэмэгдүүлж, компанийн нэр хүндэд халдаж байгаа юм.  
-СӨХ, орон сууцны компаниудад  арга хэмжээ авах хууль, журам бий юу? 
-Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг дур мэдэн тасалсан нэр бүхий орон сууцны контор, СӨХ-ноос бид дутуу түгээгдсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэхэмжилнэ. Цаашлаад шүүхэд хандах хүртэл арга хэмжээ  авна. Иргэд ч гэсэн хэрэглээгээ хязгаарлуулж, хүндрэл учруулсан тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон бусад газарт хандаж эрхээ хамгаалуулахыг уриалж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.