Шалгарсан төслүүдэд 135 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно

2016.03.21 Даваа №032 (2063)

М.Алтанцэцэг

Дүүргүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, бичил бизнесийн зээл олгох зэрэг төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс энэ онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхбатаас тодрууллаа.

-Ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор танай дүүрэг ямар төсөл хэрэгжүүлж байна вэ? 
-Манайд залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байраа хадгалах, аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих зэрэг зургаан хөтөлбөр, нэг төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, ажлын байр нэмэгдүүлэх төслийн хөнгөлөлттэй зээлийг “Капитал” банкаар дамжуулан олгож байна. Иргэн тав, нөхөрлөл хоршоо бол 10 хүртэлх сая төгрөгийн зээл хүсэх боломжтой. 
-Санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөр байдаг гэсэн. Санхүүгийн дэмжлэг гэхээр мөнгөн тусламж үзүүлнэ гэсэн үг үү? 
-Хувиараа аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хорих ангиас суллагдсан иргэнд зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх төслийг гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүлээн авч байна. Энэ сарын 25 хүртэл хүлээн авна. Шалгарсан төсөлд гурван сая хүртэлх төгрөгийг олгодог. Энэ жил санхүүгийн дэмжлэгт 135 сая төгрөг төсөвлөсөн байгаа.
-Санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт тэтгэврийн насны ахмадуудыг оруулахгүй байна гэсэн гомдол иргэдийн дунд байсан. Яагаад тэднийг хамруулдаггүй юм бэ?
-Энэ хөтөлбөр 35 болон түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. Тиймээс ахмад настнуудыг хамруулдаггүй. Ахмадуудад зориулсан Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл гэж тусдаа бий. Ахмад настан өөрийн ур чадвар, мэдлэгээ  хойч үедээ зааж сургах 56 цагийн хичээлийн төлөвлөгөө боловсруулж залуучуудад зааж өгнө. Үүнийхээ дүнд тодорхой хэмжээний урамшуулал авдаг юм.  
-Энэ төсөл хөтөлбөрүүдэд иргэд хэр хамрагддаг вэ. Ер нь ямар чиглэлийг илүү дэмжих бодлого барьж байна вэ?
-Өнгөрсөн жил зөвхөн манай дүүргийн хэмжээнд зуугаад хүн хамрагдаж  300 гаруй ажлын байр бий болсон. Үйлдвэр үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, үсчин гоо сайхан, гутал засвар, авто засвар хүнсний үйлдвэрлэлийг илүү дэмжинэ. Мөн барилгын материалын үйлдвэрлэл, оёдол байж болно. 
-Иргэдэд ногоо тарих газар өгч байгаа гэсэн үү?
-Бүлгийн зохион байгуулалтаар иргэд ногоо тарьж болно. Нийслэлийн Хөдөлмөрийн газар 61-ын гарам дээр газрыг нь шийдсэн. Тухайн газарт дүүрэг бүрээс 100 иргэн ногоо тарьж, намар хураасан ногоогоо борлуулж орлогоо нэмэгдүүлж болно. 20 хүн хамтраад нэг га газарт ногоо тарих бөгөөд газрыг нь хагалж, үр бордоог төслийн шугамаар өгчихдөг. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.