Дэлхийн Шилдэг сургуулиудад сурах боломж хүн бүрт нээлттэй

2016.03.18 Баасан №031 (2062)

Б.Бадамгарав

Сурах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүст зориулсан тэтгэлэгт хөтөлбөр олон бий. Засгийн газрын, гадаадын их, дээд сургуулиудын гэх мэт. Энэ удаад эдгээр тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Төрийн санхүүжилтийн тэтгэлэг
Харвард, Оксфорд зэрэг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцаж, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчин болох хүсэл залуус бүхэнд бий. Гэвч сургалтын төлбөр, амьдрах байр, амьжиргааны зардал зэрэг санхүүгийн асуудлаас болж, хүслээ биелүүлэхэд саадтай байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд тэнцсэн хүнийг төрийн сангийн санхүүжилтээр сургах тухай 78 дугаар зарлиг гаргаснаар томоохон боломж нээж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, гаднын томоохон сургуульд суралцахыг хүссэн хүн бүр тухайн сургуулийнхаа шалгуурыг хангаж, урилга авсан тохиолдолд төрийн сангийн санхүүжилтээр буюу тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой болсон юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 200 гаруй хүн хүссэн мэргэжлээрээ төрийн санхүүжилтээр сурч байна. Хэн ч ингэж сурах боломжтой бөгөөд гол нь топ 100 сургуулийн шаардлага, шалгуурыг бүрэн хангасан байх ёстой.  
Харин шилдэг 100 их, дээд сургуулийг гаргахдаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings”, “Academic Ranking of World Universities” жагсаалтыг үндэслэх тул сонгосон сургуулиа эдгээр жагсаалтын хэддүгээр байрт байгааг нягталж үзэхийг зөвлөе. Хэрэв суралцахыг хүссэн сургууль тань шилдэг 20-д багтсан байвал мэргэжил харгалзахгүйгээр 100 хувийн тэтгэлэг авах боломжтой болно. Харин 21-100-д багтсан сургуулиас  урилга авсан тохиолдолд тэргүүлэх ач холбог­долтой мэргэжлээр сурах гэж байгаа эсэхээс шалтгаалан тодорхой хэмжээний тэтгэлэг авах ажээ. Үүнд, байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжил багтана. Гэвч урилга авсан хүн бүр тэтгэлэг авна гэвэл өрөөсгөл болно гэдгийг онцолъё. Учир нь, БСШУЯ-наас хоёр шатны сонгон шалгаруулалт явуулж, тэнцсэн хүмүүст тэтгэлэг өгөх юм. 
Тэтгэлэг нь зээл хэлбэрээр олгогдох бөгөөд сургуулиа төгсөөд эх орондоо ирж, таван жил ажилласан тохиолдолд зээл төлсөнд тооцох юм. Энэ нь шилдэг мэргэжилтнүүдийг сурсан мэдсэн зүйлээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа нэг хэлбэр билээ.

Засгийн газар хоорондын тэтгэлэг
Гаднын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахыг хүссэн хүмүүст бас нэгэн бо­ломж бий. Энэ нь Засгийн газар хоорондын тэтгэлэг. Япон, Орос, Франц, Хятад, Лаос зэрэг 16 улсын их, дээд сургуульд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бака­лавр, магистр, докторт 100 хувийн  тэт­гэ­лэг­тэй суралцах боломжтой бөгөөд одоо­гоор Япон, Орос, Хятад, Унгар, Польш зэрэг улсуудын тэтгэлэг нээлттэй байгаа ажээ. 
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сур­гал­тын төлбөрөөс гадна сар бүрийн амьжир­гааны тэтгэлэг авдгаараа давуу талтай юм. 

Олон улсын нэр хүнд бүхий тэтгэлгүүд
АНУ-ын Төрийн депарментийн санхүү­жилтээр олгох “Fulbright”, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын “Chevning” зэрэг томоохон тэтгэлэгт хөтөл­бөр нь олон улсын оюутнуудад хам­гийн нээлттэй байдаг. 
Эдгээр хөтөлбөрт хам­рагдахыг тулд хэлний шалгалтын өндөр онооноос эхлээд өндөр шалгууруудыг давах ёстой. Олон үе шаттай сонгон шал­га­руулалтад тэнцсэнээр сургалтын төлбөр, байр, амьжиргааны зардал зэрэг бүхий л зардлыг даалгадаг. Ингэснээр танд зөвхөн сурах л үүрэг үлдэж байгаа юм. Түүнчлэн эдгээр хөтөлбөрөөс гадна тухайн сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр ч зарлагддаг тул өөрийгөө сориод үзээрэй. 
Эдгээр тэтгэлэгт хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.meds.gov.mn сайтын Гадаадад суралцах хэсгээс аваарай.

Дэлхийн шилдэг 20 их, дээд сургуулийн жагсаалт (2015-2016)

1. California institude of technology 
2. University of Oxford 
3. Stanford university 
4. University of Cambridge 
5. Massachusetts institude of technology 
6. Harvard university 
7. Princeton university 
8. Imperial college London 
9. ETH Zurich – Swiss Federal Institute of Technology Zurich 
10. University of Chicago 
11. Johns Hopkins university 
12. Yale university
13. University of California, Berkeley
14. University college London
15. Columbia university
16. University of California, Los Angeles
17. University of Pennsylvania
18. Cornell university
19. University of Toronto
20. Duke university


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.