Сурах бичгийн агуулгад шашны нөлөө орох ямар ч боломжгүй

2016.03.18 Баасан №031 (2062)

Б.Бадамаа

Сурах бичгийн агуулгад шашны зүй бус агуулгатай, үзэл суртал орсон байдаг гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ. Энэ асуудлаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт ашиглаж буй сурах бичгийг зохиосон багш нарын төлөөлөл мэдээлэл хийц­гээсэн юм. Сургалтын төлөвлөгөө, сурах бичиг боловсруулахад МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, судлаачид мөн боловсролын  шат  шатны байгуул­лагаас төлөөлөл багтсан мэргэжлийн баг ажилладаг, иймээс шашны үзэл суртал орох ямар ч боломжгүй гэдгийг тэд онцлон дурдлаа. 
Түүнчлэн “Олон нийтийн сүл­жээнд тархаад байгаа зүй бус үг хэллэг, агуулгатай номуудын талаар мэдээлэл хайж үзэхэд хоёр жилийн өмнө гарч байсан юм билээ. Эдгээрийг Наранбаатар гэдэг хүн эмхэтгэж, “Шинэ өнгө” хэвлэлийн компанид хэвлэсэн байсан. Зүй бус утга агуул­гатай эдгээр номын асуудлыг тухайн үед Соёл, спорт аялал жуулч­лалын сайд Ц.Оюунгэрэл шийдээд, хариуцлага тооцсон байдаг” гэсэн юм. Мөн олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлыг үгүйсгэж, шашны суртал ухуулга мэтээр олон нийтэд ойл­гуу­лахыг хичээж байгаад харамсч  бай­гаагаа багш нар илэрхийлж байв.

Энэ талаар сургалтын хөтөлбөр боловсруулах багт ажилласан гишүүд дараахь тайлбарыг хийлээ. 
МУБИС-ийн доктор, профессор Ц.Өнөрбаян: -Би сүүлийн 30-аад жил боловсролын хөтөлбөрт оролцож байна. 1990 оноос хойш хэд хэдэн удаа шинэчлэл хийсэн. Боловсролын шинэчлэлийн үе шат бүрт эх хэлний боловсролын агуулга, мөн чанарын талаар заавар өгдөг ямар ч Засгийн газар байгаагүй. Тийм учраас эх хэлний боловсролын агуулгад алдаа гарсан байвал боловсруулсан багийнхны алдаа дутагдал болохоос биш дээрээс өгсөн заавар биш.
ШУ-ы доктор О.Пүрэв: -Ерөн­хий­лөгчийн 103 дугаар зарлигаар 2010 онд ерөнхий боловсролын сур­гуульд “Иргэний боловсрол” хи­чээлийг сургалтын хөтөлбөрт багтаан судлуулах болсон. Иргэний боловсрол, түүх нийгмийн ухааны боловсрол нь байнга шинэчлэгдэж байх ёстой. Хөгжил үүнийг шаарддаг. Бид энэ хичээлийн хөтөлбөрийг боловс­руулахдаа дэл­хий дахинд бай­даг жиш­­гүүдээс сайн талуудыг нь авч нийлэг­шүүлж авсан. Хөтөлбөрийн шинэч­лэл нь өмнөхтэйгөө залгамжтай байгаа. Хичээлээр дамжуулан ний­гэмд оролцоотой, эрх үүрэг, ардчил­лын үнэт зүйлсийг мэддэг иргэн төлөвшүүлэхийг зорьж байна. Сур­галтын хөтөлбөрт шинэчлэл  хийснээр хүүхдүүд асуудлыг шийд­вэрлэх, аливааг шинжлэн судлах гэх зэрэг олон чадварт суралцаж байгаа.
104 дүгээр сургуулийн багш Б.Ганцэцэг: -Иргэний боловсрол хичээл орсноор багш нарт хүүхдүүдээ сонсох боломж гарсан. Энэ хичээл бол сурагчдын хамгийн дуртай хичээл болсон. Ярих чадварт суралцаж, өөрийгөө нээж чаддаг. Сурах бичиг боловсруулах явцад биднээс санал байнга авдаг. Тэрнээс биш шууд л дээрээс “Энэ сурах бичгээр хичээлээ заа” гэж тулгадаггүй. Багш нар заах хичээлийнхээ сурах бичгийг өөрсдөө зохиодог гэсэн үг. Номон дээр, то­хиолдлууд дээрээ ярилцаж, санал бодлоо солилцдог. Үр дүн нь сайн гарч байгаа.
Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Энхтогтох: -Математикийн болон байгалийн ухааны сурах бичигт шашин, сүнс, улс төрийн агуулга огт байхгүй. Байгаа мэтээр ярьж, бичиж байгаад харамсч байна. 
МУИС-ийн багш О.Итгэл: -Олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа сүнстэй бодлогыг олон улсын комисс зохиосон. Үүнийг Монголоос өөр олон улсад сүнс гэдэг утгаар нь орчуулсан байдаг. Энэ бол “Кенгуру” уралдааны материал. Сурах бичигтэй огт хамаагүй. 
Одоогийн байдлаар 64 орны зургаан сая хүүхэд энэ уралдаанд оролцдог. Энэ сүнстэй холбоотойгоор хүүхэд айх зэрэг ямар нэгэн асуудал гараагүй гэдгийг олон улсын уралдаан зохион байгуулах холбооны захирал надад хэлсэн.

Боловсролын хүрээлэн­гийн эрдэм шинжилгээний ажилтан У.Туяагаас сурах бичиг боловсруулах тухай зарим зүйлийг тодрууллаа.
-Сурах бичгийг боловсруулахад мэргэжлийн  баг томилдог гэж бай­на. Багийг ямар шалгуураар бүр­дүүлдэг вэ?
-Түүх, нийгмийн ухааны сур­галтын хөтөлбөрийг 30-аад хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулсан. Үүнд шинжлэх ухааны доктор хоёр, боловсролын доктор 10 байгаа. Мөн багш нар, Боловсролын үнэл­гээний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын төлөөлөл орсон. Энэ мэтчилэнгээр сурах бичиг боловсруулах багийг бүрдүүлэхэд тухайн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүсийг томилдог. Тодруулбал, дэлхийн түүх, Монголын түүхийн эртний үе, дунд үеийг судалдаг хүн хэн хэн байна, нэмээд заах багш нар гэх зэргээр мэргэжлийн олон хүнтэй, төлөөлөлтэй баг бүрдүүлдэг. 
-Ямар үе шаттай явагддаг юм бэ? 
-Баг бүрдсэний дараа хамгийн түрүүнд судалгаагаа хийдэг. Өмнөх мэдээллүүддээ анализ  хийнэ.  Дараа­гаар нь боловсруулалтын ажил­даа ордог. Ингэхдээ лаборатори сур­гуу­­­лиуддаа очиж багш нарынхаа са­налыг сонсоно. Хичээлээ зааж, хүүх­дүүдийнхээ нас, сэтгэхүйн онц­логийг хамгийн сайн мэддэг багш нарын санал маш чухал учраас тэдний санал бодолд тулгуурлан засварладаг. Ингэж олон шат дамжлага явсаар хамгийн сүүлд БСШУЯ-нд баталж өгөх хү­сэлтээ өгдөг. Тэр болтол яамнаас сурах бичгийн агуулгын тухайд оролцоо байхгүй. 
-Ирэх жил сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх үү. Шинэ сурах бичгүүд гарах болов уу?
-Энэ тухай  би хэлж мэдэхгүй байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.