САЛХИАР НАЙГАХ УУ, БОДЛОГООР ХӨГЖИХ ҮҮ

2016.03.14 Даваа №029 (2060)

С.ШИЙЛЭГТӨМӨР

Яг энэ өдрүүдэд улс төрийн намууд сонгуульд оролцох бодлогоо, тодруулбал мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Тэд юу амлахаас Монгол Улс хөгжих үү, үгүй юү гэдэг нь хамаарна. Бодлогогүй амлалтын золиосыг улсаараа үүрдэг учраас намуудын мөрийн хөтөлбөрт зориулах санал байна. Энэ тухай өгүүлэхийн өмнө 2008 оны сонгуулийн өмнө, одоогоос найман жилийн тэртээх амлалтыг нэхэн саная. Тэгэхэд АН сонгогчдод нэг сая төгрөгийн хувьцаа амлахад МАН давуулж 1.5 сая төгрөг бэлнээр өгнө хэмээн ялж байлаа. Үр дүнд нь Оюутолгойгоос олсон мөнгөө, нүүрсний үнийн өсөлтийн хаялгаа хамтад нь хамж аваад 21 мянган төгрөгийн халамж болгон тарааж дуусгасан. Үлдсэн мөнгө, унасан ашиг юу ч байхгүй. Өөрөөр хэлбэл, бодлогогүй амлалт улсаа нураадаггүй юм гэхэд хөгжлөө хойш татдаг гэдгийг энэ жишээ баталдаг. 

Одоо ахиад сонгууль болох гэж байна. Хэдийгээр улс орны чадамжаас давсан бэлэн мөнгөний амлалт өгөхийг хуулиар хориглосон ч намуудыг бас төгс амлалт өгнө гэж итгэхэд бэрх. Тэр тусмаа бэлэн мөнгөний амлалтаас ч илүү сөрөг үр дагавар үүсгэдэг нэг хүчин зүйл бол төрийн бодлогын залгамж чанар алдагдах явдал. Сонгуулиар ялалт байгуулсан нам өмнөх эрх баригчдынхаа бодлогыг үгүйсгэж, өөрсдийнхөө боловсруулсан хөтөлбөрийг зөв гэж зүтгүүлдэг. Ингэснээр төрийн бүх ажил дахин шинээр эхэлж, өмнөх амжилтаа ч ухраасан тохиолдол бий. Энэ жишиг аль ч намын үед, бүр бүх Засгийн газрын үед үйлчилж, Монгол Улс дөрвөн жил тутамд дахин шинээр хөгжлийн бодлогын эхлэл цэгээ хатгадаг болсон. Тиймээс ч энэ байдлыг таслан зогсоох зорилготой Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг УИХ батлан гаргасан гэдгийг намуудад сануулъя. 
Ямар нам засгийн эрхэнд гарснаас үл хамаарч төрийн бодлого нь тогтвортой, тууштай байх агуулгатай энэ хуульд нийцүүлж намууд амлалт өгдөг, шинэ Засгийн газар нь хэрэгжүүлдэг болчих­вол хөгжлийн эхлэл цэгээ дөрвөн жил тутам шинээр хатгах, бус үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Үр дүнг нь ч улсаараа хүртэнэ. 
Анх энэ санааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гаргаж, улмаар УИХ дахь гурван бүлгийн дарга орсон ажлын хэсэг төслийг нь боловсруулсан юм. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нарын хамтдаа боловсруулж, хамтдаа УИХ-аар батлуулсан хууль гэхээр энэ бол парламент зөвшилцөлд хүрсний илрэл. Тэгэхээр парламент дээр зөвшилцөлд хүрчихсэн хуулийн дагуу парламентын сонгуульд орох намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль­тайгаа уялдуулдаг болчихвол Монгол Улсад л хэрэгтэй. 
Бүх нам Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай уялдуулсан мөрийн хөтөлбөр боловсруулж сонгуульд оролцвол ялсан намд нь ч хэрэгжүүлэхэд хялбар. Мэдээж УИХ-аар хууль болгон баталчихсан зорилгод хүрэх арга замаа нам болгон өөрсдөө тодорхойлно. Гол нь хэдэн жилийн дараа Монгол Улс зэс хайлуулах үйлдвэртэй, хэдэн жилийн дараа аж үйлдвэрийн парктай, хэдэн жилийн дотор нефть боловсруулах үйлдвэртэй болно гэж зорьсон байна, түүндээ хүрэх нь л сонгогчдод хэрэгтэй. Түүнээс бус түрүү гарсан чихнээс сүүлд ургасан эвэр уртын үлгэрээр засгийн эрхэнд гарсан нам нь өмнөхөө үгүйсгэсээр байвал салхинд туугдахтай л адилхан болно. Хамхуул шиг хаашаа ч хамаагүй хийсээд явах уу, хөгжлийн бодлого гэсэн нэг загвараараа хөгжих үү гэдэг ирэх сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрөөс ихээхэн хамаарна. 
Дашрамд дурдахад, УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирэх дөрөвдүгээр сарын 30-наас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Түүнээс наана мөрийн хө­төлбөрөө боловсруулж Үндэсний аудитын газраар баталгаажуулсан байх ёстой. Үүнээс өмнө л намууд Монгол Улс салхинд найгах уу, бодлогоор хөгжих үү гэдгийг бодох ёстой биз ээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.