Баян-Өлгий аймагт хэн хэн нэр дэвших вэ

2016.03.14 Даваа №029 (2060)

УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгий аймаг бусдаасаа нэлээд онцлогтой. Нийт сонгогч нь үндэстний цөөнх учраас намуудад нэр дэвшүүлэх боловсон хүчин ч цөөхөн байдаг бололтой. Энэ нь 1996 оны сонгуулиас хойш тус аймгаас хэдхэн хүн УИХ-д ээлжлэн сонгогдсоноос харагдаж байна. Харин удахгүй болох УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймгаас шинэ хүн сонгогдох уу. Энэ нь аль намаас хэн хэн нэр дэвшихээс шалтгаална. 
МАН-аас нэр дэвших магад­лалтай хүмүүс нь УИХ-ын гишүүн А.Тлейхан, Аж үйлдвэрийн дэд сайд асан Ж.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан Ж.Сауле, тус аймгийн намын хорооны дарга Г.Солтан, дэд дарга А.Гыламхан, орон нутгийн сонгуулиар намаасаа нэгээр бичигдэж Иргэдийн хурлын төлөөлөгч болсон Т.Аубакир зэрэг хүмүүс юм байна. Намын жагсаалтад казах түмний төлөөлөл багтах ёстой гэж үзвэл Ж.Сауле дээрх хүмүүсийн хэн нэгэнтэй  хамт  намын  жагсаалтад багтах магадалалтай юм. Ямартай ч 2008 оноос хойш УИХ-д сууж буй А.Тлейхан гишүүн нутагтаа нэлээд нэр хүнд сайтай байгаа учраас дахин сонгогдох магадлал өндөр ажээ. Тиймээс тэрээр жагсаалтад орно гэж зүтгэхгүй нь ойлгомжтой. 
АН-ын хувьд МАН-аас арай цөөхөн хүн хоёр мандатын төлөө өрсөлдөж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, аймгийн Засаг дарга Х.Дармен, Зам, тээврийн дэд сайд асан Х.Ержан гээд л болоо. Тэдний гол өрсөлдөгч байсан Ч.Куландаг Японы Осака хотод суух ерөнхий консулаар томилсон. Одоо А.Бакей гишүүн А.Тлейхан гишүүнээс ялгаагүй нэр хүнд сайтай бай­гаагаас гад­на намын нөх­дийн­хөө итгэлийг ч сайн хүлээсэн. Энэ нь өнгөрсөн дөр­вөн жилийн хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар тасралтгүй ажилласнаас харагдаж байна. Мөн тэрээр өөрийгөө ч нэлээд өндөрөөр үнэлдэг. 2012 оны сонгуулийн дараа өөрийгөө баруун аймгуудаас сонгогдсон АН-ын ганц төлөөлөл гэж үзэн сайд болох саналтай байгаагаа намынхандаа хэлж байсан юм билээ. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон гэдэг нь ч өөрийгөө ийн үнэлэхэд нөлөөлсөн биз ээ. Ийм учраас магадгүй тэрээр намын жагсаалтад орно гэх болов уу. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нутгийнхандаа хангалттай сайн танигдсан учраас нэр дэвших боломж олдвол татгалзахгүй нь ойлгомжтой. Зам, тээврийн дэд сайд асан Х.Ержан 2012 оны сонгуулиас өмнө МАН-ын эсрэг жагсаал зохион байгуулж намынхандаа үнэлэгдэж байв. Улмаар дэд сайд болсон түүхтэй.
Баян-Өлгий аймгаас дандаа казах хүн сонгогддог учраас заавал казах түмний төлөөллийг нэр дэвшүүлж байж л ялалт байгуулах боломжтой. МАХН-д одоогийн байдлаар Баян-Өлгий аймгаас нэг суудал аваад ирэхүйц хүлээн зөвшөөрөгдсөн хүн алга. Харин сүүлийн үед тус намаас А.Алаубек гэдэг залуу нэр дэвших тухай мэдээлэл гарсан. Тэрээр нутагтаа танигдсан бизнесмен төдийгүй Герман, Голландад сургууль төгссөн өндөр боловсролтой ажээ. Мөн өмнө нь нам дотроо дэд сайдад нэр дэвшиж бай­жээ. Одоо “Дакал Фарма” компанийн гүй­цэт­гэх  захирлаар ажиллаж байгаа юм байна.

Эцэст нь нэг зүйлийг онцлоход Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдож байсан зарим хүн хэрэг түвэгт орооцолдож, улмаар гадагшаа зугтсан гэх мэдээлэл гардаг. Мөн уламжлалаа дагаж эмэгтэйчүүдэд эрх мэдэл өгөхөөс татгалзах хандлага нь өөрчлөгдсөн учраас УИХ-д анх удаа казах бүсгүй сонгогдож ч болох юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС СОНОГДСОН ГИШҮҮД
1992 он: А.Болат (МАН), Т.Султан (МАН),  Х.Володя (МАН)
1996 он: Р.Сандалхан (МАН),  Т.Султан (МАН),  А.Болат (МАН)
2000 он: Р.Сандалхан (МАН),  О.Нигамет (МАН), Х.Жекей (МАН)
2004 он: А.Мурат (АН), А.Бакей (АН), К.Сайран (АН)
2008 он: Х.Жекей (МАН), Ж.Баделхан (МАН) 
2012 он: А.Бакей (АН), А.Тлейхан (МАН)
2016: ? 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.