Б.Обама Д.Трампад өөрийгөө “дарж тоглохыг” санууллаа

2016.03.14 Даваа №029 (2060)

Х.БАТСАЙХАН

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хэтэрхий хурц мэдэгдэл хийж, иргэдийг талцуулж байгаад санаа зовж байгаагаа илэрхийллээ. Нэр дэвшигч Дональд Трамп Чикаго хотод иргэдтэй уулзалт хийх үеэр дэмжигчид, эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, уулзалтыг цуцлахаас өөр аргагүйд хүрсний дараа Цагаан ордны тэргүүн дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ “Нэр дэвшигчид ээ. Сонгогчдыг хооронд нь талцуулах, бие, биенийх нь эсрэг турхирсан мэдэгдэл битгий хийгээч. Иргэд ээ, үзэл бодлоо илэрхийлэх нь хүн бүрийн эрх боловч бусдыгаа хүндэлж, хүчирхийлэлд бүү автагдаач” хэмээн онцолжээ. 
Ерөнхийлөгч нэр цохоогүй ч иргэдийг турхирсан гол буруутан бол тэрбумтан Д.Трамп гэдэг нь ойлгомжтой юм. Тэрээр “Лалын ша­шинтнууд биднийг үзэн яддаг”, “Мексикийн цагаачдыг нэгдсэн улсад нэвтрүүлэхээ больж, одоо байгаа хууль бусчуудыг бүгдийг нь хөөж гаргах хэрэгтэй” гэх мэтээр иргэдийг турхирсан мэдэгдэл хийж байсан юм. Түүний мэдэгдэл, улстөрийн алхмууд нь стандарт бус байгааг улстөрчид шүүмжлэн ярьсаар байгаа ч ард түмний дунд нэр хүнд нь өндөр хэвээр байгаа юм. 
Сонгуультай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээнээс дуулгахад, Вайоминг мужид болсон санал асуулгад Техасын сенатор Тед Круз 66 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Флорида мужийн сенатор Марко Рубио 19 хувийн санал авсан бол нийлбэр дүнгээр тэргүүлэгч Д.Трамп ердөө долоон хувийн дэмжлэг хүлээжээ. Мөн нийслэл Вашингтон багтдаг Колумбийн тойрогт М.Руби 37, Ж.Кейсик 36 хувийн санал авсан байна. 
Нэр дэвшигчдийг төлөөлөгчийн саналаар жагсаавал Д.Трамп 456, Т.Круз 356, М.Рубио 148, Ж.Кейсик 52 саналтай явна. Сонгуульд намаа төлөөлөхийн тулд нэр дэвшигч 1237-оос багагүй санал цуглуулах ёстой юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.