Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

2016.03.14 Даваа №029 (2060)

М.Алтанцэцэг

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл явуулахгүй гэж заажээ. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 36207 сурагч төгсөнө. Харин өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим сурагч ЭЕШ өгнө гэсэн тооцоо гаргажээ. 2016 оны ЭЕШ-ын журамд дараах өөрчлөлт оржээ.  

Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д хамрагдах эрхтэй
Засгийн газраас их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө гэдэг тогтоол гаргасан. 
Энэ нь  суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны төвшинг тогтоох, сайжруулах зорилготой гэж үзэж байгаа юм.   Монгол хэл бичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон сонгох болон задгай хэлбэрийн даалгавруудаас бүрдэх аж. Мөн сурагчид монгол, англи, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгалт өгнө. 
 
Хариултын хуудасны загварыг өөрчилжээ
ЭЕШ-ын материалыг засахдаа олон улсад ашиглаж буй сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхлэхээр болжээ. Тиймээс ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилнө. Мөн хариултыг балын харандаагаар бөглөхөөр болжээ. Энэ нь буруу бөглөсөн бол баллуурдаж, эцсийн сонголтоо зөв хийх боломжийг олгох ажээ. 
Хариултын хуудасны загварыг www.eec.mn хаягнаас авч дадлага хийх боломжтой. Энэ жилийн журамд шинээр заалт  орсон байгаа. Энэ нь монгол, англи, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулсан явдал юм. 

Хураамжийг зөвхөн Хаан банкны дансаар бэлнээр төлөх боломжтой
ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг байх бол батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байна. Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандан  нэмүүлж болох юм байна. Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгч болох ч ердөө ганцхан батламж хуудастай байх ёстойг журамд заажээ. Голомт, Худалдаа хөгжлийн банк, Капитрон,  Төрийн банк, Улаанбаатар, Хас банкаар хураамжаа төлөх бол зөвхөн интернэт гүйлгээний эрхтэй  төлбөрийн картаар шилжүүлнэ. Харин Хаан банкаар дамжуулах бол бүх төрлийн гүйлгээнээс гадна бэлэн мөнгөөр төлөх боломжтой

Оноог долдугаар сарын 1-нд зарлана
ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг долдугаар сарын 1-ний өдрийн 9:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлана. Долдугаар сарын 5-наас өмнө  батламж хуудсыг тарааж дуусгасан байхаар журамд заажээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.