Ширэн бээлийтнүүд доод гурван жинд босоо байлаа

2016.03.14 Даваа №029 (2060)

Д.ЖАВХЛАН 

Сонирхогчдын боксын “А” зэрэглэлийн “Химийн цом” олон улсын тэмцээн энэ сарын 8-11-нд Германы Халле хотод боллоо. Цагтаа “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг байсан 43 дахь удаагийн “Химийн цом”-ын тэмцээнд Монгол, Герман, ОХУ, Казахстан, Хорват, БНХАУ, Англи, Йордан, Румын, Дани, Грек, Швейцарь, Египет, Чех, Голланд, Тайланд, Польш, Марокко гэсэн 18 орны 93 ширэн бээлийтэн эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Дэлхийн аварга Мароккогийн Мохаммед Раби, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт хойд хөршийн боксчин А.Замковой, Европын аварга А.Закарян, дэлхийн аваргын хүрэл медальт Тайландын У.Мансук зэрэг шилдгүүд чуулсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо. Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор манай улсын найман боксчин нударга зөрүүлснээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдэв. Тодруулбал, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар, 56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар алт, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг мөнгөн медалийн эзэн болов. Манайхан “Химийн цом”-д өнгөрсөн жил хос алтан медаль хүртэж байсан бол энэ удаа доод гурван жиндээ босоо байлаа. Түүнчлэн Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар энэхүү нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн Монголын ес, 10, 11 дэх боксчин боллоо. Тэднээс өмнө гавьяат тамирчин Н.Энхбат 1983, 1986 онд, 2006 онд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, 2007 онд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 2009 онд ОУХМ Б.Жавхлан, 2013 онд гавьяат тамирчин Н.Төгсцогт, 2015 онд ОУХМ Б.Түвшинбат, Б.Чинзориг нар тус тус түрүүлж байв. Халлегийн рингэд манай боксчид хэрхэн тулалдсаныг хүргэе.
49 кг: ОУХМ Г.Ган-Эрдэнэ ОХУ-ын Иван Абрамов, Германы Кристос Черакисийг тус бүр 3:0-ээр, Алберто Мустафиг 2:1-ээр ялж, “Химийн цом”-д анх удаа түрүүлснээс гадна иж бүрэн цуглуулгатай боллоо. “Жижиг Үүеэ” гэгддэг Ган-Эрдэнэ тус тэмцээнд 2015 онд үзүүрлэж, 2013 онд хүрэл медаль хүртэж байв. 
52 кг: “Казань-2013” “Универсиад” их наадмын аварга ОУХМ Х.Энх-Амар Халлед Мароккогийн Ашаф Харроубиг 3:0-ээр, эзэн орны Ронни Бебликийг 2:1-ээр, Хамза Тоубаг 3:0-ээр ялснаар анх удаа аваргалсан юм. 
56 кг: Өнгөрсөн жилийн Индонезийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний аварга, 19 настай ОУХМ Э.Цэндбаатар Польшийн Адриан Ковал, өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Германы Раман Шарафа, БНХАУ-ын Зан Жиавейг илт давуу буулган авснаар энэхүү нэр хүндтэй тэмцээнд анх удаа оролцож, шар өнгийн медаль зүүлээ.
60 кг: Азийн аварга ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн төлөөх тулаанд Английн Франц Каллумд 1:2-оор ялагдсан.
64 кг: Өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Б.Чинзориг аваргаа хамгаалж чадсангүй. Тэрээр Грекийн Виллем Элморфидис, Казахстаны Айдар Амирзаковыг сөхрүүлсэн ч алтан медалийн төлөөх тулаанд Английн Пэт Маккормакт 0:3-аар ялагдав.
69 кг: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат өнгөрсөн жилийн тус тэмцээнд финалд ялж байсан эзэн орны Аббас Бараоутой энэ удаа тэгшитгэлд таарч 0:3-аар ялагдсан. Түүнийг ялсан немц боксчин цааш явсаар жиндээ торолгүй түрүүлжээ. 
75 кг: ОУХМ Н.Шинэбаяр хүрэл медалийн төлөөх тулаанд Голландын Макс ван дер Пастад 1:2-оор ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн. Тэрээр өнгөрсөн жил түүнд мөн ялагдаж байв.
81 кг: ОУХМ С.Эрдэнэбаяр медальтай үлдэх эсэхээ шийдэх тулаанд жиндээ аваргалсан эзэн орны Сергей Михаэлд 0:3-аар ялагджээ.
Сонирхуулахад, “Химийн цом”-д өрсөлдсөн манай найман эрэгтэйгээс гадна эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, 6 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нарыг гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ-ын Цяньань хотод болох “Рио-2016” олимпийн наадмын Азийн бүсийн эрхийн хариуцлагатай тэмцээн хүлээж байна.

Тэмцээний дүн

49 кг (6 боксчин): 
1.Ганхуягийн Ган-Эрдэнэ (Монгол) 
2.Алберто Мустафи 
3.Кристос Черакис (хоёул Герман)
3.Харвей Хорн (Англи)

52 кг (7): 
1.Хархүүгийн Энх-Амар (Монгол) 
2.Хамза Тоуба 
3.Ронни Беблик (хоёул Герман)
3.Артур Лозников (ОХУ)

56 кг (10): 
1.Эрдэнэбатын Цэндбаатар (Монгол) 
2.Зан Жиавей (БНХАУ) 
3.Раман Шарафа (Герман) 
3.Мохамед Абделазиз Аль-Вади (Египет)

60 кг (9): 
1.Франц Каллум (Англи) 
2.Роберт Харутунян (Герман)
3.Энрико Ле Круз (Голланд), 
3.Адилет Курметов (Казахстан)

64 кг (10): 
1.Пэт Маккормак (Англи) 
2.Баатарсүхийн Чинзориг (Монгол) 
3.Айдар Амирзаков (Казахстан) 
3.Армен Закарян (ОХУ)

69 кг (16): 
1.Аббас Бараоу 
2.Арайк Марутиан (хоёул Герман) 
3.Андрей Замковой (ОХУ) 
3.Мохамед Раби (Марокко)

75 кг (8): 
1.Деенис Радован
2.Снек Паскаль (хоёул Герман) 
3.Энтони Фаулер (Англи) 
3.Макс ван дер Пас (Голланд)

81 кг (11): 
1.Сергей Михаэл (Герман) 
2.Хрвот Сеп (Хорват) 3. Матеус Трис (Польш) 
3.Полинеикис Каламарас (Грек)

91 кг (11): 
1.Рой Корвинг (Голланд) 
2.Садам Магомедов (ОХУ) 
3.Игорь Тезиев (Герман)
3.Ален Бабич (Хорват)

+91 кг (5): 
1.Филип Хоргович (Хорват) 
2.Андрей Афонин (ОХУ) 
3.Хуссейн Эшайш Лашаиш (Йордан)
3.Даниэль Таборский (Чех)


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.