Н.Төгсцогтын өрсөлдөгч рингэнд гарсангүй

2016.03.14 Даваа №029 (2060)

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогтын АНУ-ын Калифорни мужид энэ сарын 15-нд хийх тав дахь тулаан цуцлагдлаа. Учир нь түүний өрсөлдөгч Рафаэль Васкес рингэнд гарах боломжгүй гэдгээ өнгөрсөн баасан гаригт албан ёсоор мэдэгдэв. Өдгөө 38 настай Рафаэль Васкес нийт 18 тулаан хийхдээ ердөө хоёрхон ялагдсан “Хатуу самар” байв. Түүний товч намтрыг танилцуулахад, бага насандаа эцэг эхээ алдсан тэрээр гудамжны зодоон, хар тамхины хэрэгт холбогдон “Хэцүү нэрт"-д хүртэл орж байж. Тиймээс мэргэжлийн бокст нэлээд хожуу 2010 онд, 32 настайдаа анхны тулаанаа хийсэн гэдэг. Тэгвэл 17-хон насандаа дэлхийд үзүүрлэж, олимпийн алтан медалиас атгаад алдсан гавьяатын маань энэ удаагийн тулаан мэргэжлийн рингэнд анх удаа 10 раунд хүч үзэх байснаараа спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байв. Н.Төгсцогт өдгөө дөрвөн тулаан хийж, бүгдэд нь нокаутаар өрсөлдөгчөө буулган авсан. Тухайлбал, 2015 оны гуравдугаар сарын 13-нд АНУ-ын Г.Брэкстон, дөрөвдүгээр сарын 18-нд Мексикийн М.Рубалкаваг эхний үед, наймдугаар сарын 3-нд Мексикийн А.Бадильог гуравдугаар үед, арванхоёрдугаар сарын 3-нд Мексикийн П.Мелог хоёрдугаар раундад тус тус хүнд цохилтоор ялсан. Н.Төгсцогтын эхний хоёр тулаан зургаан раунд, дараагийн хоёр нь найман раунд тулалдах байсан ч манай гавьяат дөрвөн тулаанд нийт долоон раунд л зарцуулсан байна.   

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.